Од болон оодорсон гэмт хэрэгтэн Б.Хурц өшөө хонзонгийн хэрэгсэл болох уу
Б.Хурц од болж гялалзах мундаг хүн үү. Энэ хүн Англи, Германы шоронд нэг жил гаруй хугацаанд хоригдон, тухайн улсын хуулиар ял хүлээх нь тодорхой байв. Гэтэл яагаад гэв гэнэт зүв зүгээр нисээд ирчихэв. Гайхалтай, үнэмшилгүй жүжиг шиг хэрэг. Хууль эрх зүйн тогтолцоо нь өндөр хөгжилтэй Европын орны шоронгоос нэг нартай өдөр малийтал инээгээд суллагдаад ороод ирнэ гэдэг Б.Хурц нэг бол хэрэг хийгээгүй, эсвэл эх орондоо тагнуул хийх үүргийг Германы талаас хүлээгээд ирсэн байх.
Гэтэл сүүлийн үед гадаадын тагнуулч байж болох учир битүүлэг энэ эрхмийн нэр АТГ-ын дэд даргын суудал хавиар эргэлдэх болов. Ямар гавъяа байгуулсан гэхээрээ гадаадад эх орныхоо нэрийг унагасан энэ нөхөр ийм суудалд заларчихдаг юм бол . Б.Хурц гэж ер нь хэн юм бол.
Б.Хурцын талаар багагүй хугацаанд эрэн сурвалжилсны эцэст “хэн” гэдгийг нь тогтоолоо. Б.Хурц гадаадын шоронгоос гараад ирсэн ч дотоодын шорон угтахаар намтартай хүн ажээ. АТГ-т шалгуулж байсан хүн АТГ-ын дэд дарга болох гээд сандал ширээ зүүдэлж байгаа нь манай төрийн албаныханд гүн эмгэнэл илэрхийлэхээс өөр хэлэх үг олдсонгүй.
Б.Хурц нэгэн цагт “АТГ бол улс төрийн залхаан цээрлүүлэх, шантаажлах байгууллага болжээ” хэмээн хэвлэлийн хурал зарлаж байсан хүн.
Б.Хурц гэж хэн бэ
Б.Хурц Тагнуулын ерөнхий газрын Сөрөх тагнуулын албаны дарга, МИАТ-ын Сөүл дэх төлөөлөгчийн газрын дарга, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны дарга зэрэг нэртэйгээ адил хурц албан тушаал хашиж ирсэн билээ. Тэрээр 1987-1991 онд Эрхүү хотод Барилгын техникумд суралцаж, барилгын мэргэжил эзэмшжээ. Үүнийгээ тэрээр өөрийн гараар төрийн албан хаагчийн анкетандаа бичиж өгсөн байдаг. Үндсэн мэргэжил нь барилгачин, дагалдах мэргэжил нь хуульч гэж бичжээ. 1999-2000 онд Торгоны зам компанийн төлөөлөгчөөр Москвад ажиллаж байхдаа Холбооны аюулгүй байдлын академийн мэргэжил дээшлүүлэх курст суусныгаа эрх зүйч мэргэжил эзэмшсэн гэж бичжээ. Тус курсдээ ганцхан сар суусан гэж ТЕГ-ын хүний нөөцийн ажилтнууд гэрчилдэг. Энэ үед ОХУ-д манайх шиг хуурамч дипломын бизнес цэцэглэн хөгжиж байсан үе билээ.
ХАБА-д сурч байгаа нэрээр ОХУ-аас Польш болон Европын орнуудад дипломат албаны халхавч дор тамхины контрбанд бусад хууль бус наймаанд идэвхтэй оролцож, зохион байгуулж байсан хэдий ч хамтрагчдынхаа дунд хагарал үүсгэн уг бизнесээс шахагджээ.
Б.Хурц Тагнуулын ерөнхий газрын Сөрөх тагнуулын газрын даргаар ажиллаж байхдаа авлига авсан хэрэг нь сөхөгдөн Эрүүгийн хэрэг үүсч байжээ. 2005 оны дөрөвдүгаар сард Говь-Алтай аймаг дахь Гаалийн хорооны байцаагч О.Амгаланбаатар, Б.Отгонпүрэв нар Бургастайн боомтоор найман “Камаз” машин бохир ноолуурыг хууль бусаар хил нэвтрүүлсэн хэрэг баригджээ. О.Амгаланбаатар, Б.Отгонпүрэв нар Б.Хурцад арван жилийн сургуулийнх нь нэг ангийн найз болох Батдэлгэрээр дамжуулан 50 сая төгрөг бэлнээр өгсөн байна. Авлига өгсөн, авсан энэ хэргийг хууль хяналтын ажилтнууд илчилж, Б.Хурцын нэр дээр эрүүгийн 20546210 дугаартай хавтаст хэрэг нээгдсэн байна.
Мөн 2006 оны долдугаар сарын 4-ний өдөр Б.Хурцад холбогдох бусдаас хээл хахууль авсан, гүйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчин, улстөрч У.Барсболд, М.Энхболд нарын албан тушаалтнуудыг хууль бусаар тагнаж чагнасан, Зайсан дахь байрныхаа харуулд агсам тавьж, гар буу гарган зодож, эрүүл мэндэд нь гэмтэл учруулсан зэрэг гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийг тусгаарлан, эрүүгийн 20643133 дугаартай хавтаст хэрэг үүсгэн, шалгаж байгаад хэрэгсэхгүй болгуулах саналтайгаар Нийслэлийн прокурорын газарт шилжүүлэн шийдвэрлүүлсэн байдаг.
Б.Хурцын хээл хахууль авснаас бусад үйлдлийг 2006 онд УИХ-аас баталсан Өршөөл үзүүлэх тухай Монгол Улсын хуульд хамруулан хэрэгсэхгүй болгожээ. Өршөөлийн хуульд хамрагдсан гэмт хэрэг нь ялыг биеэр эдлээгүй боловч шүүхээс ял сонссон гэм нүгэл нь өршөөгдсөн гэмт хэрэг юм.Энэ хэргүүдийн улмаас Б.Хурц Тагнуулын ерөнхий газрын Сөрөх тагнуулын албаны даргаас хусагдсан байна.
Сөрөх тагнуулын албаны дарга байхдаа хохирол барагдуулсны хувь нэрээр их хэмжээний мөнгө авч, гүйцэтгэх албаны техник, тоног төхөөрөмж худалдан авсан нэрээр зарлагадаж амжжээ.
Лааз өшиглөж явсан Б.Хурцыг МИАТ-ын захирал асан Б.Эрдэнэбилэг 2006 онд Сөүл дэх МИАТ-ын төлөөлөгчөөр ажилд авчээ. Б.Эрдэнэбилэг Гаалийн ерөнхий газрын дарга асан Х.Баатарт үзэг, виски зэрэг 400 гаруй ам.долларын бэлэг сэлт өгсөн хэргээс нь мулталж өгсний хариуд Б.Хурцад барьсан нь энэ аж.
Зүгээр сууж чаддаггүй Б.Хурц МИАТ-ын Сөүл дэх төлөөлөгчөөр ажиллаж байхдаа тус компанийн гүйцэтгэх захирал асан Р.Бат-Эрдэнэтэй хуйвалдсан хэрэг нь АТГ-т шалгуулж байжээ . Р.Бат-Эрдэнийн гаргасан түр журмын гол агуулга нь Сөүл-Улаанбаатарын чиглэлийн нислэгээр тээвэрлэж байгаа нэг кг тээшний төлбөр 8000 вон байсныг 1.2 ам.доллар болгон өөрчилж, журмыг хэрэгжүүлэгч нь МИАТ компанийн Сөүл дэх төлөөлөгчийн газрын ерөнхий төлөөлөгч байна гэжээ. Б.Хурцын хамаатан болох, Монгол руу карго хүргэх үйлчилгээ эрхэлдэг нэг л хүнд энэ журам үйлчилж, бусад каргоны үйлчилгээ эрхлэгчдэд найман ам.долларын ханш үйлчилжээ.
