Л.Гансүх сайд аа, үнэнээ хэлчих

Н.Алтанхуяг дарга аа, С.Баяртай виски уухдаа анх дагуулж очсон хүнээ хар даа.

Ардчилсан намын дарга таныг Ардын намын “Халаасны өрөө”-нд арай ядан амь зууж байхад тэр эрхэм сайдын суудлаа үнэд хүргэчихлээ. Сая ам.долларын байшин бэлгэнд авсан сураг дуулдана. Ёстой л “Би ч харсан, чи ч харсан” гэдэгчлэн түмний харц түүн рүү чиглэчихлээ.

Намын дарга нь нэр төрөө золиосолж, наалдаж гүйсэн нь авдар, авдар алттай болдог нь шударга явдал уу. Энэ тэгээд нийгмийн зохицол уу. Аль эсвэл улс төрийн наймаалцал уу. Хамтарсан Засгийн газрын бүрэлдэхүүнд орсноор хэн нь илүү хожихыг Н.Алтанхуяг дарга та тооцоолоогүй байсан хэрэг үү. Гэлээ гээд яалтай. Энэ тухай асууж, эмзэг сэтгэлийг тань хөндөөд ч яах вэ. Харин одоо Лүймэдийн хүүгийн хүсэл тэчъяалыг цаламдах цаг чинь болжээ. “Даварсаар, даварсаар хэний оронд” гэдэг билээ. Яг л түүн шиг аяглаж байна.

“Баян хүнд бааш мундахгүй” гэдэгчлэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх өөрийнх нь тухай эвгүй үг цухуйлгасан бүхнийг “Намайг гүтгэсэн” гэж яллах боллоо. МАНАН хэмээх улс төрийн хамгаалалтдаа хэт найдаж шүүх, цагдаагийнхныг ч шударга үнэний эсрэг хөдөлгөж байна. Н.Алтанхуяг дарга танд түүний үйлдэл увайгүй мэт санагдахгүй байна гэж үү. “Намын эрх ашгаас найзын ашиг сонирхол л чухал” гэж битгий хэлээрэй дээ. Нам ч үгүй, найз ч үгүй болох цаг танд тун ойрхон байна. За, үг олдож, үхэр холдлоо байна. Сая ам.долларын үнэтэй сайдын мэндийг эрье байз.

Сайн уу, Л.Гансүх сайд аа! Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын ажлыг С.Батболдын багийнханд загнуулчихгүйхэн шиг хийж байна уу. Цаадуул чинь давруу шүү. “Бос” гэхэд нь босож, “Суу” гэмэгц нь суугаад байв аа. Тэгж л тэнэгтэж болохгүй шүү. Эрх биш бие даасан намын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга байсан хүн байна даа. Энэ бүхнийг та хэлүүлэлтгүй мэдэх байлгүй. Харин одоо танаас шаардах нэг зүйл байна. “Сая ам.долларын үнэтэй байшингаа хэнээс ямар болзол нөхцөлтэйгөөр авснаа хэлчихээч. Улс төрийн зориг гаргаж, үнэнийг өчөөч” гэж сэтгүүлч А.Баатархуяг, Г.Уянга нарын өмнөөс хэлмээр санагдчихлаа. Тэдэнтэй харц тулгарахгүй, шүүхийн танхимд очихгүй байлаа гээд үнэн, худлыг дэнсэлдэг энэ олон хурц нүдтэнүүдээс та зугтах гэж үү. Сая ам.долларын үнэтэй байшиндаа насан туршдаа нуугдаж амьдрах хэрэг үү. Аль эсвэл “Миний ард МАНАН хэмээх хамгаалалт бий. Ёстой яасан ч яадаг юм” хэмээн тарвалзаж хэвтэнэ үү. Ингэж бодож байгаа бол эндүүрэл шүү. Энэ тухай Н.Алтанхуяг даргад чинь тэсэлгүй ховлочихлоо. “Үнэн үг хэлсэн хүнд хүн өстэй” гэдэг шиг үнэнийг нь хэлэхээр өрвөлздөгөө болиорой. “Намайг дахин гүтгэчихлээ” гэж наана, цаана гомдол гаргав аа.

Ингэхэд Л.Гансүх сайд та яг хэн юм бэ. Ардчилсан нам дахь “Алтангадас” фракцийнханд үйлчилж, УИХ-ын гишүүн болсон тань үнэн байх аа. Н.Алтанхуяг даргатайгаа хамтран Ардчилсан намыг Ардын намынханд арилжсан хүн нь та, мөн биз. Албан тушаалын төлөө сүнсээ хүртэл худалдчихаад Г үсэг бичсэн болгон руу “Гүтгэлээ” гэж дайрдаг адын зантай болсон чинь бас худлаа юу. Эрт урьдын цагт, Ардчилсан нам гэж сөрөг хүчин байх үед Л.Гансүх сайд та арай өөр хүн байж. Эрх баригчид олонхийн хүчээр далайлгаж, эрх ашигтаа нийцсэн шийдвэр гаргах гэхэд эсэргүүцэл зарладаг нь Лүймэдийн хүү байв. УИХ дахь Ардчилсан намын бүлгийнхэн олонхийн өмнө хүчин мөхөстөхөд сэтгүүлчдээс тусламж гуйдаг байсан чинь өчигдөрхөн мэт санагдана.

Харин хэвлэлийнхэн “Үйлс нь бүтэл муутай ч үг нь үнэн юм даа” хэмээн танай намынхны талд зогсдог байлаа. Гэвч цаг хугацаа ямар хурдан өнгөрнө вэ. Цагийн аясыг даагаагүй Ардчилсан намынхан, бас Л.Гансүх сайдын зан яасан түргэн өөрчлөгдөв өө. “Хонгорынхныг хэн хордуулчихав” хэмээн бүлтэлзэж явахад чинь хамжиж тусалсан нь сэтгүүлчид биш гэж үү, сайд аа. “УИХ-ын гишүүнээр хоёр дахиа сонгогдох болов уу” гэж аргаа барж суухад чинь “Багахан ч болтугай зай гаргаж өгөөд мань сайдын тухай мэдээ гаргаж өгье” гэж хэвлэлийнхэн дэмжээгүй юү, таныг. Аяга кофе уух зуураа амьдрал ахуй ярьж, сэтгүүлчдийн жаргал, зовлонг хуваалцдаг цаг тань өнгөрсөн гэж үү. Магадгүй, тийм бололтой. Ардчилал хэмээх түүдэг галд үгийн үнэнээр цучил нэмэх гэсэн сэтгүүлчдийг энэ эрхэм “Албан тушаалын жим өөд өгсөхөд минь туслах суга таяг” гэж хардаг байсан юм байна. Гэвч сайд та эндүүрчээ. “Сэтгүүлч А.Баатархуяг, Г.Уянга нарыг яллаа” гэдэг бодол чинь буруу байна. МАНАН-ын хамгаалалтад орлоо гээд, шүүхийн танхимд ялалт байгууллаа гээд, бас сайдын сэнтийд суучихаад сая ам.доллараар “угжуулсан” таныг авлига аваагүй гэдэгт ард түмэн итгэх үү. Ёстой үгүй л байхгүй юу. “Лүймэдийн Гансүхийн гэр энэ” гээд Зайсан орчмын жалгын нохой ч андахаа больсон цаг. Худал гэвэл “Танайд хоноё” нэвтрүүлгийг бэлтгэдэг сэтгүүлч залууг гэртээ хонуулчихаач. Хэрэв чамлалттай санагдвал А.Баатархуяг, Г.Уянга хоёрыг бас урьчих. Асуудлыг ингээд л цайруулчихмаар санагдана. Айл гэрийн амьдралыг 12 сая төгрөгөөр ялламааргүй л байх юм. Сэтгүүлчдийн амьдрал ямаршуухан байгааг та мэдэхгүй биш. Хэвлэлийнхэнд ярилцлага өгөхгүй удсан юм гэхэд хэвлэлийн төлөөлөгчөөсөө энэ тухай хааяа нэг сонсдог байлгүй дээ. Тиймээс Л.Гүндалай гишүүн шиг халуу дүүгсэн гэртээ хэвлэлийнхнийг заавал уриарай. Сая ам.долларын байшинд сайхан амьдарч байгаагаа тойргийнхондоо харуулахыг хичээгээрэй. “Сая долларын бүсгүй” гэдэг шиг “Сая ам.долларын сайд” байж яагаад болохгүй гэж.

Энэ чинь л С.Баярын бүрдүүлсэн стандарт бус засаглалын хишиг шүү дээ. Яг л “Эх орны хишиг” гэдэг шиг. “Ардын намынхны хишгийг Ардчилсан намын гишүүн хүртэх ёсгүй” гэх хууль хаана байна вэ. Тиймээс Л.Гансүх сайд аа, ичиж эрээлхэлгүйгээр “Манай гэрт өнөөдөр “Нээлттэй хаалганы өдөр” болно” гээд зарлачих. Маргааш юмуу нөгөөдөр яг ийм мэдээ мессенжердэхээ мартав аа. Хэвлэлийнхнийг гэртээ оруулах боломжгүй, Ц.Нямдорж сайд шиг хот, хөдөөгөөс ирсэн хүмүүсийг гэртээ байлгадаг бол эртхэн хэлээрэй. Бид ойлгоно. Харин мөнөөх гайтай, бас лайтай сая ам.долларын байшингийнхаа зургийг facebook-тээ байршуулна биз. Сайд хүн Монголдоо сайхан амьдарч байгаагаа өөрийн биеэр харуулахад буруудах юун. Ерөөсөө л тэг! Үнэнийг өөрөө илчилчих. Ирэх сонгуулиас өмнөхөн ийм тактик хэрэглэх нь танд ашигтай. Хоёр сэтгүүлчтэй заргалдсаар хугацаа алдах нь хэн, хэнд нь хохиролтой биз дээ. Тэгээд ч хэвлэлийнхэнтэй тэрсэлддэг улстөрчид хэзээ ч хол явдаггүйг сайд та санагтун!


URL:

Сэтгэгдэл бичих