Мардайн уурхайд гараад нам дарагдсан хэрэг
Дорнод аймгийн төв Чойбалсан хотоос чанх хойшоо 130 км газарт социалист нийгмийн үед нэгэн онц, нууц зэрэглэлийн бүс оршин байсан нь Мардайн ураны орд буюу “Эрдэс” хотхон байлаа. Газрын зураг дээр ч тэмдэглээгүй нууцалсан эл хотхоныг 1983 онд цөмийн бөмбөгөөр газрын хөрсөөс арчих төлөвлөгөө Бээжингийн цэрэг дайны стратегийн хэтийн төлөвлөгөөнд тусган баталсан байсан гэдэг.
Тухайн үед тал бүрээсээ зэвсэглэсэн харуул хамгаалалтаар чанд хүрээлэгдсэн “Эрдэс” хотхон 10 мянга гаруй оршин суугчтай, Зөвлөлт Холбоот улсаас эрчим хүч авдаг, цахилгаан тасалдлаа гэхэд хэрэглэх “нөөц” станцтай, хүнсний үйлдвэр болон “Эрдэс” брэндийн ундаа хүртэл хийдэг жинхэнэ амьдрал буцалсан газар байсан гэдэг. 1981 оноос ураны далд олборлолтоо явуулж эхэлсэн уг хотхоноос 1985 он хүртэл 4 жилийн хугацаанд 400 мянга орчим тонн уран олборлон төмөр замаар Краснокаменскийн уурхайд аваачиж, Приаргуны үйлдвэрт боловсруулж байсан гэдэг.
Уурхайн газар доогуур 10 мянган метр урт газар доогуур сүлжилдсэн хонгилын хаа нэгтээ нь тухайн үед ЗХУ-ын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу алах ял сонссон хоригдлуудыг хорьдог шорон байсан бөгөөд ураны уурхайн хортой, хүнд хэсэгт тэднийг ажиллуулан аажмаар үхэлд хүргэж, цааш нь харуулдаг байсан гэдэг билээ. Тухайн үед уг явдлыг маш нууц зэрэглэлд хамааруулж, чанд хадгалдаг байсан учраас “Эрдэс” хотхоны оршин суугчид ч өөрсдөө уурхайн гүнд цаазын ялтай 200 гаруй хоригдол ажилладаг тухай огтхон ч мэддэггүй байжээ.
Ураны уурхайн олборлолтод ямар ч хамгаалах баг, хэрэгсэлгүй нүцгэн гараараа ажиллаж байсан цаазын ялтнууд нэг сараас илүү тэсэлгүй үхдэг учраас 2 сард 1 удаа ЗХУ-ын гүнээс битүүмжилсэн хамгаалалттай цуваа ирж, цаазын ял сонссон, шинэ хоригдлуудыг буулгадаг байжээ.
1984 оны хаврын нэг өдөр байнгын хамгаалалттай “Эрдэс” хотхоны гадуурх харуул хамгаалалт улам бүр хүчээ нэмэгдүүлэн Дорнод аймгийн Дашбалбар сумын нутаг дахь модтой уулаас гэнэтхэн л хуягт танк бүхий армийн анги салбарууд бууж ирээд Мардайн уурхайг тэр чигээр нь 7 хоног бүслэн хаасан хачирхалтай үйл явдал болжээ. Тэрхүү 7 хоногийн хугацаанд “Эрдэс” хотхоноос зүүн тийшээ Чингисийн далангийн өртөөний зүг нэг ч галт тэрэг явсангүй. Уг нь өмнө нь өдөр болгон ураны баяжмал ачсан битүү чингэлэгүүд 60-100 вагоноор тасралтгүй цувж байдаг юмсан. Ийнхүү Мардайн маш нууц уурхай гэнэтхэн буутай цэргүүдэд бүслэгдэж, 7 хоног ажлаа зогсоосны учир нь саяхнаас тодорхой боллоо.
Тухайн үед уурхайн дотоод харуул хамгаалалтад ажиллаж байсан орос офицерүүдийн зарим нэг нь Владисвостокийн төв хэвлэлүүдэд энэ хачирхалтай түүхийг өгүүлжээ. ЗХУ-ын Коммунист намын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, ЗСБНХУ-ын Дээд зөвлөлийн Тэргүүлэгчдийн дарга Ю.В.Андропов таалал төгссөн яг тэр үед алс холын, бөглүүд Монголын зүүн хязгаар дахь уурхайд алах ял заагдсан онц, аюултай гэмт хэрэгтнүүдийн бослого санамсаргүй дэгдэж, уурхайг бараг л хяналтдаа авах шахсан байна. Уг үйл явдал өрнөхөөс 20 хоногийн өмнө ЗХУ-ын гүнээс шинээр ялтан тээж ирэхэд коммунист орны эрүүгийн хэрэгтнүүдийн адисласан (загалмайлсан) эцгүүдийн нэг гэгддэг литов гаралтай рецидив гэмт хэрэгтэн “Загалмай” хочит Мальтив хэмээх дархлагдсан хулгайч хүргэгдэн иржээ.
Уурхайн гүнд барьсан бетонон шалтай төмөр шорон дотор үхэх үйл нь ирсэн 200 гэмт хэрэгтэн бүгдээрээ ажилд гараагүй үедээ 2 хөл, 2 гар нь төмөр гинжтэй хоригдож суудаг байж. Тэд хүнд, хортой ажил хийдэг учир уурхайн захиргаанаас хоол унд, тамхи тариагаар чинээнд нь тултал хангаж байсан гэдэг. “Загалмай” хочит Мальдив ирсэн цагаасаа хойш зүгээр суулгүй эндээс оргож гарах бүхий л арга чаргыг зохиож эхэлсэн байна. Уг уурхайн хортой нөхцөлд хамгийн бие сайтай хоригдол ч 50-60 хоноод л цусаар бөөлжин үхдэгийг тэрбээр олж мэдсэн учраас үхэхээсээ өмнө шийдсэн мэхээ хийж, харуул хамгаалалтыг гэнэт довтлон буу зэвсгийг нь булааж тэмцэлдэхээр шийдсэн байв.
Уг санааг нэгэнт үхэх хувь заяатай бусад цаазын ялтан ч санаа нэгтэй дэмжжээ. Мальдивын хамт битүүмжилсэн чингэлгээр Гаврил, “нохой” Сердюк хэмээх 2 ялтан ачигдан ирсэн бөгөөд тэд ямар ч гав цоожийг хэдхэн мөчийн дотор хэнд ч анзаарагдалгүй нээдэг, хосгүй авьяастай мэргэжилтнүүд байжээ.
Орой ажил тарах үеэр хоригдлуудыг жижигхэн чиргүүл вагоноор төмөр шоронд нь хүргэн авчирч, автомат бууны аман доор тор луу нэг нэгээр нь оруулдаг байжээ. Мальтив энэ бүхнийг харгалзан үзээд юуны өмнө ажил тарах үеэр бус харин оройн тооллого хийж, ЗХУ-ын төрийн дууллыг дуулах үеэр бослогыг эхлүүлэхээр шийдсэн байна. Ажил тарах үеэр ялтнуудыг нийтдээ АКМС-ээр зэвсэглэсэн 50 харгалзагч тор луу оруулдаг бол харин оройн тооны үеэр харьцангуй цөөн ердөө 14 буутай харгалзагч л бүгдийг жагсаагаад буцааж оруулдаг байж.
Хоригдлууд удахгүй болох гэж байгаа үйл ажиллагаанд бэлтгэн хоолны халбага, таваг зэргийг гялайтал ирлэж, зэвсэг болгон бэлтгэсэн байж. Ингээд 4-р сарын 12-ны оройн тооны үеэр төмөр заалын тогийг зориуд тасалж, нэг хэсэг цахилгаангүй болгохоор зэхсэн байв. Мөн тооны өмнөхөн Сердюк, Гаврил хоёрын хийсэн нууц түлхүүрээр 10 шийдмэг хоригдол гав гинжээ тайлсан ч харгалзагч нарын нүдэнд зүүж яваа мэтээр харагдуулахаар зэхсэн байлаа. Ингээд оройн тоо дуусч, ЗХУ-ын төрийн дуулал эхэлмэгц цахилгаан тасарна, яг тэр үеийг ашиглан харгалзагч нарын зүг асар хурдтай дайрахаар шийдсэн байжээ.
4-р сарын 12-ны хүсэн хүлээсэн мөч ч ирлээ. Гэхдээ тэр өдөр өмнө нь оройн тоон дээр огт авчирдаггүй байсан 6 овчарк нохойг хөтөлж ирсэн нь хоригдлуудын тооцоонд ороогүй үйл явдал болжээ. Гэвч төлөвлөгөөнөөсөө буцах арга байсангүй. Ингээд төрийн дуулал эхэлж, тог тасармагц сул чөлөөтэй хоригдлууд ишинд нь чулуу уяж хүндрүүлсэн хутга, хоёр талыг нь ирлэсэн төмөр тавгуудыг харгалзагч цэргүүдийн зүг сүнгэнүүлж эхэлсэн байна. Түүнтэй зэрэг гинжнээсээ мултарсан ялтнууд шууд цэргүүд рүү үсрэн дайрахад тусгай сургуулилттай овчаркууд өмнөөс нь угтан довтолжээ. Энэ үеэр нэг офицер урт ээлжээр гал нээж, бөөн үймээн шуугиан болоод явчихлаа. Тог тасарсан яг тэр үед автоматаар өөрөө асдаг шоронгийн нөөц гэрэл мэлсхийн ассан байна. Хоригдлуудын хутганд өртөж амжаагүй 2 овчарк энэ үеэр сүүлээ хавчин хонгилоор зугтааж амжжээ. Хоригдлууд агшин зуур 14 цэрэг, офицертой нь хамт дуу ч гаргалгүй нухаж амжсан байна.