2008 оны долдугаар сарын 1-нээс 2009 оны тавдугаар сарын 30-ны өдөр хүртэл түр журам хэрэгжих хугацаанд Сөүл-Улаанбаатарын чиглэлийн МИАТ компанийн нислэгээр 90 мянга орчим кг ачаа тээвэрлэгдсэнийг тогтоосон энэ хэрэг одоо ч АТГ-ын хар дансанд байж байгаа.
Б.Хурц Дархан цаазат Богд уулзын аманд хууль бусаар орон сууцны барилга барьж борлуулах бохир бизнесийн суурийг тавьжээ. “Сарнайх” хэмээн эхнэрийнхээ нэрээр нэрлэсэн түүний компани дархан цаазтай Богдхан уулын энгэрт хууль бусаар орон сууцны барилга барьсан нь Хот байгуулалтын тухай хуулийн хэдэн хэдэн заалтыг ноцтойгоор зөрчин, голын гольдрилыг далдалж суваг барьснаас болж үерийн ус сайрандаа багталгүй халин урссаныг МХЕГ дүгнэжээ. Хоёр жилийн өмнө Зайсанд үер болоход гарааш нурж, машин дарагдаж байсан нь гайхал Б.Хурцын хууль бус бизнесийн буруугаас болжээ.
Төрийн тусгай хамгаалалттай газрын харъяа 30-р байрыг гэрээ байгуулан казиногийн зориулалтаар засаж янзлан бэлэн болгосон нь Казиногийн хууль үлгэр болсноор амжилт олоогүй ч тус байрыг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр хувийн орон сууцны зориулалтаар ашиглаж төрд 400 сая төгрөгийн хохирол учруулжээ. Энэ хэргийг Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга асан Чимэд-Юндэнтэй хуйвалдан үйлджээ. Энэ хэргийг нь одоогийн ТТХГ-ын дарга шүүхэд өгөн шалгуулж байна.
Ийм нэг хурц гэмт хэрэгтэн од болон оодорч явна. Авлигын торонд орооцолдсон Монгол улсын АТГ-ын дэд даргад ийм хүний нэр дэвших гэнэ. АТГ-ын дэд дарга болгох лоббиг нь авлигач шошготой ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунай нам дотроо хөөцөлдөж явна.
Тэрээр Германаас ирснийхээ дараахан АТГ-ын одоогийн удирдлага болон түүний дээрх хэргүүдийг шалгаж байсан хүмүүс болон Лондонд баригдахад нь нөлөөлсөн хүмүүсээс өшөө авна гэж ярьж явжээ. Монгол төрийн алба бол өшөө авах хэрэгсэл биш юм.
Авлигын эсрэг хуульд зааснаар АТГ-ын дэд даргын албан тушаалыг хаших хүн:
· Ял шийтгүүлж байгаагүй
· Ёс зүйн дүрэм зөрчин сахилгын шийтгэл хүлээж байгаагүй
· Бакалавраас доошгүй боловсролтой хүн байх ёстой.
Мөн уг хуулийн 21.2.2-т зааснаар
· Төрийн албанд 10-аас доошгүй жил ажилласан
· Эрх зүйч мэргэжилтэй
· Гүйцэтгэх болон мөрдөн байцаах ажлын туршлагатай хүн байхаар хуульд заажээ.
Б.Хурцын хувьд эдгээр шаардлагын нэгийг ч хангаж чадахгүй бөгөөд нэг удаа гүйцэтгэх ажиллагаа хийсэн нь яаж хөгөө хөлдөө улстайгаа чирснийг монголчууд бүтэн жилийн турш шуугилаа. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ийм хүнийг өшөө авах хэрэгсэл болон АТГ-т зүтгүүлвэл 1937 он давтагдахгүй гэхийн арга алга.
Үргэлжлэл бий.
URL: