НИТХ-ын шинэ дарга хэн болох вэ?
2016 оны сонгуулиар НИТХ-ын 45 суудлын 34-ыг нь МАН, 11-ийг нь АН авсан. Үүний дараа НИТХ дах МАН-ын бүлэг Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуйгийн нэрийг НИТХ-ын даргад дэвшүүлж сонгосон. Гэвч Ц.Сандуй дарга “60 тэрбум төгрөгөөр төрийн албан тушаалыг наймаалцах асуудлыг ярьсан нь төрийн албаны өндөр албан тушаалтанд байж боломгүй, ёсгүй үйлдэл болсон. НИТХ-д МАН-аас сонгогдсон нэр бүхий 16 төлөөлөгч өнгөрсөн сард түүнийг албан тушаалаасаа огцрох шаардлагыг тавьсан ч МАН-ын удирдах зөвлөлөөс хамгаалаад үлдэж байсан. Харин хэдхэн хоногийн өмнө болсон УИХ дахь МАН-ын бүлгийн хурал дээр МАН-ын дарга М.Энхболд “Ц.Сандуйд хариуцлага тооцох асуудлыг Нийслэл дээр ярина биз” гэж хэлсэн нь үндсэндээ Ц.Сандуйд хариуцлага тооцож болно гэдгийг намын даргын зүгээс, намын зүгээс “зөвшөөрсөн” хэрэг гэж ойлгож болохоор байлаа.
Энэ бүхний дараа “60 тэрбумын автор” Ц.Сандуй НИТХ-ын дарга болон Нийслэлийн МАН-ын даргын албан тушаалаасаа огцрох хүсэлтээ нийслэлийн ИТХ дэх МАН-ын бүлэгт өөрөө гаргасан байна.
Гэхдээ ажиглагчдын үзэж байгаагаар Ц.Сандуй бүрэн эрхийнхээ хүрээд НИТХ-ын ээлжит хуралдааныг зарлан хуралдуулаад, тус хуралдаан дээр албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгч, дараагийн даргын асуудлыг шууд хэлэлцүүлэх боломжийг хэрэгжүүлэх ёстой байсан боловч ингээгүй нь тэрбээр өөрийн “залгамжлагчийг” НИТХ-ын дараачийн даргаар сонгуулах ажлын “хорыг найруулж” байгаа юм биш гэсэн хардлагыг олон нийтэд төрүүлж байна.
Тэгвэл НИТХ-ын шинэ дарга хэн байх вэ? Эх сурвалжийн мэдээлж байгаагаар НИТХ-ын хурлын тэргүүлэгч, Ц.Сандуйг огцруулах асуудлыг анхлан санаачилж хэрэгжүүлсэн, Баянзүрх дүүргээс НИТХ-д сонгогдсон төлөөлөгч Б.Сүхбаатарын нэрийг МАН-ын бүлгээс НИТХ-ын даргад дэвшүүлэхээр болсон тухай хэлж байна.
Б.Сүхбаатарын хувьд НИТХ-ын төлөөлөгчөөр 2016 онд анх сонгогдсон ч хэдий ч дүүргийн намын хорооноос эхлэн намын байгууллагад ажиллаж байсан, мөн хувийн хэвшлийн байгууллагад ажиллаж байсны хувьд тэдний өмнө тулгардаг зовлон жаргалыг сайн мэддэг нэгэн юм. Төлөөлөгч Б.Сүхбаатарын товч танилцуулгыг хүргэе.
Төрсөн он: 1979 онд төрсөн.
Төгссөн сургууль: 1998-2002 Аялал жуулчлалын удирдлагын дээд сургууль, 2008 Удирдлагын академи Бизнес удирдлага, 2012-2014 Удирдлагын академи Төрийн удирдлага
Боловсрол, мэргэжил, Эрдмийн зэрэг цол: Дээд, Төрийн удирдлагын магистр
Ажилласан байдал: 2002-2009 Сумангүнтрэйд захирал, 2009-2012 Улаанбаатар Бизнес хөгжлийн төв НӨҮГ дэд захирал, 2012-2014 TV10 Захирал, 2014 Эрүүл хүнс ХХК-ийн захирал
Сонгуульт ажил: 2008-2012 БЗД-ийн 24-р хорооны ИНХ-ындарга, 2008-2012 БЗД-ийн ИТХ-ын төлөөлөгч, 2012-2016 БЗД-ийн ИТХ-ын төлөөлөгч, МАН- ын бүлгийн дарга, 2009-2014 Говь-Алтай аймгийн Ирээдүй Алтай Залуучуудын холбооны Тэргүүн, 2012 оноос БЗД-ийн МАН-ын хорооны тэргүүлэгч, 2013 оноос МАН-ын бага хурлын гишүүн, 2009 оноос Нийслэлийн МАН-ын хорооны гишүүн, 2016 онд МАН-аас нэр дэвшиж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Төлөөлөгчөөр сонгогдсон. 2016 оноос НИТХ-ын Тэргүүлэгчээр сонгогдсон. 2016 оноос НИТХ-ын Өргөдлийн хорооны даргаар сонгогдсон.
Эх сурвалж: www.SETGUULCH.mn
URL: