Дугуйны хөнөөл

215295-26092017-1506391525-1225686776-duguiЦоорч, элэгдэж, халзарсан хаягдал дугуйг манайхан ихэнхдээ хашаа хороондоо хурааж, “чимэглэл” болгодог. Эсвэл түлж шатаан далд оруулдаг. Нүүрс авч түлэх нь байтугай хоногийн хоолоо арай ядан залгуулдаг, нэн хүнд нөхцөлд амьдардаг айлуудын дулаан өвөлжих үндэс нь автомашины дугуй болсоор удав. Хаягдал түлэхээс өөр аргагүй айл нэг хороонд дунджаар 20-30 байгаа нь өнгөрсөн өвөл нийслэлийн төвийн зургаан дүүрэгт ажилласан утааны эргүүлүүдийн судалгаагаар тодорхой болсон.

БОАЖЯ, Монголын байгаль орчны иргэний зөвлөл хамтарсан “Цэвэр агаар-Иргэн миний үүрэг оролцоо” төслийн хүрээнд эргүүлүүд ажиллаж, судалгаа хийсэн билээ. Хэт хортойн улмаас дэлхийн бусад оронд өндөр технологиор боловсруулдаг эдийг манайхан шууд шатаан хорт утаа баагиулж, сайн дураараа хордсоор буй нь харамсалтай. Зөвхөн гэр хорооллын иргэд бус, Сонгинохайрхан дүүрэгт гэхэд зам дагуу байрладаг жижиг цайны газрууд, Баянзүрх дүүрэг орчимд бол авто засварын газрынхан дугуй шатааж байж дулаан өвөлждөг.

НҮҮРСТЭЙ ХАРЬЦУУЛШГҮЙ ХОР

“Улаанбаатарын гэр хорооллын айлууд нүүрс түлснээс болж агаарын бохирдол ихсэж байна” гэж дээр, дооргүй л ярьцгаадаг. Гэтэл дугуйнаас гарах утаа нүүрстэй харьцуулшгүй их хортой аж. Тухайлбал, дугуйны утаа нүүрснийхээс 407 дахин их хром, 392 дахин их хар тугалга, 1448 дахин их хүнцэл агуулдаг байна. Тэдгээр хүнд металл агаарт дэгдэх юм уу, хөрсөнд нэвчих замаар хүрээлэн буй орчинд сөрөг нөлөө үзүүлнэ. Түүнчлэн хүний мэдрэлийн системийг ч гэмтээх аюултай. Гэр хорооллын айлууд дулаан өвөлжихийн тулд дугуйг түлшинд хэрэглэж буй нь хамгийн аюултай.

Энэ нь тухайн гэр бүлийн гишүүдийг хордуулаад зогсохгүй, нийслэлийн сая гаруй иргэн, байгаль орчинд ч асар их хэмжээний хохирол учруулах хүчтэй. Шатаах байтугай, ил задгай байлгасан ч аюултай гэнэ. Зарим цэцэрлэгийн гаднах хүүхдийн тоглоомын талбайг дугуйгаар тохижуулсан байдгийг ч анхаарч, засах хэрэгтэй гэсэн үг.

Хор хөнөөлөөрөө дугуйтай дүйх, автомашины тос, тосол (ашиглалтын шаардлага хангахаа больсон) түлдэг “жишиг” ч бас тогтжээ. Тос шатаахаар дугуй, хаймар шиг утаа гардаггүй ч агаарт хорт бодис дэгддэг юм байна. Аюултай хог хаягдлын ангилалд багтах тэдгээр хор ямар ч хяналтгүй, засварын аль ч газраас олж болох хамгийн хямд түлш гээд бодохоор бид ямар нөхцөлд амьдарч буй нь тодорхой болно. “Өгөөмөр” зах орчимд засварын газар ажиллуулдаг иргэн Б.Баяр “Дугуй авъя гэсэн хүнд үнэгүй өгчихдөг. Зарагдахыг нь хүлээж хураана гэвэл хашаанд багтахааргүй болно биз дээ. Зарим хүн түлнэ гэдэг юм. Зарим нь хөдөө явуулна гээд олноор нь ачаад явдаг. Манай энд ажилладаг хүмүүс нэг ширхгийг нь 500, бүр 1000 төгрөгөөр зарлаа л гэдэг юм. Үнэндээ бол тийм үнээр авах хүн тун ховор” гэсэн юм.

ӨДӨРТ 1597 ДУГУЙ ХАЯГДДАГ

Хотын замаар давхих суудлын тэрэгний тоо жилээс жилд нэмэгдэж, Улаанбаатар машинд “эзлүүлж” байна. Тэр хэрээр хаягдал дугуйны тоо ч өсөх нь гарцаагүй. Жилд, сард, өдөрт хэчнээн дугуй хаягдаж, байгаль орчин, иргэдийн эрүүл мэндэд заналхийлж буйг тодруулахын тулд Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбооныхон судалгаа хийжээ. Автомашин бүрийн дугуйг нарийвчлан тоолж, хэзээ насжилт нь гүйцэж, жагсаалтаас гарч буйг тооцоход хэцүү гэдэг нь маргаангүй.

Тиймээс импортын хэмжээ, автомашины тоо зэргийг харьцуулан судлаад улсын хэмжээнд сүүлийн дөрвөн жилд ойролцоогоор 2.3 сая орчим дугуй хаягдсан байх магадлалтай гэж тооцжээ. Судалгаагаа илүү нарийвчилж, жил, сар, өдөрт хувааж үзэхэд жилд дунджаар 575.000, сард 47916, өдөрт 1597 дугуй хаягдаж байна гэх тоо гарчээ. Суудлын машины нэг ширхэг дугуй хамгийн багадаа 15 кг гэж үзвэл өдөрт 23955 кг хор байгальд хаягдаж буй гэсэн үг.

Зөвхөн суудлын тэрэг “хор гаргаад” байдаг юм биш. Сүүлийн жилүүдэд уул уурхайн салбар хүрээгээ тэлэхийн хэрээр хүнд даацын машин механизмуудын хаягдал дугуй ч бас томоохон асуудал дагуулж эхэлжээ. Том машины дугуй овор ихтэй, зарим нь бүр дөрвөн метр өндөр, хоёр тонн гаруй жинтэй байх нь ч бий гэнэ. Ашиглалтын шаардлага хангахгүй болсон тийм дугуйнуудыг устгах арга манайд одоогоор үгүй тул хурааж орхихоос өөр замгүй. Энэ шалтгааны улмаас уул уурхайн компаниуд өдгөө багагүй хэмжээний “нөөцтэй” болчихоод буй гэнэ. Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбооныхон судалгааныхаа хүрээнд идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн 30 компанид хаягдал дугуй хэр их хуримтлагдаад байгааг тодруулжээ. Үр дүнд нь тэдгээр аж ахуйн нэгж одоогоор 3124 тонн хаягдал дугуй “нөөцөлснийг” тогтоосон байна.

ГОЛ НАЙДВАР “ЭКО ПАРК”

Хаягдал дугуй тонн тонноор гарч байхад тэдгээрийг боловсруулах томоохон үйлдвэр манайд одоохондоо алга. Энэ чиглэлээр ажилладаг жижиг аж ахуйн нэгж бий ч нийт хаягдлын нэг хувийг ч боловсруулж чадахгүй байгаа нь үнэн. Хөдөөгийнхөн дугуй авч, малын хашаа барьдаг ч хэдийг хэрэглэдгийг мэдэхгүй. Бас өвлийн улиралд хэдэн дугуй шатдагийг тооцох боломжгүй. Манай улсын хог хаягдлаа цэгцэлдэг одоогийн жишгээр газарт булж устгая гэсэн ч овор хэмжээ нь их болохоор багагүй хөдөлмөр зарцуулах төдийгүй зай талбай ч их хэрэг болно. Арай гэж газарт буллаа ч хүчтэй дэлбэрэлт үүсгэх эрсдэлтэй гэнэ. АНУ-ын Калифорни дахь Хог хаягдлын менежментийн хорооныхон үүнийг судалж тогтоожээ.

Өдрөөс өдөрт ихсэж буй энэ хорыг цэгцлэх шийдэл нь боловсруулах томоохон үйлдвэр барих. Уг нь манай төр, засгаас бүх төрлийн хог хаягдлыг боловсруулах үйлдвэр барина гэдэг ч өдий хүртэл шийдээгүй л байна. Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт “Хотын хог хаягдлын менежментийг сайжруулах хөтөлбөр хэрэгжүүлж, хог боловсруулах хоёроос цөөнгүй үйлдвэр байгуулна” гэж тусгасан. Үүний дагуу хотын захиргааныхан өдгөө “Эко парк” төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж эхэлсэн билээ. Уг паркад бүх төрлийн хаягдал боловсруулах үйлдвэрүүдийг нэгтгэн төвлөрүүлэхээр төлөвлөжээ. Хаягдал дугуйг боловсруулдаг болох ганц найдвар нь одоогоор энэ л байна.

Хувийн хэвшлийнхэн ч үүнд анхаарч, хаягдал дугуй, бүх төрлийн резин дахин боловсруулах үйлдвэрийн төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа талаар “Өнөөдөр” сонин саяхан мэдээлсэн. “Алтан оршихуй ресайклинг” компани америкчуудтай хамтран уг төслийг хэрэгжүүлэхээр гэрээ байгуулсныг гүйцэтгэх захирал Б.Уртнасан нь мэдээлсэн. Эл шинэ үйлдвэр “Эко парк”-ийн бүрэлдэхүүнд багтах бөгөөд хотын төвөөс есөн километр зайд, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Цагаандавааны төвлөрсөн хогийн цэгийн 2.4 га талбайд барихаар төлөвлөсөн юм билээ.

Өнөөдөр сонин


URL:

Сэтгэгдэл бичих