Зам тээврийн салбарт хууль бус томилгоо хийдгийг АТГ илрүүллээ

Авлигатай тэмцэх газраас томилогдсон ажлын хэсэг Зам тээврийн хөгжлийн яаманд ажилласан тайлангаа өнөөдөр хэлэлцүүллээ. Тайланг хэлэлцүүлэхэд Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргал, Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоо, Улсын ерөнхий аудиторын зөвлөх А.Энхбат болон Зам тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ, тус яамны газар, хэлтсийн дарга нар, харьяа агентлагийн удирдах албан тушаалтнууд оролцлоо.

 46

Авлигатай тэмцэх газрын Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэрэхээр ахлуулсан ажлын хэсэг Зам тээврийн хөгжлийн яам болон түүний харьяа агентлагуудын 2015 оноос хойшхи үйл ажиллагаатай танилцсан юм.

Тус яаманд төрийн захиргааны албан тушаалд гэрээгээр 9 хүн томилсон байх бөгөөд эдгээр 9 албан тушаалтан нь хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ хуульд заасан хугацаанд буюу тухайн албан тушаалд томилогдсоноос хойш 30 хоногийн дотор гаргаагүй хугацаа хоцроосон байна. Мөн салбарын хэмжээнд 5 хүний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг Авлигатай тэмцэх газраар хянуулалгүй албан тушаалд томилсон, яамны ажилтан, албан хаагчдын үр дүнгийн гэрээний урамшуулалд 2015-2016 онд 508 сая төгрөг зарцуулсан, ИНЕГ-т сүүлийн 3 жилийн хугацаанд удирдах болон гүйцэтгэх албан тушаалд нийт 469 албан хаагчийг ямар нэгэн сонгон шалгаруулалт зарлалгүйгээр шууд томилсон, тус салбарт боловсон хүчний халаа сэлгээ ихтэй, хувь хүний үзэмж болоод улс төр, намын харьяаллыг харгалзан томилох асуудал их гардаг, тендер шалгаруулалтыг хязгаарлагдмал тендер шалгаруулалтын журмаар зохион байгуулсан нь худалдан авах ажиллагааны тухай хууль тогтоомжийг зөрчсөн, зарим нэр бүхий тендерт  өөр хоорондоо холбоо хамааралтай хоёр компанийг оролцуулсан байж болзошгүй, “Монголын хөлөг онгоцны бүртгэл” ХХК-ийн орлого төвлөрүүлэлт, зарцуулалт, гэрээний үүргийн биелэлтэд тавих хяналт сул, чиг үүрэг, статус нь тодорхойгүй байх тул холбогдох асуудлыг хууль тогтоомжид нийцүүлэх талаар Ажлын хэсгээс танилцууллаа.

Мөн тус яам, агентлагаас үзүүлж буй төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай, ил тод болгох, ялангуяа тусгай зөвшөөрөл болон улс хооронд ачаа, зорчигч тээвэрлэх зөвшөөрөл олгох үйл ажиллагааг цахимжуулах нэн шаардлагатай бөгөөд зарим ажил, үйлчилгээг мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагад шилжүүлэх талаар судалгаа хийж хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага байгааг танилцуулсан.

Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоо “Энэ мэт хууль зөрчсөн үйлдлүүдийг залруулах ёстой. Төрийн захиргааны албан тушаалд 9 хүн гэрээгээр ажиллаж байгаа нь төрийн албаны сонгон шалгаруулалтын зарчмыг зөрчсөн үйлдэл. Ийм явдал байж болохгүй. Авлигатай тэмцэх газрын ажлын хэсгүүдээс гаргасан санал, зөвлөмж, шийдвэрийг Төрийн албаны зөвлөл цаашид өөрийн хамаарах ажил үүргийн хүрээнд анхаарч, хамтран хэрэгжүүлэх болно. Төрийн албаны зөвлөл Авлигатай тэмцэх газар шиг ингэж төрийн бүх байгууллагууд руу орж ажиллахаар төлөвлөж байгаа. Энэ ажлыг эсэргүүцэж болохгүй. Энэ бол та нөхдийг хууль зөрчиж гэмт хэрэгт холбогдохоос сэргийлж байгаа арга хэмжээ шүү” гэж хэлэв. Ерөнхий аудиторын зөвлөх А.Энхбат “Зам тээврийн салбарт хуулиас давсан журам үйлчлээд байна. Яам болон агентлагийн 2015, 2016 оны төсвийн гүйцэтгэлд аудит хийсэн. Төсөв хэтэрсэн, хэтрүүлсэн асуудал байгаа. Хууль бусаар ажлаас халагдсан хүмүүсийн нөхөн олговорт 155.2 сая төгрөг зарцуулсан байдаг. Энэ мэт зөрчил олон байгаа учраас танай салбарт тусгайлан санхүүгийн болон эрсдлийн аудит хийх болно” гэлээ.

Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргал “Энэ оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн шинэ хуулиар авлига, албан тушаалын гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй болсон. Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсвэл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө болон бусдад давуу байдал олгосон бол гээд хүлээлгэх ял шийтгэлийг заагаад өгчихсөн. Хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэдэг нь заавал тодорхой хохирол шаардахгүй гэсэн үг. Тэгэхээр төрийн албан хаагчид аа, та бүхнийг авлига, албан тушаалын гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд бид энэ ажлыг зохион байгуулж байгаа юм. УИХ-аар Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлагдсаныг та бүхэн мэднэ. Энэ хөтөлбөрийг үндэсний хэмжээнд үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд төрийн байгууллагууд ямар түвшинд байгааг үзэж харах нь бидний хоёр дахь зорилго. Бид та нарын мууг үзэх гэж, эсвэл ажил хийсэн болж нийгэмд харагдах гэсэндээ энд суугаагүй юм шүү. Шинээр гарсан хууль тогтоомжтой танилц, сургалт ав. Бид авлигатай тэмцэх ажлыг иргэд, олон нийтийн хяналтад өгөх бодлого хэрэгжүүлж байгаа. Танай салбарт 3 иргэн та нарын үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллана. Тэр хүмүүс бол Олон нийтийн хяналтын дэд зөвлөлийн гишүүд юм шүү” гэж хэлэв.

Авлигатай тэмцэх газрын ажлын хэсгүүд яам, агентлагт ажилласан тайлан, дүн мэдээндээ үндэслэн Засгийн газарт зөвлөмж өгөхөөр бэлтгэж байгаа юм. Зам тээврийн салбарын хэмжээнд дараах хэд хэдэн чиглэлээр зөвлөмж хүргүүлэхээр хэлэлцүүлгийн төгсгөлд шийдвэрлэлээ. Тухайлбал, Иргэний нисэхийн ерөнхий газрын одоогийн статусыг өөрчлөх, навигацийн орлогыг хянах, “Монголын хөлөг онгоцны бүртгэл” ХХК-ийн үйл ажиллагаанд санхүүгийн байгууллагаар мэргэжлийн үнэлэлт, дүгнэлт гаргуулах, хууль тогтоомжийн хүрээнд ил тод байдлыг хангуулах,  гэрээт ажилтнууд олноор ажиллуулж байгааг хууль тогтоомжид нийцүүлэх арга хэмжээг авах, Засгийн газраас баталсан бүтэц, орон тооны тогтоолыг зөрчиж газар, хэлтсийн дор “Алба” гэсэн нэгж ажиллуулж удирдах албан тушаалтны орон тоог нэмж байгаа зөрчлийг арилгуулах зэрэг зөвлөмжийг Засгийн газарт хүргүүлэхээр тогтов.

ЭХ СУРВАЛЖ: http://www.iaac.mn


URL:

Сэтгэгдэл бичих