САНААНЫ ХУЛГАЙЧДАД ИЧИХ БУЛЧИРХАЙ АЛГА
2014 онд миний “Тэнгэрийн аялгуу” нэг хүний жүжиг маань тайзнаа амилав. Энэ цагийн авьяаслаг жүжигчин Ц.Баясгалан өөрийн гэсэн монгол зохиолтой болмоор байна хэмээн надад хандсанаар энэ бүтээл төрөх эхлэл тавигдсан юм. Анх түүхэн сэдвээр бүтээл хийцгээе гэснээ, ер нь байгаль экологи, хүн төрөлхтний амин холбооны тухай сэдэв илүү чухал хэмээн өөрчилцгөөж билээ. Уг амин шүтэлцээг Бүүвэйн дууны домог хэлбэрээр илэрхийлэхээр болов. Ийнхүү Монголын анхны монодрамуудын нэг бичигдсэн түүхтэй.
Жүжгийн маань Ерөнхий найруулагчаар “Масс” студийн захирал Д.Сангибат, ерөнхий зураачаар МУСТА Ц.Энхтуяа, хөгжмийн зохиолчоор МУСТА Д.Түвшинсайхан, туслах найруулагчаар МУСТА Ц.Инъяахүү, ерөнхий менежерээр МУСТА Б.Нямсүрэн, морин хуурчаар МУСТА Р.Амарбаяр нар ажиллаж, 2014 оны гуравдугаар сарын 7-9-ний өдрүүдэд тоглож, үзсэн хүмүүсээс магтаал талархлын үг харамгүй сонссон. Тэр оныхоо “Гэгээн Муза” шагналыг зохиолч, найруулагч хоёр нь хүртсэн. Ц.Баясгалан жүжгээ гадаад дотоодын нэлээд хэдэн газарт тоглуулсан. Ялангуяа Хөвсгөл далай дээр задгай байгальд тоглосон нь ер бусын сэтгэгдэл үлдээсэн тухайгаа уран бүтээлч хүний халуун сэтгэлээр бахархан ярьж байсныг нь тодхон санаж байна. Жүжгийн хөгжим, дууг Д.Түвшинсайхан үнэхээр сайхан бүтээж, Ц.Баясгалан маань гайхалтай дуулсан. Үүгээр маань Монголын үндэсний радио бас жүжиг хийсэн байна билээ. Цахим орчинд жүжгийн дуунууд анхны өдрөөсөө л түгсэн. Товчхондоо “Тэнгэрийн аялгуу” жүжиг бүтээгдсэн цагаасаа хойш тасралтгүй амьдарсаар байгаа юм.
Харамсалтай нь энэ зохиолыг маань хуулбарлан уран сайхны кино хийхэд бэлэн болжээ. Найруулагч нь олны танил эрхэм, зохиолч нь түүний өөрийнх нь эхнэр гэнэ. Аливаа зохиол бичигдсэн мөчөөсөө эхлэн оюуны өмч болдог, зохиогчийн эрхийн асуудал үүсдэг хөдөлбөргүй хуулийн хаагуур нь тэд гарах юм бол доо? Миний уран бүтээл бол миний үр хүүхэд юм. Үр хүүхдийнхээ хувь заяаны төлөө гар хумхин сууж би л лав чадахгүй.
Урианхан Бадам-Очирын Галаарид
URL: