Оюутолгойн хахууль дийлддэггүй гэнэ
Дархан-Уул аймгийн Шарын гол суманд УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатарыг ажиллах үеэр уурхайчин залуу түүнд гомдол тавьжээ. Тэрбээр “УИХ-ын гишүүд та бүхэн нэг их сайхан юм ярих. Оюутолгой компанид ажилд орох гэж очсон, хээл хахууль нь дийлдэхээ байчихсан газар юм билээ. Ер нь тэгээд Засгийн газар Оюутолгой ордод ажиллах боловсон хүчнийг бэлтгэж байна, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд сар тутамд цалин өгч сургаж байна л гэх. Эцэг, эхийгээ дагаж хар бага наснаасаа эхэлж, уурхайд ажилласаар хатуу хөтүүг ажрахгүй болж, ажлын дөртэй болсон биднийг яагаад Оюутолгой компанид шууд ажилд оруулж болдоггүй юм бэ. Төсөв мөнгөнд ч хэмэлттэй юм биш үү, Шарын голд мэргэжлийн үнэмлэхгүй болохоос ясны уурхайчин залуу олон байна” гэжээ. Тиймээс гишүүн энэ асуудлаар УИХ-ын баасан гаригийн Чуулганы хуралдааны Засгийн газрын цагийн үеэр Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдад асуулт тавьсан юм. Сайд Т.Ганди “Оюутолгойд өнөөдрийн байдлаар 3600 монгол залуу ажиллаж байна. Өндөр хүчин чадал шаардсан технологи дээр ажиллах учраас зайлшгүй сургах шаардлага бий. Энэ үндсэн дээр залуучуудыг сургаж байгаа. Цаашид Засгийн газраас аймгуудыг бүсчилж, залуучуудыг сургах бодлого баримтална” гэсэн хариулт өгсөн юм. Харин хээл хахуультай холбоотой асуудалд хариулт өгсөнгүй.
Г.Дарь
URL: