Эдийн засаг өсч байна

olloo_mn_1422495967_ediin zasagosoltНэгэн үе сэхээний орон дээр байгаа өвчтөнтэй зүйрлэж байсан эдийн засагт эерэг нааштай өөрчлөлтүүд гарч байна. Үүнийг  эдийн засгийн өсөлт биш нүүрсний үнийн үнэ, экспорт нэмэгдсэн төдий гэж тайлбарлах нэгэн ч бас байна. Гэхдээ аль ч талаасаа байлаа гэсэн энэ бол эдийн засагт гарч байгаа өсөлт, үүнийг дагасан нааштай өөрчлөлтүүд мөн. Оны эхний намйан сарын байдлаар улсын төсвийн орлого давж биелж, төсвийн алдагдал буурч эхлээд байна. Энэ талаар дараах тоо баримтуудыг хүргэж байна.

Улсын төсвийн алдагдал нэг жилийн өмнөхөөс 1.4 их наяд төгрөгөөр буурав

Улсын төсвийн орлого 2017 оны эхний долоон сард 3.9 их наяд төгрөгт хүрчээ. Харин зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээл 4.5 их наяд төгрөг болж багассан. Гэхдээ улсын төсөв алдагдалтай хэвээр байгаа бөгөөд эхний найман сарын байдлаар гэхэд 589.4 тэрбум төгрөгийн алдагдалтай байна.  Үүнийг нэг жилийн өмнөхтэй харьцуулахад 1.4 их наяд төгрөгөөр буурсан үзүүлэлт юм. Эндээс харвал улсын төсвийн алдагдлыг бууруулахад бодит алхам хийсэн нь харагдаж байна.

Харин төсвийн алдагдлыг 1.4 их наяд төгрөгөөр бууруулахад нөлөөлөсөн бодит шалтгаан нь юу байв?

Юуны өмнө төсвийн орлого 859.3 тэрбум төгрөг буюу 28.3 хувиар өссөн явдал. Энд манай экспортын түүхий эдийн үнийн өсөлтөөс гадна, татварын орлого бүх төрөл дээрээ давж биелсэн явдал юм. Үүний нөгөө талд  төсвийн  зарлага 525.4 тэрбум төгрөг буюу 10.5 хувиар буурсан нь нөлөөлснийг ҮСХ-ны Үндэсний тооцоо, шинжилгээ судалгааны газрын статистикч Ю.Батзоригт тайлбарлаж байсан.

Татварын нийт орлого 3.4 их наяд төгрөгт хүрэв

Татварын орлого ихэнх  төрөл дэрээ давж биелсэнийг  дээр өгүүлсэн. Оны эхний найман сарын байдлаар  татварын нийт орлого 3.4 их наяд төгрөгт хүрчээ. Үнийг өмнөх жилийнхтэй харьцуулж харвал 2016 оны долдугаар сараас 701.5 тэрбум төгрөгөөр өссөн  үзүүлэлт юм байна. Гэхдээ Онцгой албан татварын орлого 88 тэрбум төгрөгөөр буурсан ч, нэмэгдсэн өртгийн албан татвар 260.4 тэрбум төгрөг, орлогын албан татвар 305.1 тэрбум төгрөг, бусад татвар, төлбөр хураамжийн орлого 48.0 тэрбум төгрөг, гадаад үйл ажиллагааны орлого 103.2 тэрбум төгрөг, нийгмийн даатгалын орлого 63.9 тэрбум төгрөгөөр өссөн нь ийн татварын орлогод нөлөөлжээ.

Улсын нэгдсэн төсвийн орлогын 78.7 хувийг татварын орлого, 12.6 хувийг татварын бус орлого, 5.1 хувийг ирээдүйн өв сангийн орлого, 3.7 хувийг тогтворжуулалтын сангийн орлого эзэлж байна.

Зээлийн хэмжээ өмнөх жилийнхээс 525.4 тэрбум төгрөгөөр буурав

Монголын эдийн засгийн анхаарал татдаг асуудал нь гадаадын өр зээл. Энэ талаар ямаршуухан дүр зурагтай байна вэ. Одоогоор эргэж төлөгдөх төлбөрийг хассан цэвэр зээл 489.3 тэрбум төгрөгөөр буурч, төсвийн зарлага, эргэж төлөгдөх зээл 4.5 их наяд төгрөг болж, өмнөх жилийнхээс 525.4 тэрбум төгрөгөөр буурсан “сайн” мэдээ байна. Өр хагас их наяд төгрөгөөр буурсан мэдээ сайхан сонсогдож байгаа ч үүний нөгөө талд  хүүгийн зардал 179.9 тэрбум төгрөг, урсгал зардал 100.4 тэрбум төгрөгөөр өссөн гэх мэдээ байна.

Зэсийн үнэ таамаглаж байгаагүйгээр өсөв

Манай улс 2017 онд уул уурхайн салбараасаа 1 их наяд орчим төгрөгийн орлогыг төвлөрүүлэхээр төсөвтөө тусгасан. Үүний 92 хувийг алт, зэс, нүүрсний орлогоос төвлөрүүлэх юм. Улсын төсөвт төвлөрөх мөнгөн орлогын тоон хэмжээг тооцохдоо зэсийн үнийг 5137, алтаа 1156, нүүрсээ 32.8-54.8 ам.доллараар зарахаар төсөөлж төсөвт суулгажээ. Харин энэ төсөөллөлөөс давсан үнээр  уул уурхайн бүтээгдэхүүнээ борлуулж байна.

Бас нэг сайн мэдээ гэвэл саяхнаас зэсийн үнэ огцом өсч, 6400 ам.долларт хүрлээ. Төсөвт тооцсон өртөг нь 5137 ам.доллар. Төсөв хэлэлцэх үеэр хэрэв дэлхийн зах зээл дээрх цэвэр зэсийн үнэ төлөвлөсөн хэмжээнээс 100 ам.доллараар буурвал төсвийн орлого 3.9 тэрбум төгрөгөөр, зэсийн баяжмалын экспорт 50 мянган тонноор буурвал төсвийн орлого 6.6 тэрбум төгрөгөөр буурах эрсдэлтэй байгааг шинжээчид өмнө нь тодотгож байсан. Харин одоо зэсийн үнийн тухайд таамаглаж байгаагүй өсөлт үүсээд байна. Хэр удаан үргэлжлэх нь тодорхойгүй ч энэ өсөлт бидэнд үр өгөөжөө өгнө.

Австралид болсон үер, Умард Солонгост тавьсан хоригийн улмаас коксжих нүүрсний үнэ өсөж, энэ хэрээр манай коксжих нүүрсний эрэлт харьцангуй ихэссэн нь эдийн засагт эерэгээр нөлөөлж байна. Ганцхан жишээ дурдахад сүүлийн жилүүдэд тогтмол алдагдалтай ажиллаж ирсэн “Энержи ресурс” компани л гэхэд оны эхний хагаст 250-375 сая ам.доллларын ашигтай ажиллажээ.

М.Нэргүй


URL:

Сэтгэгдэл бичих