Хотын удирдлагууд ТҮЦ-ийхэнд ”ташуур” гаргаж, автохудалдаа эрхлэгчдийн толгойг илсээр байх уу

56c2977df9d9e4a6e90789d9d2d0ffa4Хуулийн өмнө хүн бүр ижил тэгш эрхтэй. Гэтэл хотын удирдлагуудын захирамж, тушаал нийслэлчүүдэд ялгавартай үйлчлээд байх шиг.

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал болон Нийслэлийн Засаг дарга хотын төвд автомашин, тээврийн хэрэгслийн сэлбэг, хэрэгсэл худалдаа эрхэлж буй аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагааг зогсоож, авто захуудын газрыг албадан чөлөөлөх захирамж өдгөөгөөс хоёр жилийн өмнө гарсан ч өнөөдрийг хүртэл хөрсөн дээр буугаагүй хий тэнсээр байна. Цагдаа шүүхийн хаалга хүртэл татаад амжсан эл асуудал өдгөө олны анхаарлыг татаж басхүү дургүйцлийг төрүүлэх боллоо.

Нүүхгүй гэж уллах автохудалдаа эрхлэгчид улсын ажлыг уясаар байх уу

Өнгөрсөн сарын 24-ний өдөр Авто худалдааны цогцолбор үйл ажиллагаагаа бүрэн эхлүүлсэн талаар албаныхан мэдээлсэн. Гэтэл өчигдөр Да хүрээ зах болон 1000 автомашины зогсоолд худалдаа эрхлэгчид шинээр байгууллагдсан авто худалдааны цогцолбор руу нүүхгүй гэдгээ өчигдөр мэдэгдэв. Тэд нүүхгүй гэх шалтгаанаа “Авто худалдааны цогцолборын  газар зүйн байрлалыг буруу сонгосон. Цэвэрлэх байгууламжын дор, уулын жавар хорогдсон мөнх цэвдэгтэй газар барьсанаас болж  өвөл машин хөлдөх, цасанд дарагдах аюултай. Тус газар хүний эрүүл аюулгүй амьдрах орчин бүрдээгүй, байгаль орчинд сөрөг нөлөөтэй. Мөн замын түгжрэлийг улам ихээр нэмэгдүүлэхээр байгаа” хэмээн тайлбарлаж байгаа юм.

Уг нь хотын захиргааны зүгээс нийслэлчүүдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах, худалдаа эрхчлэгдийнхээ ая тухтай орчинд үйл ажиллагаагаа явуулах боломжийг хангах үүднээс хөрөнгө мөнгө зарцуулан байж энэхүү цогцолборыг байгуулсан. СХД-ийн 32-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Авто худалдааны цогцолбор” нь сэлбэг, хэрэгслийн 285 павилон, 11 324 суудлын болон жийп автомашины худалдаа, 1 191 автобус, хүнд даацын автомашины худалдаа эрхлэх талбайтай. Түүнчлэн авто эскпо явагдах цогцолборын  1 барилга, үйлчилгээ оффисын 14 барилга, 42 км авто зам, 8,7 га талбайд явган хүний зам, 1 438 авто машины үйлчлүүлэгчдийн зогсоол, 36,7 га талбайд цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж, 4.4 га талбайд авто машины туршилтын талбайтай тохилог цогцолбор болсон учир тус газар худалдаа эрхлэгчид үйл ажиллагаагаа явуулахад ямар нэгэн бэрхшээл саад байхгүй гэдгийг ч онцолж байгаа.

Мөн хотын төв хэсэгт автохудалдаа эрхлэх нь тухайн хорооны иргэд цаашлаад ирээдүй болсон хүүхэд багачуудын эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй учир нүүлгэх шаардлагатай гэдгийг ч хэлдэг. Байгаль орчны  чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагуудын гаргасан судалгаагаар “Да хүрээ зах орчимд 20 шахам жил авто худалдааны үйл ажиллагаа явуулсанаас болж энэ газрын ойр орчимд агаар, хөрсний бохирдол  нийслэлийн бусад цэгүүдээс хамгийн их байгаа нь тогтоогдсон. Тэр дундаа хүний биед  огт байх ёсгүй хар тугалга тус зах орчимд амьдардаг хүүхдийн цуснаас илрэх болсон.  Энэ бол хойч үедээ заналхийлсэн ноцтой хэрэг мөн” гэдгийг баримтаар нотолж байгаа. Гэсэн ч худалаа эрхлэгчид “Нүүхгүй. Бидний эрхийг зөрчиж байна” гэсэн хэдхэн үгээр улсын ажлыг уясаар өнөөдрийг хүрлээ.

Үнэхээр ардчилсан улс болохоор ийнхүү иргэдийнхээ үгэнд багтаж, тэдний эрхийг дээдэлж толгойг нь илээд байна уу гэвэл бас үгүй юм аа.

Хотын удирдлагуудын тушаал ТҮЦ-ийнхэнд хоног алдахгүй үйлчилж байна

Өнгөрсөн жил шүүхийн өмнө буруутаж, ялагдал хүлээсэн хотынхон тушаал захирамжаа өөрчилж, ТҮЦ эрхлэгчдээс “хариу”-аа авч эхэллээ. Тодруулбал зөвшөөрөлгүй ТҮЦ, ил задгай худалдаа эрхлэгчдийг журамлах ажил эдгээр өдрүүдэд үргэлжилж байна. Өнгөрсөн жил эл ажил өрнөсөн ч “ТҮЦ эрхлэгчдийн холбоо”-ныхон шүүхэд хандснаар Хотын даргын захирамжийг хүчингүй болгуулж, үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж байсан юм. Гэсэн ч энэ жил хотын Ерөнхий менежер, МХЕГ-ын дарга нарын хамтарсан тушаал гарч, зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг буулгахаар болов.

Гэсэн ч үүнийг худалдаа эрхлэгчид үг дуугүй зөвшөөрөхгүй байгаа. Тэдний хэлж буйгаар “Бид зүгээр суугаад төр засгаас бэлэн хоол гуйгаагүй. Ажил олдохгүй болохоор арга ядахдаа гадаа гандаж, хөдөө хөхөрч суугаад хэдэн хүүхдээ тэжээхээр хөдөлмөрлөж байна. Гэтэл хотын удирдлагууд бидэнд ажлын байр бий болгож өгөхийн оронд хүчээр ажилгүй болгож, хоолыг маань булааж байгаад үнэхээр гомдож байна. Ил задгай худалдаа эрхлэгчдийг гарал үүслийн бичиггүй бараа бүтээгдэхүүн зардаг гэж буруутгадаг. Гэтэл бид Монгол Улсын хил гаалиар орж ирээд бусад томоохон сүлжээ дэлгүүр, худалдааны төвөөр борлуулж байгаа зүйлийг л цөөхөн хэдэн төгрөгтөө багтааж аваад зардаг. Үүнд ялгаа байхгүй. Бидэнд ажлын байр бий олгоод өгвөл заавал энэ хүнд ажлыг хийх гэж улайрахгүй” гэдгээ мэдэгдэж байгаа юм.

Үнэндээ ажлын байр гуйж, царайчлах ТҮЦ-ийн худалдаа эрхлэгчид, жижиглэнгийн бараа бүтээгдэхүүн зардаг иргэдэд хотынхоны гаргасан захирамж тушаал хоног алдалгүй үйлчилж байхад яагаад ажлын байрыг нь бэлдээд өгчихсөн автохудалдаа эрхлэгчдэд үйлчлэхгүй сунжраад байна гэдэг ч бас л анхаарал татах асуудал. Үнэхээр албаны хүмүүсийн гаргасан тушаал шийдвэр хэрэгжих ёстой бол ижил тэгш үйлчилж, төрийн төмөр нударгыг тэнцүү хүртээмээр санагдах.

24tsag.mn


URL:

Сэтгэгдэл бичих