Албан тушаал горилсон “улаан батлах”

Эрх баригч намд Засгийн газраа бүрдүүлэх хугацаатай тулаан өрнөж байна. Засгийн газрыг 30 хоногийн дотор бүрдүүлэх хуулийн заалттай. Ж.Эрдэнэбатын Засгийн газар огцорч, үүрэг гүйцэтгэгчээр үргэлжлүүлээд 7 хонож байгаа.

 11410

Ирэх намрын чуулганы хэлэлцэх асуудлын жагсаалтын эхэнд цаг үеийн шаардлагаар шинэ Засгийн газрын томилгоо бичигдэх нь.  Хаврын чуулганы завсарлагааны үлдсэн хугацааг МАН-ын гишүүд тойрогтоо  бус  Тусгаар тогтнолын ордноор эргэлдэж, өнгөрүүлж байна.  Цаашлаад нам дахь ороо бусгаа цаг үеийг ашиглан, ажил, албан тушаал горилогч гишүүд  улаан батлахаа өвөртлөн эргэлсдээр байгаа нь нууц биш.

Намын шинэ удирдлагыг томилох, шинэ Засгийн газрыг байгуулах гээд албан тушаалын өндөрлөгийн төлөө бүлэг, фракцуудын тохироо явагдсан өдрүүд үргэлжилсээр. МАН-ын бага хурлыг  хотын буюу МАН-ын даргын фракц  бүрдүүлдэг.  Тиймээс ч дараагийн намын дарга, Засгийн тэргүүнээр хэн ч томилогдсон хүн нь өөрчөгдөхөөс  бодлого хэвээр хадгалагдана гэж олон нийт харж байгаа.

Өнөөдрийн байдлаар “60 тэрбум”-ын асуудлаар НИТХ-ын дарга Ц.Сандуй албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгөөд байна. Ер нь Ерөнхийлөгчийн сонгуульд нийслэлийн МАН-ыг удирдан орж чадаагүй тэрбээр хариуцлага тооцуулж, ажлаа хүлээлгэж өгөх нь тодорхой. Тиймээс шинээр томилогдох даргад  ирэх 2020 оны сонгуульд нийслэлийн тойргийг удирдан орох үүрэг ногдох учир, тал талын асуудлыг бодолцож томилох биз. Магадгүй, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид энэ үүрэг ногдож ч болох.  Улаанбаатар хотын захирагч нь нийслэлийн намын хороогоо удирдаж ирсэн түүхэн замнал бий.

Харин МАН-ын дарга, Ерөнхий сайдын албан тушаал тус тусдаа явах . Хуулийн хугацаатай учир тус намын Их хурал хуралдахаас  өмнө Засгийн газар байгуулагдана.  Ерөнхий сайдаар томилогдсон эрхэмд давхар намын даргын албан тушаалыг өгөх эсэх нь эргэлзээтэй.  Өнөөдөр Ерөнхий сайдад Ц.Нямдорж, У.Хүрэлсүх, С.Бямбацогт, харин МАН-ын даргад Н.Энхболд нар  томилогдох таамаглал явж байгаа. Энэ нь нэг талаас намын дарга нь Ерөнхий сайдын албан тушаалыг хашихгүй байх бодлогыг эрх баригчид барьж буйг илтгэнэ.   Ер нь  шинэ Ерөнхий сайдын хэр хүчтэй, нөлөөтэй байх  эсэх нь намын даргын томилгооноос харагдах асуудал.

Шинээр байгуулагдах Засгийн газрыг бодлогоо гардан хэрэгжүүлээд явдаг, хэлсэн үг, гаргасан шийдвэрээсээ эргэж буцдаггүй байхыг нийгэм харж, хүлээж байгаа.  Гэвч шинэ Засгийн үйл ажиллагаа хэр явагдахыг Ерөнхий сайд бус эрх баригчид шийднэ. Тодруулбал, намын дарга нь Ерөнхий сайдаар томилогдож байж эрх мэдлээ бүрэн хэрэгжүүлдэг.

Өнөөдөр МАН-ын Удирдах зөвлөл хуралдана. Удирдах зөвлөлийн хурлаар намын бага хурлын товыг тогтоохоос гадна дараагийн Ерөнхий сайдын тохироо ч яригдана.

Эрх баригчид Ерөнхий сайдын  томилгоог тохирсоны дараагаар танхимын бүрэлдэхүүний  хувь заяа шийдэгдэх юм. Цаашлаад яам, агентлагийн дарга нар ч бүхэлдээ биш гэхэд явцын дунд мэр сэр өөрчлөгддөг.  Тиймээс л албан тушаал, эрх мэдлийн төлөө МАН-ын гишүүд улаан батлахаа барин дугаарлаж байна.

Н.Энхлэн

http://www.shuud.mn/content/read/487995.htm


URL:

Нэр: Уаав.... Огноо: 13 September 2017

Хүрэлсүх МАН-ыг удирдаад явах нь одоогийн нөхцөлд хамгийн зөв зүйтэй шийдвэр болов уу МАН-ын даргад хэрвээ дэвшвэл гишүүний хувьд энэ хүнийг дэмжнээ

Нэр: Anonymous Огноо: 13 September 2017

МАН ОДОО ЗӨВ ШИЙДВЭР ГАРГАЖ БАЙЖ 2020 ОНЫГ ҮЗНЭ

Нэр: Зочин Огноо: 13 September 2017

Хүрэлсүх л хэрэгтэй хүн. Шинэчлэл хийж байгаа залуус багаараа гарсан нь дээр

Сэтгэгдэл бичих