Гэвч уурхайн хамгаалалтынхан тэр даруй түгшүүр авав. Шоронгийн ойролцоо автоматын урт ээлжээр шүрших дуу гарсны дараа цус нөжиндөө хутгалдсан 2 овчарк дараагийн ээлжийн пост руу давхиж ирсэн учраас бүгд тэр даруй түгшүүр авчээ. Энэ үед уурхайн гол шоронд байсан 200 гаруй цаазын ялтнууд бүгд гав гинжээсээ салж чадсан төдийгүй 14 автомат, 2 гар буугаар зэвсэглэсэн эхний хэсэг нь шоронд хамгийн ойрхон байсан 25 хүнтэй харуулын постыг сэхээ авч амжаагүй байхад нь гэнэт дайран орж, энд тэндгүй буудалцаан, гардан тулаан болсон байна.
Үүний үр дүнд 2-р постын 19 цэрэг офицер алагдаж, 2 хүн олзлогдсон бөгөөд цаазын ялтнуудаас 18 нь амиа алджээ. Харин үүний дараа уурхайн хамгаалалтын бүх цэрэг байлдааны бэлэн байдалд орж чадсан учраас зэвсэглэсэн ялтнуудыг дараачийн пост руу халдах гэхэд нь 45 мм-ийн калибрын 2 хүнд пулемётоор онь холбон галлаж, бараг 30 хүнийг газар дээр нь нам унагасан учраас хоригдлууд ухарсан байна.
Төдөлгүй хоригдлуудыг удирдаж байсан Мальтив өрмийн цооногийн машинаар зэргэлдээх 2В гэдэг цооног руу нэвт цоолон орж ил ураны хэсэг дээр очиж чаджээ. “Хэрэв хоол хүнс, зэр зэвсэг өгөхгүй бол 20 минутын дараа ил ураныг дэлбэлж, Эрдэс хотхоныг агаарт нисгэнэ” гэж тэрбээр сүрдүүлэв. Нэгэнт цаазын ялтай, үйлдсэн хэрэг нь буудуулахад хангалттайг сайн мэдэж буй хоригдлууд ил ураныг дэлбэлж чадах учраас оросууд эхлээд тэдний шаардсан хоол хүнсийг 150 ширхэг автомат буу, сум хэрэгслийн хамт дөхүүлж өгсөн байна. Ийнхүү ялтнуудыг саатуулж байх хооронд ЗХУ-аас хамгийн хүнд хэцүү даалгаварт бэлтгэгдсэн СМЕРШ-ийн тусгай дайчид хүрэлцэн ирсэн ажээ.
Ялтнууд 2 хоногийн дараа уурхай руу 6 ширхэг хуягт танк оруулж өгөхийг шаарджээ. Гэмт хэрэгтнүүд хуягт танк ашиглан уурхайн хамгаалалтыг сэтлэн зугтаах гэж байгааг уг уурхайд хүрэлцэн ирсэн ЗХУ-ын Батлан хамгаалах яамны удирдлагууд гадарлаад “Эхний удаа 2 танк оруулж өгье. Хариуд нь олзонд байгаа 3 цэргийг авъя” гэсэн болзол тавьжээ. Хоригдлууд нэлээд бодсоны эцэст 2 танк дээр ахиад 3 хоногийн хоол хүнс, 5 авдар спирт авах хүсэлт тавьсан нь сонирхолтой. Уг хүсэлтийг орос дарга нар туйлын дуртай хүлээж авсан төдийгүй 5 авдар спиртийг нь бүр 10 авдар болгон ахиулаад явуулсан байна.
Эдүгээ дахин ашиглах нь тодорхой болоод байгаа Мардайн ураны ордод 30 гаруй жилийн өмнө гарсан энэхүү үйл явдал нь Оросын цэрэг Монголд байрлаж байхад гарсан хамгийн том гэмт хэрэг яахын аргагүй мөн билээ.
Шарайд Цэрэнгийн Болдтөмөрийн “Миний Баяндун” номоос
URL: