Бог мал мөндөрт даруулж, айлын хашаа, гэр нуржээ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ сарын 17-20-ны өдрүүдэд үргэлжлэн орсон хүчтэй аадар бороо, салхи шуурганы үеэр Архангай, Сэлэнгэ, Өвөрхангай аймгийн нутагт багагүй хохирол учраад байгаа тухай ОБЕГ-аас мэдээллээ.
Тухайлбал, энэ сарын 17-ны өдөр хүчтэй аадар бороо, мөндөр орсны улмаас Архангай аймгийн Цэцэрлэг сум, “Туулант” багийн “Дөрөө нуур” гэдэг газар Хөвсгөл аймгийн Рашаант сумын харьяат иргэн Э, Б, О, А нарын 200 гаруй мал хорогдсон, мөн аймгийн Эрдэнэмандал сумын Тээл багийн “Олон” гэдэг газар хүчтэй аадар бороо, мөндөр орсны улмаас малчин Ү-гийн 14 бог мал мөндөрт даруулан хорогдсон байна.
Энэ сарын 18-нд Сэлэнгэ аймгийн Жавхлант сум, Моностой багийн “Жавхлант Уул” гэдэг газар усархаг бороо орсны улмаас үер бууж 10 метр засмал зам үерт автсан. Тус аймгийн “Сэлэнгэ” АЗЗА ХХК-ийн ажилчид ажиллаж, Сүхбаатар-Дархан чиглэлийн автозамын хажуугийн хөвөө шороо урссан, автозам сэтэрснийг засварлаж байна.
Мөн өдөр Өвөрхангай аймгийн Хужирт сумын Шунхлай багийн нутагт түр зуурын мөндөр орж хүчтэй хуй салхи салхилсны улмаас 13-38 насны 2 иргэн хөнгөн бэртэл авсан. 47 айлын хашаа, 11 гэр нурж эвдэрсэн, 13 байшингийн дээвэр хуурч, цонх хагарсан, 6 зуны байшин бүрэн нурсан. Мөн 6 кВт-ын цахилгаан дамжуулах агаарын шугам тасарч, 7 тулгуур багана унасныг засварлахаар Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ ХХК-ийн ажилчид ажиллаж байна.
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан сумын Засаг даргын захирамжаар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн хор уршгийг арилгах арга хэмжээ авч ажиллаж байгаа аж.
Н.Туяа
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг
URL: