Живсэн “Титаник” хөлөг дээрхи дурлалт хосын эмгэнэлт үнэн түүх
Энэ хайрлам түүхийн эзэд бол эхнэр нөхөр Исидор Штраус ба Ида Штраус нар байлаа.
1997 онд хийсэн алдарт найруулагч Жеймс Камеруны “Титаник” кинонд усаар дүүрч живж буй зорчигчийн кабинд бие биеэ энхрийлэн тайвшруулж, нөхөр нь эхнэрээ аврах завинд суухыг ятгаж байгаа өндөр настай хосууд гардаг хэсэг хальтхан гараад өнгөрдөг нь Штраусын гэр бүлийг харуулсан дүрслэл юм.
4- р сарын 15-ны шөнө дунд 00 цаг 30 минутад хөлгийн тавцан хагас усаар дүүрсэн үед л аврах ажиллагаа эхэлж эхний аврагч завинуудыг далайд буулгаж эхэлсэн байдаг.
Дараа нь завь бүгдэд хүрэлцэхгүй гэдгийг дөнгөж ухаарч, зөвхөн 1-р зэргээр хүүхэдтэйгээ зорчин явагсдыг суулгахаар болжээ. Аврах ажиллагааг хариуцаж байсан офицер 1-р зэрэглэлд зорчиж байсан хижээл насны Штраусын гэр бүлд завинд суухыг санал болгожээ. Гэвч 67 настай саятан эр энэ саналыг хүлээн авах нь боломжгүй гэж үзсэн байна. Хагас цагийн дараа хөлөг тэхий дундаа хүртэл далайд живэн орсон бөгөөд тавцан дээрхи хүмүүсийн айдас, үймээн сандрал дээд цэгтээ хүрэх үед Исидор эхнэрээ нэг завинд арай гэж суулгаж чадсан боловч Ида эр нөхөр нь хэрхэн сүүлчийн удаагаа хагацах мэт гараа даллан түнэр харанхуйд уусан шингэхийг хараад тэссэнгүй завийг буулгахаа түр азнахыг гуйгаад үсрэн бууж нөхөрлүүгээ яаран очжээ.
Нөхөр нь эхнэрээ завинд суулгах гэж дахин оролдсон боловч эхнэр нь түүнийг живж байгаа хөлөгт орхихыг хүссэнгүй. Шийдэмгийгээр “Би нөхрөө орхин явж чадахгүй.Бид үргэлж хамтдаа байдаг байсан.Чи хаашаа явна-би тийшээ явах болно”гэж хэлсэн байна.Тэгээд өөрийн үнэтэй булган дээлээ тайлан аврагдах өчүүхэн ч найдлагагүй зогсож байсан өөрийн залуухан гэрийн үйлчлэгчдээ мөрөнд нь нөмрүүлэн,
“Охин минь.энийг өмс.
Шөнө их хүйтэн байх болно шүү” гэж хэлэхэд нь Элен бүсгүй эзнээсээ энэ их үнэтэй бэлгийг авч чадахгүй учраа хэлж тайлахыг оролдсон боловч Ида эелдгээр инээмсэглэн гарыг нь барьж “Одоо энэ надад хэрэг болохгүй гэж бодож байна”гэжээ.
Охин цурхиран уйлж өвдөг сөхрөн суухад Ида гэнэт төв царайлан түүнийг яаруулж завь руу түлхэн ойртууллаа. Ингэж гэрийн үйлчлэгч Элен Берддээ аврах 8-р завин дээрх өөрийн суудлаа өгч амь насыг нь аварч, дээр нь булган дээлээ өгсөн юм. Энэ суудал, дулаан дээл хоёрын ачаар гэрийн үйлчлэгч бүсгүй Хойд Атлантикийн мөс шиг хүйтэн салхийг даван туулж амьд үлдэж чадсан юм. Тэр энэ бүх эмгэнэлт явдлыг бүхэл бүтэн 40 жил өөртөө тээж амьдарсан байлаа.
Хайртай хосуудыг сүүлчийн удаа живж буй хөлгийн нэгэн өрөөний цонхоор харсан гэдэг. Тэд ихэд тайвнаар буйдан сандалд сууж аврагдан явж байгаа хүмүүсрүү гараараа даллаж байсан гэх бөгөөд нөгөө гараараа хөтлөлцсөн байсан гэж харсан хүмүүс дүрслэн хэлсэн юм.
Хүмүүний агуу түүх түүчээлэн үлддэг. Түүн дундаас хамгийн агуу нь биесээ хайрлах хайр буюу.
URL: