ДОХ НАМАЙГ ДООГЛООД БАЙНА
ХДХВ/ДОХ гэж нэг өвчин байдгийг бид жил бүрийн өдийд л санадаг болоод байх шиг. Энэ өвчний халдвар тээгч нэмж илрэх бүрт олон нийтэд сэрэмжлүүлдэг байсан хэвлэл мэдээллийнхэн бид ч тоохоо болив. ЭМЯ, ХӨСҮТ-ийнхөн ч шинээр илэрсэн өвчтөнүүдийн талаарх мэдээллийг биднээс нууж, муур, хулгана шиг хөөцөлдөх нь холгүй юм болдог байснаа сүүлдээ болиод, харин ч өөрсдөө түрүүлж хэв лэлийн хурал зарлан мэдээлж хэвшсэн. Сүүлдээ бүр таг чиг. Тэд ч бас дөжирсөн юм биш байгаа. ДОХ гэгч аюулт өвчин энэ дэлхийд байдгийг монголчуудад мэдүүлж, халдвар тээгч анхны хүнээр бүртгэгдсэн эмэгтэй биеэ үнэ лэгч байснаас үүдээд монголчууд “ДОХ бол биеэ үнэлэгчдийн өвчин” гэж ойлгосон.
Оюун ухаантайсан бол тэр үед ДОХ-ын вирусийн хөх инээд хүрэх байсан даа. Биднийг ийн төөрч явах зуур ДОХ-ын довтолгоон улам ширүүсч, халдвар тээгч 1992-2004 онд жилдээ ганц илэрдэг байснаа 2005 оноос огцом олширч 10 болов. Түүнээс хойш хоёр оронтой тооноос буухаа болиод өнгөрсөн жил 21- ээр бүл нэмэв. ДОХтой гэж бүртгэгдсэн 98 хүний 80 гаруй хувь нь эрэгтэй, эрчүүдийнх нь 90 хувь нь ижил хүйстэн бол эмэгтэйчүүдийн 55 хувь нь биеэ үнэлэгч, 20- 45 насныхан зонхилох хувийг эзэлдэг гэхчилэн нас хүйс, ажил төрөл, гэр бүлийн байдал, бэлгийн чиг хандлагын талаарх ерөнхий мэдээллийг харахад “ДОХ бол ижил хүйстэн эрчүүд, биеэ үнэлэгчид, ганц бие болон гэр бүлээсээ удаан хугацаагаар хол яваа хүний өвчин юм биш үү” гэсэн бодол өөрийн эрхгүй төрнө. Олон хүн ийм бодолтой явдаг юм билээ.
Харин тэгэхэд ДОХ “Би өлгийтэй нялхсаас эхлээд өтгөс буурлыг ч хайрлахгүй. Тэнгэрийн дагина, төрийн тэргүүнийг ч тойрохгүй” хэмээн намайг дооглож байлаа. “Ливид ажиллаж байсан сайн дурын эмч нар 426 хүүхдэд ДОХ-ын вирус халдаасан…” гэхч илэн гадаадын мэдээллийн агентлагуудын дамжуулах мэдээ түүнийг нотлон, нуруу руу хүйт даалгана. Энэ өвчний талаарх буруу ойлголт түүнийг улам гааруулж, одоохондоо бидэнд байгаа цор ганц вакцин бол амьдралын зөв хэвшил гэдгийг ДОХ өөрөө сануулдаг. Эмч нар эрсдэлт бүлэг гэж ярьж, тэднийг хамжааргатай байлгахыг чухалчилдаг. Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулсан Эрүүл мэндийн салбар зөвлөл зочид буудлуудад бэлгэвч байрлуулж, “100 хувь бэлгэвч” арга хэмжээ хэрэгжүүлж байна. ДОХ-ыг зүгээр л тоолоод суугаагүй, зүлгэж л байгаагийн нэг хэлбэр. Тэгвэл тэр эрсдэлт бүлгийнхнийг үзлэг, шинжилгээнд хамруулан халдвар тээгчдийг бүгдийг нь илрүүлээд орхивол ДОХ өвчнийг Монголд бууруулж, бүр зогсоож болох юм биш үү гэсэн дараагийн горьдлого тархи эзэмдэнэ.
