Гадаад валютын албан нөөц ”Аюулгүйн дэр” мөн үү?
Монгол Улсын гадаад валютын албан нөөц 2007 оны долдугаар сард анх удаа нэг тэрбум ам.долларт хүрч, ихээхэн баяр ёслолын байдалтайгаар зарлаж байсан юм. Тэр үед дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ 8000 ам.доллараас давж, манайхан ч “шинэхэн баян цээж өвчтэй”-н үлгэрийг жинхэнэ утгаар нь харуулж байлаа.
Харин түүнээс хойш хямрал нүүрлэж, манай улсын гадаад валютын албан нөөц ч багасан дундарсаар тэрбум ам.долларын 1/3-тэй нь дүйцэхүйц хэмжээний гадаад валют л үлдсэн билээ. Хэдийгээр энэ нь 1992 онд Монгол Улсын нэр дээр хадгалагдаж байсан 4,6 сая ам.доллартай зүйрлэх аргагүй ч албан нөөцийн хэмжээ гэнэт дундарсан нь сандралд оруулахад хүрсэн билээ. Харин одоо /арваннэгдүгээр сарын 30-ны байдлаар/ 1,8 тэрбум төгрөгт хүрээд байна. Энэ нь манай улсын импортын 24,01 долоо хоног буюу зургаан сарын хэрэгцээг хангах үзүүлэлт юм. Энэхүү валютын нөөцийг Монголбанк чөлөөтэй хөрвөдөг гадаад валют, мөнгөжсөн алтаар бүрдүүлдэг бөгөөд нөөцийг бэлэн, харилцах, хадгаламж, богино болон урт хугацааны үнэт цаас хэлбэрээр гадаад орны төв банк, Засгийн газар, олон улсын санхүүгийн байгууллага, банкуудад байршуулдаг байна. Харин чухам хаана, хэдий хэрийн хөрөнгийг ямар хэлбэрээр хэдий хэрийн хугацаатай хадгалуулсан талаар огт мэдээлдэггүй. Учир нь эдгээр мэдээлэл улсын нууцын зэрэглэлд багтдаг гэнэ.
Сар бүрийн гуравдугаар долоо хоногт Монголбанкнаас мэдээлэл хийх бүрт сэтгүүлчид энэ талаар асуудаг ч “нууц” гэсэн ганц үгээр халхавчилдаг. Ийн нууцлах нь үнэхээр гадаад валютын албан нөөцийг найдвартай хадгалж буй эсэхэд эргэлзэхэд хүргээд буй юм. Урьд нь гадаад валютын нөөцөд гар дүрсэн хэрэг гарч байсан ч өнөө хэр шийдэгдэлгүй алдагдал болон үлдсэн гашуун түүх бий.
Нуух тусам нээх хүсэл төрөх нь хүмүүний зан. Тиймээс “улсын нууц”-ын зэрэглэлд гадаад валютын албан нөөц багтдаг эсэхэд хариу авахыг зорьтол бүр ч мухардалд оров. Учир нь улсын нууцын жагсаалт нь өөрөө нууц байдаг ажээ. Тэгэхээр “улсын нууц” гэдэг үгээр юуг чиг халхалж болох нь. Бас л нэг эргэлзээ төрөхүйц тайлбар байгаа биз.
Дотооддоо хөрөнгө мөнгөний дутагдалтай, зээлийн эх үүсвэр хомсдолтой энэ цаг үед гадаадад 1,8 тэрбум ам.доллар хадгалж хав дарах нь зөв шийдэл мөн үү хэмээн эргэлзэх хүн цөөнгүй таардаг. Монголбанкны тайлбарлаж байгаагаар гадаад валютын нөөцийг ашиг хонжоо харж, хүүгээр өсгөхийг чухалчлах бус найдвартайг нь бодож маш бага хүүтэй хадгалдаг гэнэ. Ийн бага хүүгээр гадаадад хадгалж буй мөнгөө яагаад дотоодын зах зээлд гаргаж болдоггүй вэ.
Адаглаад л орон сууцжуулах хөтөлбөрт хөрөнгө оруулж, ипотекийн зах зээлд гаргах эсвэл улаанбуудай, шатахуун гэхчилэн дэлхийн зах зээл дээр үнийн хэлбэлзэлтэй бүтээгдэхүүнийг нөөцлөхөд ашиглаж болохгүй гэх газаргүй санагдана. Энэ асуултын хариуд Монголбанкны эрх мэдэл бүхий нэгэн хариулахдаа “Гадаад валютын албан нөөц гэдэг бол автомашины “аюулгүйн дэр” л гэсэн үг. Тэгээд ч Монголбанкийг Засгийн газар болон банкнаас бусад хуулийн этгээд, иргэнд зээл зээл төлбөр, банкны баталгаа гаргахыг хуулиар хориглосон байдаг” хэмээж байлаа. Үнэхээр аюул ослын үед хамгаалах дэрний үүргийг гүйцэтгэж чадаж байвал түүнээс хэрэгтэй зүйл юу байх билээ. Гэвч алсын Америк, Швейцарь, Шведийн банкинд улсын нөөц маань эрсдэлгүй, эргэлзээгүй хадгалагдаж байгаад баттай итгэхэд дэлгэрэнгүй мэдээлэл л бүхнээс чухал байна даа.
Д.Цээпил
URL: