Сурагч цүнхэнд ч стандарт гэж бий

28c166b768e9a8a0originalЕсдүгээр сарын 1-ний өглөө ээж аавдаа хөтлүүлэн эрдмийн өргөөг зорих зургаан настнуудын үүрсэн цүнхийг хараад та бүхэн нэгийг бодож хоёрыг тунгаадаг биз ээ. Бяцхан биенд нь томдсон цүнхний хүндийг хүмүүс гайхдаг ч ямар материалаар үйлдвэрлэсэн, хичээлийн хэрэгсэл агуулахаас гадна ямар ач тустай талаар тэр бүр ярьдаггүй. Өндөр хөгжилтэй оронд сурагчийн цүнхийг олон жилийн судалгааны үр дүнд, шинжлэх ухааны үндэслэлд тулгуурлаж үйлдвэрлэдэг. Тухайлбал, Англи, Германд хүүхдийн нуруунд хазайлт үүсэхээс урьдчилан сэргийлсэн тэнцвэржүүлэгчтэй цүнхийг дунд сургуулийн бүх сурагч албан ёсоор үүрдэг байна. Японд хүнд зүйл хийхэд мөр, нуруунд даралт өгдөггүй усны хамгаалалттай цүнх үйлдвэрлэдэг. Тэр ч байтугай байгалийн гамшгийг тооцоолж үерийн үед хөвөгч болж сурагчийн амь насыг хамгаалах хариуцлагатай үүргийг давхар гүйцэтгэдэг. АНУ-д бага ангийн сурагчдыг автомашины осолд өртөхөөс сэргийлэхийн тулд тусгай цацруулагч бүхий материалаар цүнх үйлдвэрлэдэг. Энэхүү цүнх нь манан, цасан шуурга зэрэг байгалийн үзэгдэл болон автомашины гэрлийн гялбаанд ч тод харагдаж хүүхдийн амь нас эрсдэхээс сэргийлдэг байна. Мөн Канад, АНУ-ын цас их ордог мужид хүүхэд халтирах, савж унасан тохиолдолд доргилт бууруулагчтай цүнх худалдаалдаг аж. Эдгээр улсад тогтсон стандартыг баримталдаг тусгай оёдлын газрууд ажилладаг ба бага, дунд, ахлах ангийн гэсэн гурван төрлөөр сурагч цүнх үйлдвэрлэдэг. Ингэхдээ брезентэн материал, чанаргүй будаг ашиглахыг хориглодог байна. Тэр ч бүү хэл цэвэр арьсан цүнх хүнд учраас хүүхдийн хөгжилд сөрөг үр дагавар үзүүлнэ гэж АНУ, Японы сурагчийн цүнхний үйлдвэрлэлд ашиглахыг хоригложээ. Гэтэл манай улсад сурагч цүнх үйлдвэрлэдэггүйн улмаас стандартад таарахгүй үүргэвчийг эцэг эхчүүд худалдан авдаг. Чанаргүй будаг, хүнд материалтай үүргэвч хүүхдийн тань эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж нуруунд суулт өгөх, өсөлтийг нь удаашруулна. Монголчууд сурагчийн цүнхийг хар зах дээр худалдаалдаг энгийн бараа мэт ойлгож, хүлээн авч буй нь улсын стандартгүйн тод жишээ. Аугаа зүйл энгийнээс эхэлдэгтэй адил боловсролын систем сурагчийн дүрэмт хувцас, цүнхнээс эхэлдэг баймаарсан.

Х.ЗАЯА

unen.mn


URL:

Сэтгэгдэл бичих