Ахмад ажилтнууддаа хүндэтгэл үзүүллээ
Олон Улсын Ахмадын баярын өдрийг тохиолдуулан Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас дүүргийнхээ бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэд гар бие оролцож явсан ахмад ажилтнуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. Хүндэтгэлийн арга хэмжээг дүүргийн Засаг дарга Т.Баясах нээж, үг хэлсэн юм. Тэрбээр, “Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас тэтгэвэрт гарсан ахмад ажилтнуудтайгаа уулзаж, та бүхнийхээ санал санаачлагыг сонсдог уламжлалтай. Бидэнд зааж зөвлөж, урмын үгээр тэтгэн дэмжиж байдаг ахмадууддаа баярлалаа. Та бүхнийхээ зөвлөгөөг үргэлж сонсч, цаашид улам нээлттэй хамтарч ажиллах болно” гэлээ.
Хүндэтгэлийн уг арга хэмжээнд дүүргийн Засаг даргын Тамгын газраас өндөр насны тэтгэвэрт гаргасан 100 гаруй ахмад оролцсон юм. Тэдний төлөөлөл болох ахмад ажилтан Л.Цэвэгдоржийг Баянзүрх дүүргийн “Хүндэт тэмдэг”-ээр, Д.Мөнгөн, Д.Янжин нарыг Засаг даргын өргөмжлөлөөр шагнасныг дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Амартүвшин, Төрийн захиргааны улирдлагын хэлтсийн дарга А.Пүрэвдулам, Аж ахуйн тасгийн дарга А.Балдансүрэн нар гардуулан өгөв хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
URL: