МАН-ын 65-ын бүлэг АН-ын аманд оров уу?
Тэртээ 2000 оны агуу их ялалтаа өнгөрсөн 2016 онд МАН давтсан юм. УИХ-д 65 суудалтай болно гэдэг тээр жилийн 72 суудалтай байснаас огт ялгаагүй юм.
Хэдийгээр АН есөн суудал авч УИХ-д бүлэгтэй болсон ч бүхэл бүтэн 65 суудалтай намын хувьд юу ч биш. МАН хүссэнээр хийж, амласнаараа ажиллах бүх нөхцөл нь бүрдсэн гэсэн үг.
Сонгуулийн дараа МАН-ын дарга М.Энхболд УИХ-ын дарга болж, Ж.Эрдэнэбат Ерөнхий сайд боллоо. Ж.Эрдэнэбат “Мэргэжлийн” хэмээх тодотголтой Засгийн газрыг эмхэлж, үйл ажиллагаагаа явуулж эхлэв.
Үнэнийг хэлэхэд энэ Засгийн газар тун хүнд үед ажил авсан. Улс орны сан хөмрөг хоосорч, элдэв бондын их хэмжээний төлбөр тооцоо төлөх ёстой болов. Нэгэнт шаварт унасан шарын эзэн болсон хойно яаж ийгээд хямралыг туулах хариуцлага Ж.Эрдэнэбатын Засгийн газарт оногдсон.
ОУВС-тай амаргүй хэлэлцээ хийж, эдийн засгийн дэмжлэг авах хөтөлбөрт хамрагдаж чадав. Энэ хооронд УИХ-ын сонгуульд намынхаа амласан зарим амлалтыг түр азнав. Эдийн засгийн нөхцөл байдлыг энгийн иргэд ч ойлгож байсан юм. Юу юугүй тулаад байсан эхний ээлжийн өрийг ч нэг тийш нь болгож чадав. Удалгүй дэлхийн зах зээл дээрх уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өсөх хандлага харагдав. Мөн хөрөнгө оруулагчид наашилж эхэлсэн. Ингээд жил орчим болж байтал Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болж, МАН ялагдлаа.
Сонгуулийн маргаашаас нам дотроос нь Засгийн газраа унагах санаачлага гарч, явсаар УИХ-ын 30 гишүүн гарын үсэг зурсан саналыг УИХ-ын дэд даргад өргөн барив.
Мэдээж хэрэг, Засгийн газрыг огцруулах зайлшгүй шалтгаан байна гэж огцруулах санал өргөн баригчид хэлж байгаа. Тухайлбал, намынхаа амлалтыг биелүүлээгүй, дур мэдэж зарим шийдвэрийг гаргасан хэмээн буруутгаж байгаа юм.
Юутай ч УИХ дахь МАН-ын бүлгийн 30 гишүүн гарын үсэг зурсан байгаа. Тэд УИХ-ын даргын нэр дээр саналаа өргөн барьчихаад хэрхэхийг хараад сууж буй юм.
Гэтэл асуудал хэний ч төсөөлөөгүй байдал руу эргэж магадгүй болоод байна. Анх эхэлсэн МАН-ын дотоод зөрчлөөс үүдсэн энэхүү явц үргэлжилсээр жоомоо алах гээд байшингаа шатаав гэдэг шиг юманд хүрч болзошгүй болжээ.
Дөрөв хоногийн өмнө УИХ-ын 30 гишүүн саналаа өргөн барьсан. Тэдний саналыг УИХ-ын дарга биш УИХ-ын дэд дарга Я.Санжмятав хүлээн авав. Хуульд зааснаар УИХ-ын даргын эзгүйд дэд дарга нь энэ үүргийг хэрэгжүүлэх ёстой л доо. Гэхдээ УИХ хоёр дэд даргатай. МАН-ын бүлгийг төлөөлсөн нь Ц.Нямдорж, АН-ынх Я.Санжмятав юм.
Засгийн газрыг огцруулах саналыг дан ганц МАН-ын 30 гишүүн өргөн барьж байдаг. Тэд яагаад өөрийнхөө намын харъяалал бүхий дэд дарга Ц.Нямдоржид хандалгүй, АН-ын Я.Санжмятавт хандсан нь анхаарал татаж байгаа.
Уг нь Ц.Нямдорж МАН-ын одоогийн удирдлагад шүүмжлэлтэй хандаж, хэдхэн хоногийн өмнө ширүүхэн ярилцлага телевизээр өгч харагдсан. Гэтэл тэрээр Засгийн газрыг огцруулах саналд гарын үсгээ зурсангүй. Мөн энэ саналыг нь УИХ-ын дэд даргын хувьд хүлээн авсангүй. Тэгэхээр Ц.Нямдорж “тэд”-ний нэгдлээс гарсан байж таарах гээд байгаа юм. Ер нь санал өргөн барьснаас хойш хэд хэдэн гишүүн гарын үсгээсээ татгалзах гэж байна гэсэн мэдээлэл мэр сэр гараад байгаа. Ортой ч байж мэдэх юм.
Ц.Нямдоржоос гадна Сү.Батболд, Д.Лүндээжанцан, Ө.Энхтүвшин зэрэг МАН-ын нөлөө бүхий гишүүд Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсгээ зураагүй байна лээ. Энэ нь дээрх эрхмүүд 30 гишүүндээ итгэхгүй байна гэж болохоор байгаа юм.
Нөгөө талаар гарын үсэг зурсан гишүүд татгалзаад хорогддоггүй юм гэхэд 30 гишүүнтэйгээр ээлжит бус чуулганд орвол санасандаа хүрч Засгийн газрыг унагаж дөнгөхгүй. Хуулиар бол 39 гишүүн кноп дарж байж Засгийн газрыг татан унагах ёстой. Ингэхээр санал өргөн барьсан 30 гишүүнд дахиад есөн гишүүн хэрэгтэй болж байгаа юм. Бидэнд ирсэн мэдээллээр УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар, Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар өнгөрсөн баасан гаригт гарын үсгээ зурж, гишүүдийн тоо 33 болсон гэж байгаа. Гэсэн ч хуулиар тогтоосон тоо нь 39 байгаад байгаа.
Ийм байдал үүссэн болохоор дээрх 30 гишүүн хоёр дахь хувилбар болгож, АН-тай тохирсон байх магадлалтайг эх сурвалж хэлж байна. Хэрвээ энэ мэдээлэл үнэн бол АН “галын дэмжлэг” үзүүлэх нь тов тодорхой. Өдийд нойр нь ч хүрэхгүй байгаа байх. Ингэвэл АН-ын бүлгээс найман гишүүн кноп дарна. Ес дэх гишүүн болох Б.Наранхүү хэзээ ч хуурай ах М.Энхболдынхоо эсрэг хөдөлнө гэж үгүй. Үүнийгээ ч нуудаггүй нэгэн гэсэн. Жил шахмын өмнө түүнийг МАН-д өргөдлөө өгчихөөд Москва руу дагаад явлаа л гэж байсан. Тэр шуугиан тэгсгээд чимээгүй болсон.
Тиймээс МАН-ын 30-д дахиад нэг гишүүн хэрэгтэй. Гэхдээ энэ асуудал биш байх. Ганц гишүүнийг тэд намаасаа олно. Олдохгүй бол өөр хоёр ч боломж тэдэнд бий.
Түүнээс гадна ээлжит бус чуулганыг хуралдуулахад Ерөнхийлөгч Х.Баттулга хүчин зүтгэл гаргаж магадгүй гэдэг мэдээлэл бас бий. УИХ-ын дарга М.Энхболд гэнэт бие нь өвдөөд гадаад руу ниссэн. Явахдаа хоёр дэд даргадаа ажил үүргийг нь гүйцэтгэхийг даалгасан захирамж гаргаагүй явсан гээд байгаа. Хэрэв түүгээр болбол Я.Санжмятавын хүлээж авсан санал хүчин төгөлдөр бус болох магадлал ч өндөр байгаа юм. Тиймээс л Ерөнхийлөгч ээлжит бус чуулганыг санаачлах байх гэсэн таамаг мэдээлэл явж эхлээд байгаа ажээ.
Энэ бүхнээс үзэхэд ээлжит бус чуулган зарлахаас эхлээд түүгээр хэлэлцэх асуудлуудыг хэрхэн шийдэхэд АН нөлөөлөх нь бараг л тодорхой байх шиг байна. Тэнгэрийн умдаг болохоор АН энэ боломжийг алдахгүйг хичээж таарна. Ямар ч үнээр хамаагүй МАН-ын гишүүдийн санаачлагыг ажил хэрэг болгох гэж үзнэ. Гэтэл яг үнэндээ энэ цаг мөчид Засгийн газар юу хийж байсан бэ гэвэл, АН-ын, тодруулбал Н.Алтанхуягийн Засгийн газрын үед тавьж, энэ намынхны гараа угаасан “Бондын өр” –ийг төлөх асуудлаар гарц, шийдэл хайж, төсөл төлөвлөгөө гаргаад явж байв. Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Нямаа бондын эргэн төлөлтийн талаар сэтгүүлчдийн асуултад хариулахдаа “Чингис бондын эхний ээлжийн эргэн төлөлтийг ирэх онд хийх ёстой. Үүнийг төлөх эх үүсвэр байхгүй, манай эдийн засагт ийм нөөц хуримтлагдаагүй. Валютын нөөц ч бага байгаа. Эдийн засаг жаахан сэргэж байгаа ч хуримтлал үүсээгүй байна. Байгаа боломжаа шавхаад төллөө гэхэд эргээд эдийн засагт сөрөг нөлөөтэй. Төсвийн зардал, төрийн үйлчилгээний зардал огцом буурах нөхцөл үүснэ. Иймд бид бондын төлбөрийг гадаад зах зээлээс олохоор бэлтгэл ажлыг хангахаар ажиллаж байгаа. Гэтэл энэ ажил маань зогслоо. Учир нь Засгийн газрыг огцруулах асуудлыг 30 гишүүн гарын үсэг зурж өргөн барьсан. Хөрөнгө оруулагчид Засгийн газрын тогтвортой байдал, цаашлаад Монгол Улсын эдийн засгийн тогтвортой байдал, өөрчлөлт, шинэчлэлт, ОУВС-гийн хөтөлбөр үргэлжлэх үү зэрэг олон талыг харна. Засгийн газар огцруулах асуудал ярьж буй үед тэд хөрөнгө оруулагчид хөдлөхгүй учраас бид ажлаа зогслоо” гэсэн юм. Засгийн газрыг огцруулах асуудал доторх шаардлагууд дотор АН-ын тавьсан өрийн асуудал ч том дарамт болж буусан. Түүнийг нь төлөх гэж яваа хүндхэн үеп Ардчилсан намынхан засгийг огцруулахаар ухалзаж буй юм. Энэ зуурт нь ганцхан жилийн өмнө УИХ-д 65 суудалтай болж, ялалтаа албан ёсоор тунхаглаж байсан МАН-ын бүлэг задарснаа зарлана гэсэн үг. Учир нь МАН-ын бүлгийн 30 гишүүн Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсан. Засгийн газрыг эргэлзээгүй хамгаалах 25 гишүүн бий. Харин дунд нь арваад гишүүн яах нь мэдэгдэхгүй яваа. Эцэст нь хэлэхэд, яг одоо МАН-ын 65 гишүүнтэй бүдүүн бүлэг АН-ын аманд орчихов уу гэлтэй харагдаж байна.
Б.Дамдин
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: