Хүнсний бүтээгдэхүүнээ хэдий болтол ачааны машинаар зөөвөрлөх вэ?

Хүн бүр эрүүл чанартай хүнс хэрэглэх эрхтэй ч, чанартай гэдэг үнэлэмжийг авч чадсан хүнс бидний ходоодонд орж чадаж байна уу?

Хүнийхээ эрүүл мэндэд анхаардаг зарим улс орон бүтээгдэхүүн үйлдвэрлэхээс эхлээд хэрэглэгчийн гарт хүртэлх бүх шатанд анхаарал хандуулж хянаж чаддаг. Хэрэглэгч нь сонголтоо хийхдээ юу анхаарахаа мэддэг, наад зах нь  он сар болон худалдаалж байгаа орчин нөхцөлийг харж сонгодог болчихоод удаж байгааг учир мэдэх мэргэжилтнүүд хэлж байна.

Харин Монголчууд бид бөөний төвөөр л ихэвчлэн үйлчлүүлдэг, эрс тэс уур амьсгалтай ч чингэлгээс хүнсээ авчихдаг. Гэтэл мэргэжлийн байгууллагын хяналт шалгалтын дүнгээс харахад шалгалтанд хамрагдсан 16 аймгийн 186 бөөний төв нь түргэн гэмтэх, эмзэг бүтээгдэхүүнийг тээвэрлэх явцад стандарт, технологийн шаардлагыг хангадаггүй. Тэр ч бүү хэл гадны орчны нөлөөллөөс хамгаалах тусгай зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлэдэггүй нь тогтоогдсон байна. Энэхүү тоо баримтаас харахад 50.9 хувь нь зориулалтын бус тээврийн хэрэгсэлтэй байна.

Нэг үгээр хэлэхэд ачааны машинаар төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, боловсруулсан махан болон жижиглэн савласан бууз, банш, өндөг, шувууны мах, сүү, сүүн болон кремтэй бүтээгдэхүүн зэрэг бидний өдөр тутам хэрэглэдэг хүнсийг ачиж тээвэрлэдэг байх юм.

Энгийн нэгэн жишээ дурдъя. Өдөр тутмын хэрэглээ болох бөөрөнхий талх ямар ч сав баглаагүй, хаяг шошгогүй, хэзээ үйлдвэрлэсэн нь тодорхойгүй, тээвэрлэхдээ бас л ил задгай бүхээгтэй портерт ачиж, дэлгүүрийн лангуун дээр хүргэгддэг. Харин дэлгүүр нь худалдаалагдахдаа мөн л уут савгүй, бохир гараар дамжин бидний гар дээр ирдэг. Сүүлийн үед гялгар уут дэргэд нь тавьдаг болсон ч уут савгүйгээр нь энгэртээ наагаад явж буй хүүхдүүдийг нэг биш нилээд хэд харсан. Энэ нь бидний өдөр тутмын амьдралын нэг зураглал.

ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ АЧААНЫ МАШИНД БРЕЗЭНТЭЭР ХУЧИЖ ТЭЭВЭРЛЭДЭГ

Хүнсний бүтээгдэхүүнийг тээвэрлэхэд мөрддөг стандартын талаар МХЕГ-ын стандарт чанарын хяналтын улсын байцаагч Я.Батцагаанаас тодрууллаа.

-Хүнсний бүтээгдэхүүний тээвэрлэлтэд хэрхэн хяналт тавьдаг вэ? Стандартын хэрэгжилт ямар түвшинд байна вэ?

-Хүнсний бөөний төвүүдэд бүтээгдэхүүний хаяг шошго, хадгалалт, тээвэрлэлтийн мөрдөлтөд хяналт, шалгалт хийж шалгалтын дүнг хэлэлцэж, шийдвэрлээд байна. “Хүнсний түргэн гэмтэх, эмзэг бүтээгдэхүүнийг тээвэрлэх ангилал” Ерөнхий шаардлага”. MNS 5343:2003 стандарт байдаг. Энэ стандартын  хэрэгжилт 4 үзүүлэлтийн дундажаар 23.0 хувьтай байна.

-Орон нутаг руу хүнсний бүтээгдэхүүнийг хэрхэн тээвэрлэж байна вэ? Энэ ч бас хүндрэлтэй асуудлын нэг.
-Аймгуудын 60 гаруй хувь нь түргэн гэмтэх ачааг ачиж буулгах, тээвэрлэх үед хадгалах зориулалтын тавиур, чингэлэг, хайрцаг, савны хүрэлцээ хангалтгүй байна. Баянхонгор аймаг түргэн гэмтэх хүнсний бүтээгдэхүүнээ тусгай зориулалтын тээврийн хэрэгсэл бүхий аж ахуйн нэгжүүдтэй гэрээ хийж тээвэрлэдэг. Харин аймгуудын 90.5 хувь нь хүйтэн сэрүүн, дулааны аль ч улиралд ердийн ачааны автомашинаар, брезэнтээр хучиж тээвэрлэдэг тул хүнсний эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага хангахгүй байна.

-Тэгвэл нийслэлийн жижиг бөөний худалдаа эрхлэгчид голдуу л жижиг машинаар зөөж байгаа нь бидний нүдний өмнө ил байдаг. Үүнийг шаардлага хангахгүй байна гэж үзнэ биз дээ?
-Нийслэлийн хүнсний жижиг бөөний худалдаа эрхлэгчид “Бөмбөгөр”, “Нарантуул”, “Хархорин”, “Барс”, “Оргил” бөөний төвөөс бөөндөн авч, жижиг оврын микро, суудлын машинаар зөөвөрлөн авч, худалдан борлуулж байгаа нь уг стандартын шаардлагад нийцэхгүй гэсэн үг шүү дээ.

-Ингэж зориулалтын бус тээврийн хэрэгсэлээр тээвэрлэсэнээр бидний эрүүл мэнд  хэрхэн хохирох вэ?
-Түргэн гэмтэх хүнсний бүтээгдэхүүнийг зориулалтын бус тээврийн хэрэгсэлээр тээвэрлэсэнээр чанар аюулгүй байдлаа алдана. Чанаргүй бүтээгдэхүүн мэдээж хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө. Бүтээгдэхүүн бүрийн хадгалах тээвэрлэх нөхцөл өөр өөр. Тухайн нөхцөлд нь тохирсон нь тээвэрлэлтийг хийх ёстой.

-Стандарт хэрэгжихгүй байгаа шалтгаан нь юу юм бол?

-Хамгийн өндөр эрсдэл үүсэх нэг нөхцөл нь хүнсний түргэн гэмтэх, эмзэг бүтээгдэхүүний тээвэрлэлт байдаг.  Гэвч шалгаад зөрчил илрүүлээд байгаа ч үр дүнд хүрэхгүй байгаа нь худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийн үүрэг хариуцлага, дотоод хяналттай холбоотой хууль эрх зүйн орчин бүрдээгүй байна.

Улсын хэмжээнд байдал нэг иймэрхүү. Хэдий болтол бид АЧААНЫ МАШИНААР хүнсний бүтээгдэхүүнээ тээвэрлэх вэ. Эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдлын талаарх асуудлыг ярьсаар удлаа. Тээвэрлэгдэн ирж буй хүнсний бүтээгдэхүүндээ анхаарахгүй байгаагаас агаарын бохирдол, гадна орчины нөлөөллөөс болж бохирлогдсон хүнсээр дамжин халдварт өвчин дэгдэх нөхцөлийг бүрдүүлж байгааг үгүйсгэх аргагүй юм. Тухайн хүнсний бүтээгдэхүүний онцлогт тохирсон зориулалтын гэж нэрлэгддэг тээврийн хэрэгсэлээр хүнсээ тээвэрлэх зайлшгүй шаардлага байгааг үйлдвэрлэгчид болон холбогдох яам, агентлагууд анхааралдаа авах цаг иржээ.

Энэ сэдвээс үндэслээд импортын хүнсний бүтээгдэхүүний тээвэрлэлийн талаар хөндөн, сурвалжлах болно.

А.Мөнх


URL:

Сэтгэгдэл бичих