Багшийнх нь санаандгүй загнасан нь Борисыг гэмт хэргийн ертөнц рүү түлхэх шалтгаан болжээ

indexЯС ЦООЖИНД ГАНИХАРСАН 30 ТОМ ЯЛТАН *ЧОНОН* БОРИС

*Чонон* Борис гэхээр 1960-70 аад оны үеийнхэн андахгүй. Борис нэртэй хулигаан болгон өөрийгөө *Чонон* Борис гэж нэрийдэж энд тэндхийн нийтийн бүжгэн дээр бяцхан танхайрдаг байжээ. Архангай аймагт 1970-аад оны үед Борис нэртэй нэгэн этгээд *Би Чонон Борис байна, муусайн гөлөгнүүдээ тарцгаа* гээд тайрсан калибраар тааз руу буудаж нийтийн бүжиг тарааж явсан удаатай гэнэ. Жинхэнэ Чонон Борис бол партизан Ойдовын Борис юм. Ойдовын Борисыг Хятадын эрлийз гэж ярьдаг нь ор үндэсгүй зүйл. Яагаад Борис гэдэг нэр өгсөн бэ гэвэл, тухайн үед орос эмч нар хүүхдийг эх барьж аваад хүү төрвөл Борис , Юра , Александр охин төрвөл Нина, Ирина гэж нэрлэдэг байж. Партизан Ойдовын хүүг орос эмч эх барьж өвсан тул Борис гэдэг нэр өгчээ. Чонон Борис 1-р арван жилийн бага ангид суралцаж байхдаа нэг удаа гэрийн даалгавар хийлгүй ирээд самбарын өмнө зогссоноосоо болж хамаг учир ургав. Бадам гэдэг багш нь *Борис чи яагаад чоно шиг гөлөлзөөд асуултанд хариулахгүй байгаа юм бэ? гэж санамсаргүй загнасан нь Борисыг гэмт хэргийн ертөнц рүү түлхэх шалтгаан болсон байна. Завсарлаганаар ангийх нь хүүхдүүд коридорт *Хөөе Борисоо чамайг багш чоно гэсэн. Ээ! Чонон Борис Ээ! Чонон Борис гэж хашгирцгаав. Төд удалгүй ангиараа *Чоно* гэж нэрийдээд сүүлдээ бүр сургууль даяараа Чонон Борис гэж дуудах болсон байна, Цагаандаа гарсан шилжилтийн насны Борис хулигаан хүүхдүүдэд тал засч *Намайг Чонон Борис гэдэг.

1-р арван жилийн Чонон Борисыг та нар мэдэх үү? хэмээн аархаж , улмаар тэдэнтэй нийлж , халаасны хулгай хийж гэв гэнэт л зориг зүрхтэй баатар эр болж хувирсан байна. Тэр үед чоно , арслан , бар гэдэг нэр томъёо хүүхдүүдийн чихэнд их хүчтэй сонсогддог байсан тул Чонон Борис яах ийхийн завдалгүй нэрд гарсан байна, Сүүлдээ бяцхан танхайрал нь дэндэж халаасны хулгайн хэргээр хүүхдийн колонид очих нь тэр. Тэнд очоод *Намайг Чонон Борис гэдэг. Би 1-р арван жилийн Чонон Борис байна, хэмээн өөрийгөө рекламдаж , мөн хулигаан танхайралд зүрх зоригтой хүн болж жүжиглээд томчуудын шоронд шилжжээ. Тэнд очоод бас л *Би хүүхдийн колоний атаман Чонон Борис байна гэж дөвчигнөсөн гэдэг. Гэвч томчуудын шорон бол томчуудынх шүү дээ. Тухайн үеийн шоронгийн цуут овгор Дашийн Ядмаа Чонон Борисын хандыг хага дарж , цэвэрхэн цагаан царайтай Борис хөвгүүнийг өөрийнхөө *банди* болгосон гэдэг. Нөгөө алдартай Чонон Борис чинь халхын шоронд очоод шуумарын банди болж доошоо орох нь тэр. Гэвч шоронгийн атаман овгорын банди болно гэдэг нь эр хүний нэр сүлдэнд л муу болохоос биш идэж уух, өмсөх зүүх, тансаглан жаргахад тааламжтай юм гэсэн. шүү!.

Энэ мэтчилэнгээр Чонон Борис шоронд сайн муу юманд чамгүй ихээр сурч боловсороод 1962 онд шоронгоос суллагдсан байна. Шорон гэж юу болохыг мэдээд авсан. Гэхдээ овгор товгор сайн сайхнаар төсөөлсөн тул дахин шоронд орохоос өчүүхэн ч айгаагүй байна. Түүний гэр нь Чойбалсангийн хорооны урд талд , ээж нь 30-р дэлгүүрийн худалдагч байжээ. 500 айлын атамануудтай үе үе зодолдож цус нөжөө гойжуулна. Чонон Борис нь улам л хүчээ авч өөрийн гэсэн бие хамгаалагчтай, хамтран зүтгэгчтэй болсон байна. Хэрэглэдэг зэвсэг нь 15-ын буюу 25-ын кинжал, орос цэргийн тольтой суран бүс байхаас гадна гартаа тааруулж цутгасан гантиль алгавч зэрэг багаж зэвсэг хэрэглэдэг байжээ. Гантилиар толгой руугаа цохиулсан хэдий ч дахин босч ирээд зодолдоод бие хаа нь гэмтдэггүй байсныг санахул тэр үеийн хүмүүс бие сайтай байж. Чонон Борис хоолойндоо айхтар том сорвитой байсан нь энэ бүхний нотолгоо. Хожим халхын шоронд онц аюултай рецетивист хэмээн тодорсон *Ногоон код* Баатарцогт нь Чонон Бористой нэг хашаанд өссөн бөгөөд түүнийг гэмт хэргийн ертөнцрүү хөл тавихад Чонон Борис нөлөөлсөн гэлцдэг.

Тухайн үед баруун 4н замын хойхно талд Нүүдлийн кино театр гэж байсан бөгөөд энд хаа газрын атаманууд цуглаж үе үе зодоон цохион хийж цус нөжөө гоожуулдаг байж. Ингээд олон хавар нэгэндээ гэгчээр Чонон Борис *Алаг нүдэн* Тамара гэдэг хүүхнийг бусдаас харамлаж нэгэн залууг өш хонзонгийн журмаар гуя руу нь нэг удаа хутгалтал гай болж артерийн судас нь таараад нас баржээ. *Би Чонон Борис байна* хэмээн хамт явсан залууг нь хутгаа бариад хөөсөн тул нэг амиар 2 хүний амь бусниулах гэсэн гэдэг шалтгаар дээд хэмжээ авч Улаанбайшингийн шоронд очисон байна. Халхын шоронгийн түүхэнд *Гурван хөшөөтийн амралт* гэж нэрлэгдэх болсон дээд хэмжээтнүүдийн өрөөнд тухайн үед эргэлт чөлөөтэй оруулдаг байжээ, Нэгэнт хорвоогоос халихаар заяагдсан тул цаазын илдэнд очин очтол нь юу хүссэн бүхнийг нь оруулдаг байсан гэлцдэг. Гэтэл Чонон Борис бусаддаа гай болсон байна. Дээд хэмжээ сонсчихоод сэтгэлээр унаж амиа хорлохоор шийдсэн гэдэг. *Халуун савтай хоолонд шилтэй хор хийж явуул* хэмээн гэрийнхэндээ захидал бичиж, тэрхүү захидал нь хянагч нарын гарт орсоноор *Гурван хөшөөтийн амралт*-нд хожим эргэлт оруулахаа байсан гэлцдэг. Ингээд 1965 оны 3-р сарын 29-ний үүр шөнийн заагаар Чонон хочит Борис цаазаар авахуулжээ. Түүнийг цаазаар авахуулахад *Галзуу* Чулуунбаатар хүн амины хэрэгт холбогдоод хажуу өрөөнд нь байсан бөгөөд тэрээр хожмоо доорхи зүйлийг хуучилсан юм. Чонон Борис Жаргалын Батчулуунтай хамт цаазлагдсан. Би яг хажуу өрөөнд нь байсан болохоор ярьж хэлж байсан зүйлийг нь мэдэх юм. Жаргалын Батчулуун нь сохор Болоожийг хутгалж алаад дээд хэмжээ авсан юм. Чонон Борис дээд хэмжээ сонсчихоод маш ихээр сэтгэлээр унасан юм.

Чонон Борис зайлуул үлэглэж халаглаад , уйлж унжаад их ; хэцүү байдалтай байсан даа. Өөрийгөө хорлох гэж үзсэн болов ч бас бүтээгүй. Харин Жаргалын Батчулуун дээд хэмжээ авчихаад сэтгэлээр ер унаагүй. Алах ёстой хүнээ алчихсан тул гомдолгүй гээд инээж хөхрөөд , хэнгэнэтэл дуу аялаад суудаг байсан. Тэгээд яг цаазаар аваачихаар өрөөнөөс гарах үед царай зүс нь цонхийгоод хэл ам нь ээдрээд их хачин болчихсон. *Баяртай* гэж хэлэх гэж байгаад хэлж чадалгүй *Ба* гэж хэлээд цааш эргэсэн гэдэг. Чонон Борис яагаад цаазлагдав гэвэл хар багаасаа *Чонон* Борис гэж хэт өргөчихсөнд байгаа юм. Яаж ч мэдэх аюултай этгээд гэж хүн болгонд ойлгогдохоор байсанд л хамаг учир бий. Тэрнээс биш Чонон Борис чинь тийм айхтар харгис хэрцгий дийлдэшгүй хүн биш шүү дээ хэмээн хуучилсан юм.

Эх сурвалж:Улаанбаатарын 70 80 90 оны атамануудын түүх


URL:

Сэтгэгдэл бичих