Сурвалжлага: Оюутны байр болон түрээсийн байрны үнэ ийм байна
Хичээлийн шинэ жил эхлэхэд хэдхэн хоногийн хугацаа үлдэж хөдөө орон нутгийн оюутнууд дотуур байрны эрэлд гараад байгаа. Тэднийг хүлээж авах их, дээд сургуулийнх нь дотуур байрны бүртгэл эхэлсэн ч хүртээмж муу байгаа юм. Нийслэлийн хэмжээнд их дээд сургуулийн 44 дотуур байр байдаг бөгөөд тэнд 15000 оюутан амьдрах боломжто аж. Харин энэ хичээлийн жилд 96 их, дээд сургуульд 150000 мянга гаруй оюутан суралцах төлөвтэй байна гэсэн тоон мэдээлэл байна.
Оюутны байрны эрэл их байхын хэрээр их дээд сургуулиуд байрны төлбөрөө нэмэх тохиолдол гардаг. Энэ жил ч бас байрны төлбөр нэмэгдсэн байна гэх мэдээлэл цацагдсан. Тиймээс бид энэ жил оюутны дотуур байр болон түрээсийн байрны үнэ ханш хэд байгаа талаар сурвалжилсан юм.
Их, дээд сургуулиудын дотуур байр 384-850 мянган төгрөгийн ханштай байна
Эхлээд их, дээд сургуулиудын дотуур байрны үнэ ханшийг сонирхлоо. Дотуур байрнуудын зарим нь хичээлийн шинэ жил хаяанд ирчихээд байхад будаг нь хатаагүй, засвар нь дуусаагүй байв. Бид эхлээд МУИС-ийн дотуур байранд очиход “Дотуур байранд орох оюутны хүсэлтийг цахимаар авч байна. Төлбөр засвартай өрөө нь 630, засваргүй өрөө нь 450 мянган төгрөг” гэсэн юм.
Харин МУБИС-ийн дотуур байрны хувьд байр болгон дээр бүртгэл явагдаж байгаа бөгөөд төлбөр дотуур байр 384 мянга, оюутны хотхон дахь төлбөр 850 мянган төгрөг. Соёл урлагийн их сургууль дотуур байранд суух оюутнуудын өргөдлийг авсан. өнөөдөр өргөдөл өгсөн дарааллаар бүртгэх бөгөөд жилийн төлбөр 596 мянган төгрөгнөөс эхэлнэ. Шинжлэх ухаан, технологийн их сургууль маргааш хүртэл харьяа дотуур байрууд дээр бүртгэл явагдана. Сарын төлбөр өрөөн дэх орны тооноос хамаарч 40-264 мянган төгрөг байна. Мөн барьцаа 30 мянган төгрөг тушаах юм байна. Хөдөө аж ахуйн их сургууль 1300 оюутны дотуур байрандаа бүртгэл явуулж байгаа бөгөөд төлбөр 500 мянган төгрөгөөс эхлэх аж. Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн дотуур байр жилийн төлбөр 550 мянган төгрөг гэсэн юм.
Оюутнууд түрээсийн байранд 3 сая төгрөг төлж байна
Ахлах курсын оюутнуудын хувьд дотуур байранд орно гэдэг бараг мөрөөдөл гэхэд буруудахгүй байх. Учир нь их, дээд сургуулиуд 1, 2-р курсийн оюутнуудыг байранд хамруулахыг илүүд үздэг. Тиймээс ахлах курсын ах эгч нарын хувьд халаасны өрөө болон нийтийн байр түрээслэхээс аргагүйд хүрдэг байна. Үүнийг нь далимдуулж мөнгө хүүлэгсэд бол түрээслэгчид юм. Тэд хэдхэн сарын өмнө 150 мянгаар түрээслүүлж байсан умгар гал тогоогоо оюутнуудад 250 мянга гэж тулгана. Хот хүрээнд хамаатан, садан, танилгүй нэг нь тэдний хэлсэн үнээр нь түрээслэхээс өөр аргагүй. Тэгээд ч айлын тогоо өнгийж амьдарна гэдэг тийм ч амар зүйл биш. Ааштай эгч, ууртай ахын ая талыг харж, ходоодоо хонхолзуулж сууснаас умгар ч гэсэн хар гэртээ хаан нь болж суувал аятай юу. Даанч халаасны умгар өрөө, айлын гал тогоо, зөөврийн устай нийтийн байрны үнэ тэнгэрт хаджээ. Учир нь халаасны өрөө хотын төв, захын дүүрэгт байрлалтайгаасаа шалтгаалаад 150-350 мянга, нийтийн байр 100-250, гал тогоо-200-230 мянган төгрөгийн үнэтэй байна. Ахлах курсынхнээс гадна дотуур байргүй сургуулийн оюутнууд түрээслэгчидийн хувьд бөөн олз. Нэгэнт сургууль нь дотуур байргүй юм чинь халаасны өрөө хэсэхгүй яах билээ. Төлбөрийг нь авдаг хэрнээ толгой хоргодох оромж босгочихгүй байгаа нь харамсалтай. Халаасны өрөө болон нийтийн байрнаас өөр нэг хувилбар бол хашаа, байшин түрээслэх. Мэдээж үнийн хувьд хашаа, байшин, гэр түрээслэх нь хамаагүй хямд ч гэсэн өвлийн улиралд нүүрс, түлээ шаардах нь халаас нимгэн оюутнуудын хувьд бас л бэрхшээл. Өөр нэгэн хувилбар бол 2-3-уулаа нийлээд 1-2 өрөө байр түрээслэх. Одоогийн байдлаар нэг өрөө орон сууц байрлалаасаа хамаараад 400-700 мянган төгрөгийн ханштай байгаа бол хоёр өрөө нь 500 мянгаас нэг сая төгрөг хүртэлх үнэтэй байдаг аж. Мэдээж боломжтой айлын хүүхэд бол ганцаараа юм уу ах, дүүтэйгээ 1-2 өрөө байр түрээслэнэ. Харин мөнгөө хэмнэх хүсэлтэй нэгнийх нь хувьд 2-3-уулаа нийлээд нэг өрөө байр түрээсэлсэн нь хавьгүй хямд тусна.
“Халаасны өрөөний үнэ 300 гарчихаж, дотуур байрны үнэ нэмэгдсэн байна. Одоо яах вэ, хүүхдээ орох оронтой болгоод нутаг буцна даа” гэх хүмүүс энд тэндгүй байв. Хэн ч гэсэн үр хүүхдээ Улаанбаатарт толгой хоргодох байртай болгочихоод буцахыг хүснэ. Гэвч хүсэхэд хясахын үлгэрээр халаасны тэмтрүүл болсон нөхдүүд тэнгэрт хадсан үнэ хэлж, эцэг, эх, оюутнуудыг сандаргаж байна. Зарим нэг нь бүр төлбөрөө жилээр авна гэнэ. Өнөөдрийн энэ хямралтай нийгэмд байранд 3 сая төгрөг тоолоод өгөх боломж эцэг, эх ховорхон.
Энэ мэт асуудлуудтай нүүр тулж байгаа оюутнууд маань хэзээ нэг байрны түрээсээ бодож шаналахгүй санаа амар хичээлээ хийдэг болох юм бол доо. Гадаадад бол сурч, амьдрах бүх орчин нөхцлөөр нь хангаад, дээрээс нь долоо хоногт ажил хийх цаг олгодог. Харин Монголын хувьд бүх зүйл эсрэгээрээ. Хаа холын Хөвсгөл, Ховдын оюутан бөөн зардал, мөнгө болж байж арай гэж нийслэлд хөл тавина, тэгээд сургалтын болон байрны төлбөрөө 100 хувь төлнө, дээрээс нь ном, дэвтэр, хоол унд, бусад зардлыг тооцоод үзвэл дөрвөн жил сургуульд сурахын тулд дор хаяж 10 гаруй сая төгрөг зарцуулж байна.
Т.Гэрэл
zaluu.com
URL: