Монголчуудын дундаж цалин нэг сая хүрэх нь хэмээх хоосон тоонд цатгасаар суух уу

tsalҮндэсний Статистикийн Хорооноос өнөөдөр 2017 оны наймдугаар сарын нэгдсэн статистик мэдээллийг танилцууллаа. Танилцуулгад Монголчуудын сарын дундаж цалингийн мэдээллийг гаргажээ.

Энэхүү мэдээллээр нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин 2017 оны хоёрдугаар улирлын байдлаар 966.6 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 78.6 (8.9%) мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 7.5 (0.8%) мянган төгрөгөөр нэмэгдсэн гэнэ.

Мөн уг мэдээлэлд Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2017 оны хоёрдугаар улирлын тайланд хамрагдсан 594.9 мянган ажиллагчдын медиан цалин нь 700.0 мянган төгрөг байна гэжээ.

Тэгвэл багш нар цалингаа нэмүүлэх гээд ажил хаяхдаа тулчихаад байгааг юу гэх вэ. Багш нарын дундаж цалин төдийгүй төрийн албан хаагчдын цалингийн дундаж 600 мянга байхад ҮСХ-ны мэдээлэлд итгэхэд хэцүү.

Тэд уул уурхай олборлолтын салбарт ажиллагсдын цалинг бусадтай нь нэгтгэхээр ийм өндөр тоо сонсогдож байгаа хэрэг. Хувийн компаниуд олон мянган ажилчин, албан хаагчиддаа өндөр цалин өгч байж хүнд ажил хийлгэх нь зүй ёсных.

Тэгвэл төр ч гэсэн хамгийн хүнд алба хашиж байгаа багш, эмч нар, цагдаагийн байгууллагынхны цалинг хүссэн хэмжээнд нь олгох ёстой.

Тэгж байж боловсрол, эрүүл мэнд, хуулийн байгууллагуудын ажил хүссэн хэмжээнд явагдаж тэр хэрээр хөгжил ирнэ.

Нэг багш 50-60 хүүхэдтэй зууралдаж, гурван ээлжид хичээл зааж байгаа өнөөгийн нөхцөлд тэднээс чанар шаардах эрх төрд байгаа юу. Бодох л асуудал.

Монголчуудын дундаж цалин 1.0 сая боллоо хэмээн зарлахад нийт ажиллагсдын дунд 40-50 хувь нь болох нөгөө багш, эмч эмнэлгийн ажилтнууд, хуулийн байгууллагын ажилтнууд маань бидний цалин өссөн юм биш байгаа гэж горьдоно.

Гэвч цалингийнх нь хэмжээ бахь байдгаараа, харин хийх ажлынх нь хэмжээ л нэмэгдэнэ. Ийм байдлаар статистикийн байгууллага төрийн нэрээр хоосон тоогоор биднийгээ цатгасаар явах уу.

И.Болд

gereg.mn


URL:

Сэтгэгдэл бичих