Хүмүүнлэгийн талаар төрөөс баримтлах бодлого, цаашдын зорилт

20727074_1541211649278026_812711421_oИлтгэгч: Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүмүүнлэгийн

бодлого  хариуцсан орон  тооны бус зөвлөх С.Пүрэвсүрэн

Эрхэм нөхөд өө!

Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монголын Үндэсний Хүмүүнлэгийн хороо хамтран “Төрөөс хүмүүнлэгийн талаар баримтлах бодлого, цаашдын зорилт” сэдвээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна.

Энэхүү хэлэлцүүлэгт хүрэлцэн ирсэн эрхэмсэг ноёд хатагтай та бүхэнд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.

“Монголын ард түмэн бид: … Эх орондоо хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгэм цогцлоон хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно” гэж Монгол Улсын Үндсэн хуулинд тунхагласан байдаг.

Өнөөдөр төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй, бизнесийн байгууллагууд, иргэд хүмүүнлэгийн уриан дор нэгдэж өөр өөрсдийн арга барил, нөөц бололцоогоор буяны цагаан сэтгэл гарган энэрэл хайраар хандаж олноороо амар амгалан аж төрөх, эрүүл саруул таатай орчин бүрдүүлэх, нийгмийнхээ сайн сайхны төлөө бүх талаар хамтран ажиллах зүй ёсны шаардлага амьдралаас урган гарч байна.

Хүн өдөр бүр баатарлаг үйлсийг бүтээх боломжгүй харин өдөр бүр хүн хэвээрээ байх боломжтой. Хүн хэвээрээ байгаа цагт зүрх сэтгэлийнхээ дуудлагаар бусдын жаргал зовлонг ойлгож ядарсанд тусалж, ядсаныг дэмжихийг нэгэн эрхэм зорилгоо болгон гар татаж сэтгэл дутаалгүй буян үйлддэг.

Өлссөн хүнийг хооллох, цангасан хүнийг ундаалах, харанхуй хүнийг гэгээрүүлэх, ажилгүй хүнийг амьдрах ухаанд сургах, гутарсан шаналсан хүнд сэтгэлийн дэм өгөх, бусдын төлөө санаа тавих цөм бүрнээр хүмүүнлэгийн ариун үйлс.

Төр засгаас хүн ардынхаа эрүүл мэнд, амь нас амьдралын чанарыг сайжруужлахын төлөө хөдөлмөр, халамж үйлчилгээ хүмүүнлэгийн цогц арга хэмжээнүүдийг шийдвэрлэж хэрэгжүүлсээр байна.

Байгалийн элдэв гамшиг үер, ой хээрийн түймэр, ган зуд, салхи шуурга, хүн, малын гоц халдварт өвчин тохиолдсон үед эрүүл мэндээр хохирсон, орон гэр, эд хогшил, амжиргааны эх үүсвэрээсээ салсан, сэтгэл санааны хямралд орсон хүмүүст хүмүүнлэгийн тусламж үзүүлэх үйл ажиллагаанд байгууллага иргэд санал санаачлага гаргаж идэвхтэй оролцдог боллоо.

Орчин үед байгаль цаг уур өөрчлөгдөж дулаарал, салхи шуурга, газар хөдлөлт, цацраг идэвхжил, байгаль орчны бохирдол, цөлжилт зэрэг хүмүүсийн эрүүл мэнд амь насанд ихээхэн аюул сөрөг нөлөө үзүүлдэг эрсдэл нэмэгдэж, хот суурин газарт хүн амын төвлөрөл бөөгнөрөл үүсэж, амьдралын ялгаа ихсэж, эдийн засгийн хүндрэл бэрхшээл тулгамдсан асуудлууд олонтоо тохиолдох боллоо.

Монголчуудын хүмүүнлэг сэтгэлгээ, хүмүүжлийн илрэл, амнаас ам, хүнээс хүнд дамжиж эцгээс хүүд, эхээс охинд өвлөгдөж ирсэн нандин уламжлалтай. Хүмүүнлэг шинж нь тэгш эрх, шударга ёс, хүнлэг чанар, хүмүүс хоорондын хэвийн харилцааны дүр төрхөөр тодорхойлогддог.

Улс орон хөгжих тусам өрнөдийн соёл иргэншлийн ололттой хосолж хүмүүсийн зан үйл амьдрал хувьсан өөрчлөгдөхийн ялдамд элдэв сөрөг үзэгдэл, зөрчилд өөрийн эрхгүй автаж бие биеэ хайрлах энэрэнгүй сэтгэл биш айж түгшиж явах ялгаралд өөрийн эрхгүй автаж байна.

Иргэнээ хүмүүжүүлэх тэдэнд эх орноо гэх сэтгэлгээ суулгах нэгдсэн бодлого дутагдаж байна. Өөрөөр хэлбэл хүнд үнэнийг хэлж тархи толгойг нь зөв голдрил руу хандуулах зохион байгуулалтын тогтолцоо аль ч шатанд алга.

Хүмүүсийн дунд эв нэгдэл гэхээсээ гэр бүл, хамт олноосоо авахуулаад талцалд хуваагдаж эвдрэлцэж үүнээс болж бие биенээ ахас дээдсээ хүндэтгэх хайрлах ёстой хүмүүнлэг сэтгэлгээнд сэв сууж байна.

Хүмүүс ардчиллыг урвуу талаас нь ойлгож эрх эрх чөлөөг хязгааргүй орчноор төсөөлж байгаа нь ёс заншил хүнлэг чанарыг буруу тийш нь хандуулж үнэн хэрэгтээ мөнгөнд шүтэж, хүмүүнлэг сэтгэлгээ нь шунаг байдал руу татагдах нь ихэслээ.

Баян ядуу гэсэн туйлчлалд нэгэнт хуваагдаж архидалт танхайрал хулгай дээрэм залилан хүчирхийлэл аллага гэмт хэрэг газар авч энэ бүхэн хүмүүсийн сэтгэлд өөдрөг бусаар бууж хүмүүнлэг сэтгэлгээг төлөвшүүлэхэд саад тотгор учруулж байна.

Иргэний нийгэм болон бизнесийн олон байгууллага хүмүүнлэгийн уриан дор үйл ажиллагаа явуулж байгаа хэдий ч Төрийн бодлого эрх зүйн зохицуулалт бодитой дэмжлэг үгүйлэгдсэн хэвээр байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Мөрийн хөтөлбөртөө “…Нийгмийн бүхий л хүрээнд байгаа үгүйсгэх, гутаах, тэмцэлдэх үзлийн эсрэг тууштай зогсож бие биендээ урам зориг өгөн дэмждэг, хамтран зүтгэдэг, үндэсний бахархалт үзэл санаа тэмүүллийг бий болгох хүмүүнлэгийн бодлогыг боловсруулж хэрэгжүүлэхийн төлөө ажиллана…” хэмээн санаачилж, тусгасныг үндэслэн дараахь саналуудыг дэвшүүлж байна.

Нэгдүгээрт: Хүмүүнлэгийн чиглэлээр төрөөс баримтлах нэгдсэн бодлого чиглэлийг нэн даруй нарийвчлан боловсруулж, бүх нийтийн үйлс болгон хэрэгжүүлэх зүй ёсны шаардлага байна.

Төрийн хүмүүнлэгийн бодлогыг боловсруулж хэрэгжүүлж хэвшүүлэх нь бүх шатанд хүмүүнлэгийн чиглэлээр хамтран ажиллах нөхцөл бололцоо удирдлага, арга зүй, санхүүгийн бодитой дэмжлэг үзүүлэх суурь хөшүүрэг болох ёстой.

Нийгмийн баялгийн тэгш биш хуваарилалт, хүнд суртал, авлига хээл хахууль газар авсан өнөө үед төрийн бүх шатны байгууллагууд төрийн үйлчилгээг хүмүүнлэгийн ажилтай хослуулан явуулах нь ядуурлын түвшин өндөр хүн амын орлого хомс өнөөгийн нийгэмд илүү үр ашигтай хүндээ хүрсэн үйлчилгээ болж цаашдын хамтын ажиллагаанд чухал түлхэц болно гэж үзэж байна.

Хоёдугаарт: Хүмүүнлэгийн үйлсийг идэвхийлэн дэмждэг дотоод, гадаадын байгууллага, сайн санаат хүмүүсийн тусламж дэмжлэгийг ямарч үед Монголын үндэсний хэмжээний хүмүүнлэгийн санд нэгтгэн төвлөрүүлж шаардлагатай нөхцөлд хуваарилалт, хүргэлт, түгээлтийг зохицуулалтаар хангаж хэвшүүлэх нь аливаа тулгамдсан хүндрэл бэрхшээлийг шуурхай даван туулах нэрвэгдэгсдэд туслах хамгийн үр өгөөжтэй арга болно гэж үзэж байна.

Дэлхийн улс орнуудын туршлагаас үзэхэд нийгэмд байр сууриа олсон томоохон бизнесийн байгууллагууд нь нийгэм хүний сайн сайхны төлөөх тусламж хандивыг зөвхөн албан ёсны хүмүүнлэгийн байгууллагаар хэрэгцээт газарт нь зохих эзэнд нь давхардалгүй дамжуулан хэрэгжүүлдэг эсвэл хамтарч зохион байгуулдаг уламжлал тогтсон байдаг байна.

Өнөөдөр ч гэсэн өөрсдийнхөө орны хүмүүнлэгийн үйл ажиллагааныхаа баялаг туршлагаа бидэнтэй хуваалцахаар хүрэлцэн ирсэнд гүн талархалтай байна.

Манай улсад аливаа хандив тусламжийн уриалгыг хэн дуртай байгууллага хүмүүс гаргадаг, хаа дуртай газраа өгдөг ялангуяа томоохон гамшигийн үед хандивын дансыг олон газар зэрэг нээж зарладаг, цуглуулсан хандивын бараа материалаа төвлөрүүлэх байгууллага тодорхойгүйгээс хаа хандсан газраа хүргэдэг, үүнээс үүдэн хүмүүнлэгийн хандив тусламж давхарддаг, эзнээ олохгүй завсраас нь үрэгддэг, цаг хугацаа алддаг, дутагдал давтагдсаар байгаа юм.

Түүнчлэн Донор орнууд, аж ахуйн нэгж байгууллага, иргэдээс ирүүлсэн хүмүүнлэгийн болон тусламжийн бараа материал бүтээгдэхүүнийг хадгалах, стандартад нийцсэн Хүмүүнлэгийн яаралтай тусламжийн нөөц агуулахтай болгох, шаардлагатай үед гамшгийн бүс голомтод хүргэх зардлыг төр хариуцдаг тогтолцоо бий болгохыг цаг үе шаардаж байна.

Гуравдугаарт: Хүмүүнлэгийн үйлсийг төлөвшүүлэх, нийгмийн найрсалыг бий болгоход хэвлэл мэдээллийн байгууллага манай сэтгүүлчдийн жинтэй бөгөөд үнэтэй үг дутагдаж байна.

Хүмүүнлэгийн үйлсийг идэвхтэй дэмжин хандив тусламж үзүүлдэг энэрэнгүй сэтгэлтэй хүнд тусалж буян үйлддэг байгууллага хүмүүсийн хамтын үйл ажиллагааг сурвалжлан сурталчилж санал санаачлага авууштай туршлагыг            нь олны хүртээл болгож алдаршуулах, хүмүүнлэгийн байгууллагаас зохион байгуулж байгаа ажил үйлсийг цаг тухай бүрд нь түгээж, хүн чанар эв эеийг чухалчилсан нийтлэлийг эрхэм зорилгоо болгон ажиллавал олон түмэнд хүрсэн хүндтэй бөгөөд бодитой ажил болно.

Хэлж ирдэггүй хийсч ирдэг аливаа аюул гамшиг, өвчин тахал нь улс орны эдийн засаг, хувь хүмүүсийн амьдралд ямар их хор уршгийг тарьдагийг ямагт сануулж болсон хойно нь биш түүнээс сэргийлэх, олон түмнийг сэрэмжлүүлэх үйлсэд онцгой ач холбогдол өгөх хэрэгтэй.

Дөрөвдүгээрт: Хүмүүнлэг энэрэнгүй хүмүүжил, эх оронч үзэл бол өвөг дээдсээс уламжлагдан үеэс үед дамжин ирсэн монгол өв билээ.

Хүүхэд, залуучуудад хүнлэг энэрэнгүй үзэл, өсгөн өндийлгөсөн ахмад үеэ хүндэтгэн дээдлэх, хөдөлмөрч тусч хүнлэг зан чанарыг төлөвшүүлэх ажлыг цэцэрлэг, ерөнхий боловсрол, их дээд сургууль, гэр бүл, цэрэг дайчдад өргөнөөр таниулахыг чухалчлах. Түүнчлэн сургалт арга зүй эрх зүйн зохицуулалтыг шинэчлэн үйл ажиллагааг өргөжүүлэн идэвхжүүлэх, хүмүүжлийн ажил явуулах стандарт хөтөлбөрийг гаргаж өөрсдөөр нь хөтлүүлэн хөгжүүлэх, арга зүйгээр хангах зэргээр бодитой дэмжлэг туслалцаа үзүүлж хойч үедээ өвлүүлэн үлдээх үүрэг та бидэнд ноогдож байна.

“Хүн болох багаасаа, хүлэг болох унаганаасаа”… гэсэн ардын сайхан сургаал бий. Өнөө цагийн хүүхэд, залуучуудын дуулгаваргүй, сахилгагүй дэггүй хүмүүжилгүйг хэлэлцэн гайхаас өөрөөр түүнийг өөрчлөн сайжруулах талаар бодитой ажил санал санаачлага төдийлөн өрнөхгүй байна.

Тавдугаарт: Хүний хөгжлийг  хангах хүмүүнлэгийн үйлсийг дэлгэрүүлэхэд иргэний нийгмийн байгууллагууд томоохон үүрэг хүлээж төлөвших ёстой. Хүмүүнлэгийн үйл ажиллагааг дэмжин дэлгэрүүлэхэд урьд урьдынхаас илүү идэвхи санаачлагатай ажиллаж, хүндрэл бэрхшээлийг даван туулах төрөөс баримтлах бодлого шийдвэрийг боловсруулахад санал санаачлага гаргаж идэвхтэй оролцон хамтран ажиллана гэж найдаж байна.

Манай улсад ажиллаж байгаа элчин сайдын яамд, гадаадын хөрөнгө оруулагчид, пүүс компани, олон улсын байгууллагын төлөөлөл, амжиргааг дэмжих, ядуурлыг бууруулах, хүмүүнлэг үйлсийг түгээн дэлгэрүүлэхэд дэмжлэг үзүүлж хамтран ажиллана гэдэгт эргэлзэхгүй байна.

Хүмүүнлэгийн талаар төрөөс баримтлах бодлого чиглэлийг боловсруулахад энд оролцож байгаа та бүгд, та бүхнээр дамжуулан нийт ард иргэд энэ зүгт хүчин чармайлт гаргаж ажиллахыг уриалж байна.

 

Анхаарал тавьсанд баярлалаа.

 

 


URL:

Сэтгэгдэл бичих