Монгол, АНУ, Япон улсын хамтарсан МЭДЭГДЭЛ
Монгол Улс, АНУ, Япон Улсын гурван талт уулзалт 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотноо болов. 2015 онд эхлүүлсэн энэхүү гурван талт уулзалт нь Монгол Улс болон түүний “гуравдагч хөршүүд” болох АНУ, Японы хооронд бүс нутгийн болон олон талт хамтын ажиллагаа, эдийн засгийн интеграцчлалын асуудлаар санал солилцох суурь механизм болж байгаагийн хувьд чухал ач холбогдолтойг талууд онцлон тэмдэглэв.
Энэ удаагийн гурван талт уулзалтаар талууд санаа зовниж буй зарим асуудлаар санал солилцов. БНАСАУ цөмийн болон баллистик пуужингийн технологио үргэлжлүүлэн хөгжүүлж, ялангуяа 8 дугаар сарын 29-ний өдөр Япон Улсын нутаг дэвсгэр дээгүүр баллистик пуужин харваж, бүс нутгийн болон олон улсын хэмжээнд аюул занал учруулж байгаад сэтгэл нэн зовниж байгаагаа талууд илэрхийлэв. Энэхүү үйлдэл нь бүс нутгийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж байгааг талууд тэмдэглэж, бүс нутгийн тогтвортой байдалд заналхийлэх үйлдлээ даруй зогсоож, олон улсын өмнө хүлээсэн үүрэг болон НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн холбогдох бүх тогтоол болон олон улсын хурцадмал байдлыг энхийн замаар шийдвэрлэх, Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангид байлгах хамтын зорилтын төлөөх 6 талт хэлэлцээний 2005 оны Хамтарсан мэдэгдлээр тус тус хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэхийг Пхеньянд уриалав. Талууд мөн НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн холбогдох тогтоолууд, ялангуяа 2371 дүгээр тогтоолын шинэ заалтуудыг бүрэн дүүрэн хэрэгжүүлэхийг НҮБ-ын нийт гишүүн орнуудад уриалахын сацуу хулгайлагдсан иргэдийн асуудлыг нэн даруй шийдвэрлэхийн чухлыг тэмдэглэв.
Талууд олон улсын эрх зүй, хэм хэмжээ нь улс хоорондын энх тайванч, үр бүтээлтэй харилцааны чухал үндэс суурь болохыг дахин нотлож, цаашид НҮБ болон олон улсын бусад байгууллагуудын хүрээнд гурван талын хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээр тогтов. Гурван тал болон олон талын хүрээнд аюулгүй байдал, батлан хамгаалахын салбарын хамтын ажиллагаагаа хөгжүүлэх талаар санал нэгтэй байгаагаа оролцогчид дахин нотлов. НҮБ-ын энхийг сахиулах болон дэлхийн мөргөлдөөнт бүсүүдэд тогтвортой байдлыг хангахад чиглэсэн ажиллагаанд оруулж буй Монгол Улсын хувь нэмрийг АНУ болон Японы тал өндрөөр үнэлэв.
Харилцан ашигтай эдийн засгийн хамтын ажиллагаа нь гурван талын харилцаанд чухал байр суурь эзэлж байгааг талууд тэмдэглэв. Талууд худалдааныхаа хэмжээг нэмэгдүүлэх, Монгол Улсын бизнес, хөрөнгө оруулалтын орчныг АНУ болон Японы аж ахуйн нэгжүүдэд илүү таатай болгох, ялангуяа ил тод, тогтвортой байдлыг хангах нөхцөл боломжийн талаар санал солилцов. Гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх, Монгол Улсын эдийн засгийг эрчимжүүлэхийн тулд Монгол Улс ОУВС-тай тохиролцсон хөтөлбөрөө бүрэн дүүрэн хэрэгжүүлнэ гэдэгт найдаж байгаагаа Япон, АНУ-ын тал илэрхийлэв. Япон болон АНУ-ын тал Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарын өрсөлдөх давуу талыг тэмдэглэж, Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний салбарын зорилтыг хэрэгжүүлэхэд нь хамтран ажиллахаар болов.
URL: