Хэн нэг нь түрүүлдэг л байх даа

147563806757f47333eafcbЯпоны мэргэжлийн сүмогийн намрын тэмцээн буюу Аки башё яг тэхий дундаа орлоо. Анхнаасаа л сүр муутайхан эхлэлтэй байсан даа энэ тэмцээн. Өмнөх сарын 20-доор гаргасан банцүкэг харахад мөн л дөрвөн аваргатай ховорхон тэмцээн байхаар харагдсан бол тэмцээн эхлэхийн өмнөхөн Хакүхо, Какирюү, Кисеносато гэсэн гурван аварга гэмтэлтэй учир барилдахгүй боллоо гэж мэдэгдсэн. Ганц дайчин ганцаардахгүй гэгчээр аваргуудыг Харүмафүжи төлөөлж зодоглосон юм. Энэ үед сүмо сонирхогчдын дунд ямар яриа өрнөсөн бэ гэвэл Харүмафүжид энэ удаа түрүүлэх боломж бүрэн байна. Бас манай Тэрүнофүжи гэмтэл, гэнэн хоёр нь гайгүй бол бярдаад гарч ирэх ч юм билүү. Шинэ озеки Такиясү одоо түрүүлэх цаг нь ирсэн дээ гэх таамгууд байлаа. Гэтэл тэмцээнийг дөрөв дэх өдрөөс орхилоо. Гэмтэж гэнэлээ. Дээрээс нь сорчилж харсан тэр таамаг өнөөдөр бараг арилчихлаа. Харүмафүжи барилдаан дунд гурван удаа дараалж унаад түрүүлэх бөхийн тооноос хасагдчихав бололтой. Бас ч аваргуудаа төлөөлж байгаа гэдэг ангич байр суурь, жудаг юмаа бодож бүрэн эдгэрээгүй гэмтлээ нуух маягтай л барилдаж байх шиг. Уг нь гэнэ алдаж бараг үзээгүй хүн. Харин Оношо гэдэг залуу бөхтэй барилдахдаа яагаад ч юм учир зүйгээ ололгүй жигтэй муухай унана лээ. Чөлөөт бөхөд шилдэг мэх гэж шалгаруулдаг даа. Тэгвэл сүмод “шилдэг уналт” гэж байдаг бол аваргын маань ойчилт яах ч аргагүй шилдэг нь болж бичигдэх байх л даа. Озеки Тэрүнофүжид гэмтэл нь дараа болдог. Энэ башёд ч тэглээ. Тэр тэмцээний тав дахь өдрөөс үзэгчдийн суудалд шилжив. Барилдаан нь ч болохгүй л харагдсан. Нөгөө л дэвж очоод барьц алддаг нь түүний араншин ч юм шиг. Хэд хэдэн башё дараалан секиваке цолтой барилдаж байгаа Тамаваши ч энэ удаад тун гавихгүй нь. Найман өдрийн дараа ердөө гурав давсан харагданалээ. Тэгвэл одоо энэ тэмцээнд хэн түрүүлэх нь вэ гэвэл өнөөдөртөө хэлэх таамаг алга.

Ер нь тэмцээн дундаа орох үед тавин хувиа хийсэн бөх байхгүй гэдэг ховор үзэгдэл байж мэднэ. Озеки Гоэйдо, маэгашира Оношо, Дайёомарү нарын гурван бөх долоон даваатай явна. Гэхдээ тэднийг энэ амжилтаа хадгалаад байж чадна гэхэд хэцүү. Гоэйдо арай нударгатай байж мэднэ. Дээд талд нь өрсөлдөгч ховор болохоор л тэр. Оношо гэдэг залуу харин өөртөө тун итгэлтэй байгаа. Өмнө нь хоёр удаа тусгай шагнал хүртсэн сайн л сүмоч юм. Харүмафүжигээс өөр хүнд унаагүй ээ тэр. Дээрх гурван бөхийн араас зургаан даваатай хоёр бөх байна. Нэг нь монгол сүмоч Таканоива. Түрүүлэх өрсөлдөөнд горьдлого байгаа л байх түүнд. Энэ башё тун ч чансаа муутай тэмцээн юмаа даа. Гэхдээ Японы үзэгчид сүмодоо дэндүү хайртай болохоор ордон бараг дүүрэн л байх шиг. Харин ч бүр сонирхолтой байгаа байж ч магадгүй ч юм уу. Яаж мэдэх вэ. Санаанд оромгүй хэн нэг түрүүлэх ч юм билүү. Таван даваатай аварга Харүмафүжигээс эхлээд Эндо, Чиёошома, Ичиножёо нарын таван бөх түрүүлэх эрэмбийн гуравдугаарт яваа юм билээ. Гэхдээ тэднийг энэ амжилтаа хадгална гэхэд итгэмгүй. Тэгэхээр энэ башёд хэн түрүүлэхийг хэлэх тун хэцүү хэвээр байна. Секиваке Метаканоүми, Ёшиказе, комүсүби Тамаваши, Точиазан нарыг цолоо авч үлдэнэ гэж хэлэмгүй л байна. Гэхдээ тэмцээн юм болохоор хэн нэг нь түрүүлдэг л байх даа. Харж л байя.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Д.НАДМИД


URL:

Сэтгэгдэл бичих