Барселонд автомашинтай этгээдийн дайралтанд 13 хүн амиа алджээ
Испанийн Барселон хотын Рамбл аялал жуулчлалын цогцолбор газрын олон хүн цугласан өргөн чөлөө рүү автомашинтай этгээд дайрсны улмаас 13 хүн амиа алдан, 100 гаруй хүн гэмтжээ. Рамбла нь Барселон хотын төв өргөн чөлөөнд Минивэн маркийн автомашинтай этгээд цагт 80 км-ийн хурдтай 500 метр орчим газар давхиж Бокерия талбайд зогссон байна. Тус өргөн чөлөө нь олон тооны цэнгээний газар, зоогийн газрууд болон худалдааны цэгүүд оршдог тул жуулчдын дунд ихэд алдартай газар аж. Уг халдлагад өртсөн хохирогчид 18 улсын иргэд болохыг тогтоогоод байна. Гэмтсэн хүмүүсийн биеийн байдал хүнд байгаа аж. Испанийн эрх баригчид болсон үйл явдлыг террорист халдлага гэж үзэж буй юм. Уг хэрэгтэй холбогдуулан Марокко, Испани хоёр иргэнийг баривчлаад байна. Гэхдээ машины жолоочийг барьж чадаагүй аж. Минивен маркийн машиныг жолоодож хүмүүсийг дайрсан гэмт этгээдийг эрэн сурважилж буй бөгөөд уг халдлагад хэдэн хүн оролцсоныг тогтоохоор цагдаагийн байгууллага шуурхай ажиллаж байна.
Барселон хотоос 200 км зайд дэлбэрэлт болж 1 хүн нас барсан явдлыг автомашинтай халдлагатай ямар нэгэн байдлаар холбоотой байж болзошгүй гэж үзэж байгаа юм. Ангела Меркель, Доналд Трамп, Садик Хан нараас эмгэнэл илэрхийлж, тусламж үзүүлэх талаараа мэдэгдэл хүргүүлсэн байна.
Эх сурвалж: BBC, CNN
URL: