Наадамд барилдах эрхийг нь хаслаа

Үндэсний их баяр наадмыг Зохион байгуулах хорооноос Энэ жилийн баяр наадмаар сэргээш хэрэглэсэн нь тогтоогдсон хоёр бөхийн барилдах эрхийг хоёр жилийн хугацаатай хасах шийдвэр гаргасан байна.

Ардын хувьсгалын 90 жилийн ойн баяр наадмын шөвгийн 32 бөхөөс авсан сэргээшийн шинжилгээний А сорьцын хариугаар энэ жилийн баяр наадамд зургаа давж, харцага цол хүртсэн Ховд аймгийн Мянгад сумын уугуул Г.Алтангэрэл, тав давж, начин цол хүртсэн, Ховд аймгийн Чандмань сумын уугуул Ч.Цогбаяр нар сэргээш хэрэглэсэн гэсэн дүгнэлт гарсан юм.

Хоёр бөх энэ хариуг зөвшөөрөөгүй тохиолдолд Үндэсний их баяр наадмын тухай хуулийн дагуу сэргээшийн шинжилгээг хариуцан хийдэг БНСУ-ын итгэмжлэгдсэн лабораторид өөрсдийн зардлаар B сорьцыг шинжлүүлэх боломжтой байдаг ч бөхчүүд товлосон хугацаанд B сорьцоо шинжлүүлээгүй юм байна.

Тиймээс Баяр наадмыг зохион байгуулах хороо журмын дагуу хоёр бөхийн А сорьцыг дахин шинжлүүлж, баталгаажсан сүүлийн хариуг саяхан хүлээн авсан бөгөөд Баяр наадмын хууль, Үндэсний бөхийн барилдааны журмын дагуу дээрх бөхчүүдийн  Үндэсний баяр наадамд барилдах эрхийг хоёр жилийн хугацаагаар хассан байна.


URL:

Сэтгэгдэл бичих