ПХЕНЬЯН: ГАЛ ДЭЭР ТОС НЭМЛЭЭ

olloo_mn_1503366978_153ee6a806b4ef43e2650ee264e62e64_1200Солонгосын хойгт хурцадмал байдал үүссэн энэ үед АНУ-БНСУ-ын уламжлалт хамтарсан цэргийн сургуулилт эхэллээ. Сургуулилт өчигдөр эхэлсэн бөгөөд 11 хоногийн турш үргэлжлэх юм байна.

АНУ, БНСУ-ын цэргийн хамтарсан сургуулилт Солонгосын хойгт жил бүр зохион байгуулагддаг юм. Хойд Солонгосын зүгээс  тус сургуу­лилтыг удаа дараа эсэргүүцэн баллистик пуужин харваж, сануулга өгдөг байв. Гэвч, нөх­цөл байдал хурцадсан энэ үед “Ulchi-Freedom Guardian” сургуулилтыг хийж буй нь бүс нутагт болгоомжлол үүсгэж байна. Энэ жилийн сургуулилтад БНСУ-аас 50 мянга, АНУ-аас 17500 цэргийн алба хаагч оролцож байгаа аж. Энэ нь өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад 7500-аар багассан үзүүлэлт юм байна. Өмнө нь АНУ-ын 25 мянган цэргийн алба хаагч тус сургуулилтад оролцож байжээ.

Үүнээс гадна энэ жилийн сургуулилтын нэг онцлог нь НҮБ-ын гишүүн орнууд болох Их Британи, Австрали, Канад гэсэн долоон орны алба хаагчид оролцож байгаа аж. АНУ-ын цэргийн командлагч Харри Бинклей Харрис, Стратегийн командлалын тэргүүн, генерал Жон Хайтен нар ням гарагт БНСУ-д хүрэлцэн очсон бөгөөд сур­гуу­лил­тыг биечлэн хянах юм байна. БНСУ-ын Ёнхап агент­лагийн мэдээлснээр, цэр­гийн командлагч Харри Бинклей Харрис Сөүлд газард­са­ны­хаа дараа тус улсын Бат­лан хамгаалахын сайд Сон Ян Мүтэй уулзжээ. Уулзалтын үеэр Харрис “АНУ БНСУ-ыг бат­лан хамгаална гэсэн ам­лал­таа биелүүлэхийн төлөө ха­туу зогсоно. Мөргөлдөөн тэм­цэл хэзээ ч гарч болзошгүй” хэ­мээж, БНАСАУ-ыг үүссэн нөх­цөл байдалд буруутгасан байна.

Тэгвэл БНАСАУ-ын Хөдөл­мөрч­дийн намын  “Нодон Синмун” сонинд АНУ болон Өмнөд Солонгосын цэргийн хам­тарсан сургуулилт нь Умард Солонгосын эсрэг дайсагнасан үйлдэл үзүүлж буй хамгийн том илрэл гэж бичсэн байна. Мөн АНУ, Умард Солонгосын талаас нэг бус удаа гаргаж байгаа мэдэгдлийг үл тоосон хэвээр байх тохиолдолд цөмийн асуудалтай холбоотой сэдэв хүрээгээ тэлэх алхмаа эхлүүлж, мөн энэ нь АНУ өөрийн улсын аюулгүй байдлын эсрэг үйлдэл үзүүлж байгаа хэрэг хэмээн мэдэгдэлдээ онцолсон байна.

Пхеньян өнгөрсөн жилийн хамтарсан цэргийн сур­гуу­лилтын үеэр усан доогуур шумбагч хөлгөөс баллистик пуужин харвах туршилт хийж байсан юм. Түүнчлэн, сургуулилт дөнгөж дууссаны дараа буюу есдүгээр сарын 9-нд тав дахь удаагийн цөмийн зэвсгийн туршилтаа хийж байсан удаатай.

Харин энэ жилийн тухайд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс Хойд Солонгосын эсрэг авсан хориг арга хэмжээгээ чангатгасны дараа АНУ-ын шинэ Ерөнхийлөгч Доналд Трамп Пхеньяныг доромжилсонтой холбогдуулан цэргийн ерөнхий командлагч Ким Жон Ун “Хвасон-12” гэх дундын зайн тив алгасагч дөрвөн пуужингаа АНУ-ын Гуамын арал руу чиглүүлчихээд байгаа билээ. Гэхдээ сөргөлдөгч талууд хэн нь эхэлж өдөөн хатгасан алхам хийхийг хүлээж, байдлыг ажиглах болсноор үүссэн хурцадмал байдал түр хугацаанд намжаад байсан юм. Харин Солонгосын хойгт БНСУ-АНУ-ын цэргийн хамтарсан сургуулилт эхэлсэн энэ үед Пхеньян ямар алхам хийх нь дэлхий нийтийн анхаарлыг татаж байна.

Монголын мэдээ
Б.Даваахүү


URL:

Сэтгэгдэл бичих