Ерөндөг нь олдоогүй байгаа энэ өвчнөөс өөрийгөө, гэр бүлээ, ах дүүгээ, найз нөхдөө, хамт олноо, үндэстнээ хамгаалах гэсэндээ арга ядсан бодлыг минь ДОХ дооглож байна. Болдоггүй юм гэнэ ээ. “Хүний эрх, хувийн асуудал гээд үүнд саад тотгор мундахгүй. Дээрээс нь зардал ихтэй, үр дүн багатай” гэж ХӨСҮТ-ийн их эмч Л.Одгэрэл ярьжээ. Хүн бүрийг үзлэг шинжилгээнд хамруулъя гэхээр гэрийн мухар сахисан ажилгүйчүүд, эмээ өвөө нар, хүүхдүүд л тиймэрхүү арга хэмжээнд хамгийн түрүүнд гүйж ирээд, өнөө эрсдэлт бү- лэг нь ажилтай, завгүй гээд эмнэлгийн хаалгаар шагайдаг ч үгүй юм байна. “Эрүүл монгол хүн” үндэсний хөтөлбөр ийм л байдлаар замхарчээ. Ингээд Монгол Улсын иргэн бүрийг толгой дараалан шинжилгээнд хамруулах санаачилга явцгүй болж хувирав. Сайн дураараа шинжилгээ өгдөг хүмүүс ч бас л өнөө хүүхэд, хөгшид. Одоо бүртгэгдчихээд байгаа халдвар тээгчдийн тун цөөхөн нь сайн дурын шинжилгээгээр илэрсэн байх юм. Олонх нь өвчнөө мэдэлгүй явсаар хүндэрч, эдгэшгүй өвчин туссанаа, бие нь өвдсөн хойноо эмнэлэгт хандаад мэдэж. Тэгэхээр сайн дурын шинжилгээнд хамаг найдвараа тавих хэрэггүй бололтой.
Би гэхэд ХДХВ/ ДОХ-ын шинжилгээг дөрвөн удаа өгсөн. Анх сайн дураараа, дараа нь гэрлэлтээ батлуулах гэж, тэгээд бие давхар болсон учраас цусандаа ХДХВ/ДОХын вирус илрүүлэх шинжилгээ хийлгэж байв. Жирэмсэн эмэгтэйчүүдээс ХДХВ/ ДОХ-ын халдвар илэрсэн тохиолдол нэг гарын таван хуруунд хүрэхтэй үгүйтэй ч тэд БНСУ-д голдуу ажиллаж байгаад ирсэн байдаг. Халдвар тээгч бусад хүний дотор ч “Гадаадад ажиллаж байгаад ирсэн” гэх тодотголтой нь цөөнгүй. Тэгэхээр харьд одоод буцаж ирэгсдээс шинжилгээ авах нь хамгийн зөв гарц болох байх. Гадаадад ажиллах хүмүүс, сурах оюутнуудыг тухайн улс орнууд ХДХВ/ ДОХ-ын шинжилгээ хийлгэсэн байхыг шаарддаг. Бид эрүүл хүнээ харьд илгээхэд буцаад эдгэшгүй өвчин тээгээд ирж байгаа учраас ядаж бусдад халдвар тараахгүй байх, урт наслахад нь туслах үүднээс, эх орондоо хөл тавимагц нь шинжилгээ хийдэг болбол хэн ч татгалзахгүй биз ээ. Дээрээс нь цэрэг, оюутнуудыг нэмэх хэрэгтэй. Зарлан дуудах хуудас аваад цэрэг татлагын товчоонд ирсэн залуусыг шинжилгээнд хамруулаад, оюутнуудыг элссэн сур гуульдаа бүртгүүлэхээр ирэхэд нь ХДХВ/ДОХ-ын шинжилгээ өгсөн бичиг авчрахыг шаардахад л болно.
Сайн дурын үзлэг, шинжилгээнд хамрагддаггүй, нийтийг хамруулсан үзлэгт очдоггүй тэднийг ингэж хүчилбэл ямар ч асуудал гарахгүй дээ. Хөдөлмөрийн насныхан ч ялгаагүй завгүй гээд урьдчилан сэргийлэх үзлэгээс хойш суудаг. Албан байгууллагууд хүн ажилд авахдаа ХДХВ/ДОХ-ын шинжилгээ өгсөн байхыг шаарддаг болчихвол болохгүй гэх газаргүй. Шинжилгээний хариу сөрөг гарсан тохиолдолд ажилд авахгүй байх, авсан ч хамт олон нь хавчиж гадуурхах эрсдэлтэй байж мэдэх юм. Тэгэхээр ажилд орох хүмүүсийн шинжилгээний хариуг өөрт нь, “ХДХВ/ДОХ-ын шинжилгээ хийлгэсэн” гэсэн тодорхойлолтыг байгууллагад нь өгөхөд л болно. Үүнийг төрийн байгууллагуудаас эхлэн хэрэгжүүлж, хэвшүүлбэл, хувийн хэвшлийнхэн ч үлгэр авах нь дамжиггүй. Асуудлыг ингэж шийдвэл ямар вэ. Зардал багатай, үр дүн сайтай гарц болох биш үү. Ард түмэн ч алга ташин хүлээж авна гэдэгт итгэж байна. “Намайг эмчлэх эм байхгүй. Сэргийлэх вакциныг дэлхийн мундаг эрдэмтэд гаргаж авах гээд чадахгүй байгаа. Хүн та нар намайг яаж ч чадахгүй” хэмээн ДОХ биднийг басамжилж байна.
Хоёр, гуравхан настай бяцхан жаал ч өөрийг нь шоолсон хүнд хариу барьдаг атал томчууд бид ДОХ хэмээх өвчний өчүүхэн жижиг вируст дэндүү олон жил дээрэлхүүлж байна биш үү. Лав л монголчууд 19 жил ДОХ-оос айж, далайсан газарт нь далд орж явна. Түүнийг ингэж давраахаа больё. Халдвар тээгчидтэй уулзан, ярилцаж, бусад хэвлэлд өгсөн ярилцлагыг нь уншиж байхад асар их айдас, гутрал мэдрэгдэж, өр өвтгөдөг. Дахиад олон хүнийг ийм айдаст автуулахгүйн тулд бололцоотой бүхнийг хийж, чадах бүх арга хэмжээгээ Засгийн газар, ЭМЯ авах ёстой. Тэгэхгүй бол хэзээ ДОХ-ыг эмчлэх эм, сэргийлэх вакцин гаргаж авна гэж хүлээх билээ. Эрүүл хүмүүсээ хамгаалж, өвчтэйгээ эдгээхийн төлөө хором ч алдах учиргүй. Өвчтэйгээ эдгээх гэнэ ээ гэж гай хаж байна уу. Тийм ээ, эдгээнэ.
Америкийн алдарт сагсан бөмбөгч “Шидэт” (Мagic) хэмээх хочоороо олонд танигдсан Ирвин Жонсон олон жилийн турш ДОХ-ын халдвар тээгч хэмээгдэж явсан ч нэг сайхан нартай өдөр “Чиний өвчин эдгэжээ” гэсэн итгэмээргүй хэрнээ, дэндүү гоё үгийг эмч нарын амнаас сонссон түүхтэй. Энэ бол үнэн. ДОХ эдгэдэг юм байна гэдгийг хүн төрөлхтөнд нотлон харуулсан энэ бодит жишээг хүн бүр санаж, “Би ч бас эдгэнэ” гэж мэрийвэл болохгүй гэж үү. Олонд цуутайгаараа “Мэжик” Жонсон л ингэж эдгэснээ олонд зарласан болохоос энгийн хүмүүст ч ДОХ-ыг дийлсэн жишээ байгаа даа. Манай эмч нар хэрэндээ л энэ өвчнийг судалж байгаа. “Монгол дахь ХДХВ/ДОХтой өвчтөнүүдэд илэрсэн арьс салстын өвчлөлийн байдалд хийсэн судалгаа”-г олж үзлээ.
Арьс салст өвчлөх нь ХДХВ/ ДОХ-ын халдвар тээгчдэд элбэг тохиолддог өвчний нэг аж. ДОХ-ыг илрүүлж, өвчин ямар шатандаа явааг тогтооход арьс салстын байдал нь чухал үүрэг гүйцэтгэдэг юм байна. Энэ мэтээр манай эмч нар ажил хийж байна. Хамгийн гол нь эмнэлгээс гаралтай халдвар тараачихгүй сэргийлж чадаж байгаа нь олзуурхууштай. Монголд илэрсэн ХДХВ/ДОХын вирус тээгчид цөм бэлгийн замаар халдвар авсныг ХӨСҮТ-ийнхөн тогтоосон. Тэгэхээр бидэнд ДОХ-ыг хазаарлах боломж их байна гэсэн үг. ДОХ-той дайн зарлаж, заавал ялъя. Би лав ДОХ-д доромжлуулмааргүй байна.
Х.БОЛОРМАА
mongolnews
URL: