Шинзо Абэ Монгол, Оросын Ерөнхийлөгчийн барилдахыг харахыг хүсчээ

189145c93b409ef482d7a4d14af40eee_1200-300x150ОХУ-ын Владивосток хотод Дорнын эдийн засгийн чуулган хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Тус чуулганыг ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины санаачилгаар гурав дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, Японы Ерөнхий сайд Шинзо Абэ нарын төр засгийн тэргүүнүүд 3000 гаруй бизнесийн төлөөлөл оролцож байгаа юм.

Тэгвэл чуулганы сүүлийн өдөр буюу өнөөдрийн хурлаар Ерөнхий сайд Шинзо Абэ индэр дээрээс манай улсын Ерөнхийлөгч болон ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нарын ижил төстэй тал болон сонирхлын талаар хошигноод амжжээ.

Тодруулбал, Шинзо Абэ Ерөнхий сайд “ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин жүдо бөхийн хар бүстэй. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ч мөн жүдо бөхийн хар бүстэй. Хэрэв боломжтой бол би та хоёрын жүдо барилдахыг  хармаар байна” хэмээн хошигносон аж. Мөн “Тэнд бас олимпийн алтан медальт тамирчин Ямашита Ясүхиро ирсэн байгаа.Би та гуравт зориулан сонирхолтой бөгөөд сайхан санал тавимаар байна. Ноён Ямашита, та Японы жүдогийн хар бүс эзэмшигчдийн холбооны шугамаар хоёр ерөнхийлөгчийг Японд уривал ямар вэ. Тэгвэл та ерөнхийлөгч В.Путин, Х.Баттулга нартай үзүүлэх барилдаан хийх боломжтой юу. Энэ саналыг минь хүлээж авах уу. Миний хувьд энэ маш сонирхолтой байх болно, тийм биз дээ” гэхэд нь үзэгчдийн суудлаас Олимпийн нэг, Дэлхийн аваргын дөрвөн алтан медальт жүдоч босч, оролцогчидтой мэндчилжээ.


URL:

Сэтгэгдэл бичих