Баруун аймгийн малчдын дийлэнх нь оторлоно гэлээ
Өнөө жил Монгол орны нийт нутгаар олон жилийн дунджаас давсан хэт их халалт, хуурайшилт, гантай жил тохиолоо. Ялангуяа Ховд, Завхан, Говь-Алтай, Увс зэрэг баруун аймгийн нутгаар өнгөрсөн зун хур бороо төдийлөн сайн ороогүйн улмаас ургамлын гарц муудаж, бог, бод мал намрын сарыг үзтэл төдийлөн тарга тэвээрэг авч чадаагүй байна. Улмаар малчид ирэх өвлөөс урьтан хэдэн малаа зарж борлуулах зэргээр эдийн засгийн эргэлтэд оруулж эхэлсэн. Зарим малчид өвс, ургамал сайтай хангайн бүс нутгаар малаа оторлсоор байгаа гэнэ.
Энэ талаар Ховд аймгийн Дарви сумын хоёрдугаар багийн малчин Б.Базартай холбогдоход ”Өнгөрсөн бичин жилийн өвөл манай нутгаар төдийлөн цас ороогүй. Уулаараа жаахан цастай, нийт нутгаар цоохор л өвөлжсөн. Хэт их хүйтэрч, цас, зуд гэхээр зүйл болоогүй ч хаврын хэдэн сар хүйтэрч, бог, бод мал идэх өвсгүй болсон. Улмаар зуны сар гарч байж л шинэ өвс зулгааж эхэлсэн. Гэвч бороо орохгүй, хэт их халж, шороон шуургатай байснаас болоод намрын сар гартал мал олигтой тарга авч чадаагүй ээ. Одоо ирэх өвөл хэдэн малаа яаж онд оруулна даа гэж санаа зовсоор л сууна. Манай нутгийн зарим малчид малаа Баянхонгор, Архангай зэрэг аль болох өвс сайтай хангайн нутгаар оторлож байгаа. Манайх ч удахгүй нүүнэ дээ” хэмээв.
Б.Болдоо
URL: