“Тавантолгой” ХК орон нутгийн төсөвт 25 тэрбум төгрөг өгчээ

11118

Улсын эдийн засагт  жин дарах хувь нэмрийг оруулах нөөцтэй орд гэдэг утгаар нь “Тавантолгой”-г Монголчууд андахгүй мэддэг болсон. Тэгвэл тус ордоос олборлолт хийдэг орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК сүүлийн жилүүдэд тогтмол ашигтай ажиллаж байгааг дуулгах хэрэгтэй.

Нүүрсний ханш унаж, нөхцөл байдал тааруу байх үед ч тус компанийн бодлого зөв байж, үйл ажиллагааны үр ашиг нь чамгүй байж ирсэн үзүүлэлтүүд бий.  “Тавантолгой” компани 2016 оны санхүүгийн тайлангаа өнгөрөгч хоёрдугаар сард танилцуулж байсан билээ. Тэгэхэд тайлант хугацаанд тус компани нийт 176.5 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого олсон нь 2015 оныхоос ойролцоогоор долоо дахин нэмэгдсэн үзүүлэлт байсан. Орон нутгийн “Тавантолгой” ХК ийнхүү өндөр орлоготой ажиллахад өмнөд хөршийн  зах зээлд нүүрсний үнэ ханш сэргэсэн нь мэдээж голчлон нөлөөлсөн юм. Түүнчлэн тус компани  2016 онд  гадаад валютын ханшийн зөрүүнээс 4.2 тэрбум төгрөгийн ашиг олсон бөгөөд эцсийн дүнгээр нийт 54 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласнаа албан ёсоор мэдэгдэж байсан.

Мөн “Тавантолгой” ХК  энэ оны хоёрдугаар улирлын санхүүгийн тайлангаа гаргаснаас үзэхэд  оны эхний хагас жилд  компанийн борлуулалтын орлого 255 тэрбум төгрөг болсон байгаа юм. Энэ  нь өнгөрсөн оны бүтэн жилийн орлогоос 44 хувиар давсан үзүүлэлт болж буй аж. Ер нь бол орон нутгийн “Тавантолгой” ХК-ийн зүгээс сайн мэдээ дуулдаж байдгийг энд тодотгоё.

Тэрчлэн Орон нутгийн өмчит компани гэдэг утгаараа өндөр ашигтай ажилласан компанийн хувьд Өмнөговь аймгийнхаа  төсөвт ногдол ашиг болох 25 тэрбум төгрөгийг өгсөн байдаг. “Тавантолгой”ХК-иас аймгийнхаа төсөвт өгсөн тэрхүү 25 тэрбум төгрөгийг аймгийн өнөөгийн удирдлагууд захиран зарцуулах бүрэн эрхтэй юм билээ. 25 тэрбум төгрөг гэдэг бол бага мөнгө биш. Улсын эдийн засаг амаргүй, төсөв мөнгө хүрэлцээ муутай байгаа хүнд үед аймагтаа 25 тэрбум төгрөг шилжүүлж байгаа “Тавантолгой”ХК-д талархах нь зүй ёсны хэрэг биз ээ.

Дашрамд өгүүлэхэд, нүүрсний зах зээл сайн хэвээрээ байвал, мөн  “Тавантолгой”ХК-ийн удирдлагуудын менежмэнт сайн чигээрээ үргэлжлээд байвал орон нутагтаа оруулах хувь нэмэр нь улам л өсөх болов уу.


URL:

Сэтгэгдэл бичих