Сайд Нямдоржийн хүүгээс өөр Консулаар ажиллах хүн олдохгүй байна гэж үү?
Ц.Нямдоржийн Анхбаярыг АНУ-ын Сан Франциско хотод суух Ерөнхий консулаар томиллоо. Томиллоо ч гэж дээ. Аавын арын хаалга л нөлөөлөө биз. Ер нь, төр түшилцэж яваа эрхмүүдийн ах дүү хамаатан садан, найз нөхөд, үр хүүхэд нь л энд тэндхийн консулын газарт ажиллаж, ёстой л дураараа дурьгаж, дунд чөмгөөрөө жиргэдэг. Үүнийг мэдэхгүй хүн гэж үгүй, тэгсэн мөртлөө ам ангайж, чадварлаг залуусаа явуулъя гэж хэлэх хүн ховор.
Ийм л нэг болчимгүй томилгоог өчигдөр Засгийн газар хийчихлээ. Ямартай ч Нямдорж сайдын хүү “улаан гэрэл”-ээр Ерөнхий консул болчихдог юм байна. Гэтэл зарим нэгэн хүнийг консулаар томилох талаар Ерөнхийлөгчид оруулж, танилцуулна гэх юм. Хэнийг нь танилцуулаад, хэнийг нь шууд томилдог юм бол… Нямдоржийн хүү Анхбаяр гэгч ер нь хэн бэ? Аавынхаа нэрийг барин Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн дарга Ч.Ганзоригийг сүрдүүлж гэрээ хийсэн нөхөр мөн биз дээ.
Олны үг ортой л гэдэг. Ааваараа далимдуулан бусдыг айлган сүрдүүлж, гэрээ хийсэн гэх яриа олны дунд тарсан юм билээ. Нэртэй сүртэй эрхмүүдийн ярьж байсан бяцхан түүхийг энд сийрүүлье. “Ц.Нямдорж сайд “Эрдэнэт”-ийн Ч.Ганзориг руу утас цохин “Миний хүү чамтай гэрээ хийнэ шүү” гэж хэлсэн байна. Хүү нь “Эрдэнэт” үйлдвэрийн захирал Ч.Ганзориг руу өөрийн найз нэр нэгт Анхбаярыг явуулжээ. Найз Анхбаяр нь ч Ч.Ганзориг дарга дээр очин “Аав явууллаа. Шахааны бизнес хийнэ” гээд гэрээ хийсэн гэнэ. Гэтэл хэдхэн сарын дараа Ц.Нямдоржийн хүү, “оргинал” Анхбаяр очиж, сүрдүүлэн дахин гэрээ хийжээ.” Ийм л жигтэй зүйл олны дунд яригддаг.
Үнэг шиг зальтай, аавынхаа мэдэлд бардсан томоогүй залуу улс орон төлөөлөн гадаадад сууна гэдэг байж болох асуудал мөн үү… Аргагүй дээ. Төрийн томчуудын хамаг л муу муухайг нуун дарагдуулж, гавьяа байгуулж байгаа хүний хүүхдийг консулаар томилж өрөө төлөх нь зөв. Ачийг ачаар гэдэг биз дээ. Ц.Нямдорж цагдаагийн байгууллагыг, Д.Дорлигжав Прокурорын байгууллагыг атгаж байгаа цагт хэзээ ч томчуудын үр хүүхдийн хууль бус ажиллагаа илрэхгүй, тэд ч хуулийн хариуцлага хүлээхгүй. Энэ хоёр эрхэм ийнхүү бусдынхаа үр хүүхэд, хамаатан садных нь хууль бус үйлдэл, бузар булайг нуун дарагдуулж, хариуцлага хүлээлгэхгүй мулталсаныхаа төлөө төрийн ямар нэгэн томилгоонд өөрийн хүнээ тавиулж байгаа. Үүний том жишээ бол сайд Ц.Нямдоржийн хүү Анхбаяр. Иймэрхүү томилгоог хүмүүс мэддэг ч мэддэггүй юм шиг чимээгүй явдаг.
Одоогийн нийгэмд танилтай, мөнгөтэй хүн хулгай хийж, хүн алсан ч эрх чөлөө эдэлнэ. Энэ бол бичигдээгүй хууль. Сайн аавын нэрийг хэд л бол хэд худалдан идэж болно гэдэг дээ. Ц.Анхбаяр эрх мэдэлтэй аавын буянд хүн сүрдүүлж ажлаа бүтээнэ. Бас ерөнхий консул болно. Атаархамаар ч юм шиг… Гэтэл жирийн иргэний хүүхэд хичнээн толгой байгаад ямар сайхан сэтгээд дээшээ явна аа гонж. Ёстой л яст мэлхийний хурдаар явна. Эсвэл шударга ажилласныхаа төлөө юунд ч гүтгүүлж, гэмт хэрэгтэн болж мэднэ. Улс орон нэг иймэрхүү л байна даа..
Ц.Чинзориг
asu
URL: