Сануулгатай гишүүд
Энэ парламентад асуудалтай хүмүүс олон байна. Нэг үгээр хэлбэл “сануулгатай” гэсэн үг. Авлига, хээл хахууль, улсын мөнгө идсэн уусан хэргээр нь шалгах гэхээр УИХ-ын гишүүний бүрэн эрх гэж хүрч болдоггүй, хүссэн ч дарамталж болдоггүй том “шаврын хаалт” өмнөө барьчихаад элгээ тэвэрч суучихаад хөдөлж өгдөггүй хүмүүс цөөн бус.
АТГ-аас ч, УЕПГ-аас ч тэр гишүүнийх нь бүрэн эрхийг түдгэлзүүлэх албан бичиг, тоотуудыг шувуу болгоноор дайж, шуудан болгоноор хүргүүлээд ч нэмэргүй. Яг адилхан “намтар түүх”-тэй хүмүүс нэгнээ өмгөөлөөд хааш нь ч хөдөлгөхгүй хашчихаж чадаж байгаа юм чинь. Ойчвол цуг л унана гэж мэдээрэй гэдэг шиг нэгийг нь сугалж аваад шалгачихвал нөгөөдүүл нь ч араас нь явчих гээд тун хэцүү байдалд орох болохоор хамгаалахгүй гээд ч яалтай билээ.
Энэ удаагийн парламентад суугаа 76-гаас /уг нь гишүүнээс гэх ёстой ч эзэн биегүй нөхөдтэй яг тэгж харилцах гээд байдаг болчихож, хог гэж/ “сануулгатай” гишүүдийг түүгээд нэг үзэх үү дээ. Хамгийн ойрхны жишээ. УИХ-ын гишүүн Х.Наранхүүг АТГ-аас шалгаж буй. Бүр эрүүгийн хэрэг үүсгэчихсэн гэнэ лээ. “Эрдэнэт” үйлдвэрийн захирлаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласнаар Эрүүгийн хуулийн 264 дүгээр зүйл ангиар шалгагдаж байгаа гэдгийг хэвлэлүүд бичиж байснаас бус яг шалгаж байгаа талаар АТГ-ын Хэвлэл мэдээллийн ажилтнууд лав мэдээлээгүй.
АТГ-ын хэвлэлийн албаныхан гэж хүнд сурталтай хөшингө хүмүүс сэтгүүлчдэд тиймэрхүү зүйлээр ам ангайна гэж байхгүй. Зүгээр л сургалт энэ тэр зохион байгуулсан мэдээллээ бол харин “савчихаа” мэднэ. За бүр хадуурах нь. Гол асуудалдаа оръё. Дараагийн хамгийн ойрхон сануулга авсан хүн бол Төв аймгийн депутат Д.Дондог. УЕПГ-аас наад гишүүнийхээ бүрэн эрхийг түдгэлзүүлчихээч гэдэг саналыг УИХ-д гурвантаа тавиад тусыг эс олсон. Бусдад таван тэрбум төгрөгийн онц их хэмжээний хохирол учруулсан, олон яллагдагчтай хэргээр шалгах гээд бараагүй. Гишүүн өөрөө ч хэрэв би хэрэг хийсэн бол манай нам намайг татаад л авчихна, тэгэхээр би хэрэг хийгээгүй байгаа биз дээ гэж хэвлэлээр хээвнэг ярьж, зүүдээ бус өөрийн болоод намынхаа хулгайг илчилж орхисон.
УИХ-ын алдарт хэрүүлч Л.Гүндалайн тухайд бол хэлэх ярихаас ч залхаж байна. Эрүүл мэндийн сайдын албыг хашиж байхдаа тендер будлиантуулсан хэргээр АТГ-т шалгагдаж нэг хэсэг сэтгэлийн дарамттай явав даа, хөөрхий. АТГ ч шинэхэн байгууллага, ёстой л галзуу барын аманд гараа хийе үү, байя уу л байсан биз. Хэвлэл мэдээллийнхэнд, монголчуудад урьд өмнө сонсч байгаагүй байсан болоод ч тэр үү, УИХ-ын гишүүн нь юу юугүй дээлээ нөмрөөд Ганцад орох нь гэлцээд л. Бараг л гишүүний өмнөөс залхаж байсан байх шүү хүмүүс. Шинэхэн, соньхон ч байж дээ, АТГ, Л.Гүндалай хоёр. Одоо хэрэг нь бараг хаагдсан сураг дуулдана лээ.
О.Чулуунбатын тухайд монголчуудын хэзээ ч сонсч байгаагүй гоё тодорхойлолттой хэргээр шалгах дээрээ тулчихаад бас л гацаанд орчихсон байгаа. “Алт дилерийн хэрэг” гэх үгийг мэдэх нэг нь мэдэх ч, мэдэхгүйд нь бол хачин сонин хэрэг. Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа, түүнээс өмнө, хойно мөнгийг яаж угааж, арвижуулж, өгч авалцдагийг үлгэр жишээчээр харуулсан гээд л бичицгээгээд байгаа. Үнэн болоод л тэгж шуугицгааж байгаа биз.
Энэ хэдэн сануулгатай гишүүдээс гадна ард түмэн “албан бус” тооцоо бодохоор хорхойтой араандаа зуучихаад байгаа олон гишүүн, олон сонгогчид нь байгаа.
Улаанбаатар-Лүнгийн хоорондох зам, тал хоёрыг там болгож, тендерийг авлигаар авсан гэгдэж буй Д.Дамба-Очир, “Орчлон” хотхоны аймаар үнэтэй хаусыг ямар мөнгөөрөө авсан байна аа гэж хардагдаад байгаа Д.Зоригт, ангийн нөхдөө авилга авсан, би өгсөн гэж хэтэрхий шударга загнасан Ш.Сайхансамбуу, хотын мээр байхдаа нийслэлийн аль өнгөтэй өөдтэй газрыг баруун солгойгүй цацаж, “Ургах наран” хорооллынхоо мөнгийг босгосон гэх Ц.Батбаяр, Монголын замын хөрөнгийг улсад зориулахаас урьтаж завшсан гэгдэх Р.Буд, Ц.Батбаяртай нийлж нийслэлийн хөрөнгө, газар хоёроор хөлжсөн М.Энхболд гээд тоочоод байвал энэ 76-д гуншингүй хүн ховор бололтой.
76-гаас гайгүй нэр цэвэр хүн олоод ир гэвэл гарын таван хуруунд багтахгүй янзтай шүү. За больё.
Д.ДОРЖ
URL: