Хэрээс хэтэрсэн нийслэлийн хашаажилт
Сүүлийн жилүүдэд Монголчууд хашаажих болов. Хашаажихдаа бүүр хэрмэн хашаа бариад эхэллээ.
2008 оны сонгуулийн маргаашнаас Төрийн ордноо төмрөөр хашаад эхэлсэн. Хэнээс хамгаалж юунаас айсан нь тодорхойгүй. Энэ хашааг тэрбум шахам төгрөгөөр босгосон юм гэдэг. Үүнээс халдварласан гэлтэй цэцэрлэг, сургууль, аж ахуйн нэгжүүдэд хашаажих аян өрнөлөө.
Анх Нийслэл хүрээнийхэн нэгэн ижил хийцтэй хүрэн өнгийн дааман хаалга, шургааган хашаатай байж. Энэ нь стандарт тогтоосон юм шиг жигд байсан гэдэг. Сүүлдээ банзан хашаа бий болсон.
Өнөөдөр манай нийслэлийн хашаажилт хэрээс хэтэрч бүүр төмрөөр хаших болов. Манай улс барилгын хийцийн төмрөөс бус нэг их төмөр үйлдвэрлээд байдаггүй. Төмрийг гаднаас импортолдог. Өнөөдөр нийслэлд жадан үзүүртэй төмөр хашаа алхам тутамд таарна. Энэ нь хүн сүлбэчих аймшиг төрүүлнэ. Ухамсарт Монгол хүн иртэй үзүүртэй илднээс цэрвэдэг дээ. Хутгыг үзүүрээр нь хүнд бариулдаггүй. Тэгвэл хотод илдтэй зүйрлэж болохоор хашаа үйлдвэрлэдэг хэд хэдэн компани байна.
Тэдний нэр хаягийг олоход тун амархан. Зар сонины хуудас болгон дээр бий. Тэдэнд үйлдвэрлэлийн стандарт тогтоож өгдөг газар байна уу. Үйлдвэрлэж болдог юм байж, яахаараа юунд зориулж жадан үзүүртэй үйлдвэрлээд байна вэ гэдэгт хамаг учир байна. Зарим хашаан дээгүүр өргөст тор татчихсан байх нь бий. Хамгаална гэхэд арай ч дэндэнэ ээ. Хэзээнээсээ монгол хүний сэтгэхүйд шорон л хашаатай байдаг гэсэн ойлголт байсан.
Нийслэлийн энэ их замбараагүй, стандартгүй хашаажилт сайн, сайхан ч юм биш бололтой. Энэ миний, манай газар гэсэн өмчлөл хашаажуулалтыг бий болголоо. Нийслэлийн захын дүүргүүдэд хэрмэн хашаа баригдаад эхэлсэн. Сүүлдээ хот дотор блокоор хэрмэн хашаа барьсан харагдана.
Манай хоёр хөршид том том цементэн хашаатай хаалттай хотууд бий. Тэр нь химийн болоод цэрэг зэвсгийн зориулалттай үйлдвэрийн баазууд байдаг гэдэг. Манайханд хашаажихыг хэн заагаад өгөө вэ. Жижигхэн сумын төвд ч блокоор хэрмэн хашаа барьчихсан айл байна. Тэр нь нэлээд боломжийн айл гэгддэг аж. Орост жижигхэн тосгод намхан сараалжин модон хашаатай байдаг даа. Тэгтэл манайхан ой мод багатайгаа мэдэхгүй банзаар хашаа барих гэнэ. Сүүлийн үед үүнийгээ мэдсэн юм шиг төмөр, блокоор барих болж. Тэгэхээр хашаажсан айл, байгууллага бузгай хөрөнгөжсөн гэж харагдах гээд байна.
Хотод цементэн зургаан хананы завсар амьдардаг гэх хэрнээ зусландаа тэрнээс илүү том хэрмэн хашаанд амьдардаг хүмүүс байна. Энэ том хэрмэн хашаажихыг манай хуулийнхан анх үүсгэсэн гэх яриа бий. Тэдэнд үнэгүй материал, хөлсгүй ажиллах хүчин байсан нь тодорхой. Монголчууд хүн дуурайж, нэгнээсээ илүү гарах гэдэг зан нөлөөлдөг биз ээ.
Хашаа барихад төрийн бодлого байх хэрэгтэй. Хэн дуртай хүн өөрийн дураар таарсан газраа жадан үзүүртэй төмөр хашаа бариад байвал хот ямар харагдах билээ. Үүнд хотын удирдлага, холбогдох дарга нар нэгийг бодож байгаа нь лавтай.
Хашаажсанаар хот хөгжихгүй нь тодорхой. Харин нийслэлд хашаа барихад стандарт тогтоож өгвөл зүйд нийцэх болов уу. Ямар хашаа барих гэж байгаагаа, тэр бүү хэл ямар өнгөөр будахыгаа зөвшөөрүүлдэг байх хэрэгтэй. Дүүрэг бүр өөрийн өнгө төрхтэй байж яагаад болохгүй гэж.
Аливаа хот тосгод өөрийн гэсэн өнгө төрхтэй байх нь бий. Европын зарим хотууд барилга нь нэгэн ижил улаан дээвэртэй байдаг бол, азийн зарим хот дан цагаан өнгийн барилгуудтай байх жишээтэй. Тэгэхээр манай Улаанбаатарыг ази, европын гэж ялгах төрх алга. Өөрсдийнхөө хэлдгээр хярамцаг шиг холилдсон замбараагүй хашаажсан хот болж хувирлаа. Үүнийг хүлээн зөвшөөрөх хүн олон байх байхаа. Шөвх үзүүртэй өндөр төмөр хашаагаар хотынхоо хөгжлийг тодорхойлохгүй нь ээ.
Хүчирхэг Монголчуудаас хамгаалсан Хятадын цагаан хэрэм гэж дуулснаас биш орчин цагт хот дотроо хэнээс хамгаалж байгаа нь үл мэдэгдэх төмөр хашаа, шавран хэрэм барьж байхыг дуулсангүй. Нийслэлийн иргэд хашаагүй орчинд чөлөөтэй орж гарах нөхцлөөр хангагдсан байх учиртай. Хашаанд стандарт тогтоож буулгуулдаг босгуулдаг хууль үгүйлэгдэж байна.
Н.Лхагва
URL: