Уналтыг өсөлт, хасахыг нэмэх рүү хөтөлсөн Засаг

11145

Ардчиллаас хойших Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн дээд амжилтыг өнөөдөр эрх барьж буй Монгол Ардын Намын Засгийн газар 2008-2012 оны хоорондох дөрвөн жилд үзүүлж байлаа. Бүр тодруулбал, С.Баяраар эхэлж Сү.Батболдоор удаалсан Засгийн газрын эдийн засагт авчирсан өсөлт бол 17.5 хувь байв. Энэ эдийн засгийн үзүүлэлт Монгол Улсын өрх бүрт, иргэн бүрт мэдрэгдэж, хүн бүр бодит орлоготой, боломжийн амьдралтай байсныг гэрчлэх хүн цөөнгүй. Тэгвэл 2012-2016 оны хооронд засаг барьсан АН 17.5 хувийн өсөлттэй явсан эдийн засгийг нүд ирмэхийн зуурт хасах руу аваачсан нь монголчуудад хүндээр туссан. Үүнд хамгийн том түлхэц болсон зүйл нь төсвийн сахилга бат алдагдсан явдал гэдгийг эдийн засагчид тухайн үедээ онцолж байлаа. Өмнөх эрх баригчдын үед улсын төсөв, Хөгжлийн банкны төсөв, Монголбанкны төсөв, Концессийн төсөв, орон нутгийн төсөв гэсэн таван төсөвтэй байсан нь хямралын эхлэлийг тавьж эдийн засгийг элгээр нь хэвтүүлэхэд голлох нөлөө үзүүлсэн юм. Энэ олон төсвийн “ачаар” Монгол Улсын эдийн засаг гэрлийн хурдаар унаж хэдхэн жилийн дотор 17.5-аас -1.6 хувь болтлоо доройтсон. 2016 оны гуравдугаар улирал гэхэд эдийн засгийн үзүүлэлт хасах руу орчихсон байсан нь эрх баригчдын дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэсний “гавьяа” л даа. Харин энэ олон эмх замбараагүй төсвийг нэгтгэж, төсвийн сахилга батыг сайжруулах ажлыг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газар эрчимтэй авч хэрэгжүүлсэн нь өнөөдрийн эдийн засгийн өсөлтийн тулах багана байлаа.

Дээр дурдсанчлан 2016 оны гуравдугаар улирал гэхэд -1.6 хувьтай явсан эдийн засгийг Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газар нэгхэн жилийн дотор 5.3 хувь хүртэл өсгөж чадлаа. Ерөнхий сайдын өөрийнх нь хэлсэнчлэн “Эдийн засгаа эрчимт эмчилгээний тасгаас энгийн тасаг руу шилжүүлсэн” нь ард түмний нуруун дээрх хүнд ачаанаас нэлээдийг нь хөнгөлж чадсан юм. Цаашлаад Монгол Улсын эдийн засаг өндийхийн хэрээр гаднын хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж, хөрөнгө оруулах боломжит байдлыг хайж эхэлж байгаа нь улаан гэрлээр анивчиж байсан эдийн засгийг ногоон гэрлээр сольсон таатай нөхцөл байдлыг бий болгов. Олон улсын эдийн засгийн судалгааны хараат бус байгууллагын шинжээчид, дотоодын эдийн засагчид улстөрийн нөхцөл байдлаас үл хамааран энэ Засгийн газар тогтвортой ажиллавал хоёр жилийн дараа Монгол Улсын эдийн засгийн үзүүлэлт 10 хувийг давна гэсэн тооцоо гаргасан нь үнэнээс хол зөрөхгүй. Нэгхэн жилийн дотор -1.6 хувиас 5.3 хувь хүртэл өсгөж чадсан Засгийн газар энэ эрчээрээ ажиллавал хоёр жилийн дараа манай улсын эдийн засгийн өсөлт 10 байтугай 15 хувьд ч хүрэх боломж бүрэн бий. Мөн 2016 оны тавдугаар сард 877 тэрбум төгрөгтэй тэнцэж байсан төсвийн алдагдал хоёр дахин буурч энэ оны тавдугаар сард 412 тэрбум төгрөг болсон нь өнөөдрийн Засгийн газрын ажлын үр дүн.

Цаашлаад, нэгдсэн төсвийн алдагдлын дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувийг ирэх онд 9.5, 2019 онд 6.9, 2020 онд 5.1, 2021 онд 3.6 хувь болгон бууруулах, улмаар төсвийн тэнцлийг ашигтай болгож гаргах боломж бүрдүүлэхээр ажиллаж байгаа нь эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэх гүүр гэж эдийн засагчид дүгнэж байна. Эцэст нь, Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газар муу ажиллаагүй, харин ч эсрэгээрээ сайн ажиллаж байна. Чухам дээр дурдсанчлан улстөрийн нөхцөл байдлыг үл хамааран Засгийн газраа тогтвортой ажиллуулах нь улс орон, ард түмэнд ашигтай хувилбар юм.

Эх сурвалж: Зууны мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих