МАХН-ын нэрийг сэргээлгэх эрхтэй гэж мэдэгдэв
УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр өчигдөр Төрийн ордонд хэвлэлийн хурал хийлээ. МАХН-ын түр штаб арваннэгдүгээр сарын 17-нд байгуулагдаад 38 дахь хоногтоо үйл ажиллагаагаа явуулж байгаа аж. Одоогоор 10 гаруй мянган гишүүнтэй болоод байгаа гэнэ. Түр штабынхан болон хуульчдын баг өнгөрсөн хугацаанд ажиллаад МАХН-ын нэрийг хууль эрх зүйн хүрээнд сэргээх бүрэн боломжтой гэж үзжээ. Тиймээс ч Үндсэн хуулийн Цэцэд өргөдөл гаргасан аж. Гэтэл Цэцэд өргөдөл өгөөд 15 минут ч болоогүй байхад МАН-ын нөлөө бүхий албан тушаалтан хуульчид руу утас цохиж анхааруулга өгсөн гэнэ. УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр “Үндсэн хуулийг манаж, хараат бус байдалтай ажиллах Цэц эрх баригч хүчнийхэнд мэдээлэл дамжуулж, тэдний талд ажиллаж байгаа нь шударга ажиллана гэдэгт эргэлзээ төрүүлж байна” хэмээн онцолж байлаа. Мөн Улсын бүртгэлийн газраас МАХН-ын нэрийн лавлагаа авахаар хүсэлт гаргасан ч одоо болтол өгөөгүй аж. Гэтэл МАН-ын нэрийн лавлагааг 15 минут хуралд хугацаанд гаргаж өгсөн нь төрийн байгууллагууд ялгавартай хандаж алагчилж байгаагийн жишээ гэж тайлбарлаж байв. МАХН-ын түр штабын ахмад гишүүд нийлэн Төрийн бус байгууллага байгуулан ажиллахаар болж зөвшөөрөл хүсэхэд хуульд заасан хугацаанд шийдвэрлэж өгөөгүй юм байна. Гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллага байдаг болохоос биш нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага байдаггүй гам хэмээн элдэвлэсээр 17 хоногийн дараа зөвшөөрлийг нь олгосон юм байх. Энэ бүхэн нь намын удирдлагуудын заавраар ажиллаж, Монгол Улс авлигад идэгдсэний шинж хэмээн УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр онцолж, хаанаас, хэн, ямар гомдол гаргасныг хүртэл Цэцийнхэн ховлож байгаа нь Монгол Улсад ажил хуулийн дагуу явна гэж хэлэхэд бэрх байна гэж тайлбарлаж байлаа. Тэрбээр “Монголын төр авлигад идэгдэж ялзарсан. Авлигын энэ тогтолцоо үндэсний аюулгүй байдал алдагдахад ч хүргэжээ. 140 орноос авлигын индексээрээ Монгол Улс 110-д орсон нь манай улсын нэр хүнд шившигт хутгагдсаны илрэл. Авлига хэмээх нийгмийн хорт хавдрыг тариа, иллэг хийж эсвэл зүү тавьж анагаах цаг нь болсон. Авлигын шүлжээ, тогтолцоог унагах талаар тунхаглал, мэдэгдэл гаргалаа” гэв. Сэтгүүлчид асуулт асуух гэсэн боловч дараа долоо хоногт дахиад хэвлэлийн хурал зарлаж МАХН-ын түр штабт үзүүлж буй хууль бус үйл ажиллагааны тухай мэдээлэл хийх болно гээд хурлыг өндөрлүүлэв.
Д-ДОРЖ
URL: