“Эрдэнэт” ХК-ийн ерөнхий захирал Х.Бадамсүрэн АТГ-т шалгагдаж байгаа юу?
“Эрдэнэт” ХК-ийн ерөнхий захирал Х.Бадамсүрэнг АТГ-аас шалгаж буй гэх анхаарал татсан мэдээлэл гараад байна. Түүнийг “Монголросцветмет”-ийн захирлаар ажиллаж байхдаа компанийн эзэмшилд байсан лицензүүдийг БНХАУ-д хууль бусаар худалдсан гэх асуудлаар шалгаж байгаа гэх мэдээлэл байгаа юм.
Ер нь бол өнгөрсөн хугацаанд түүнтэй холбоотойгоор гарч байсан мэдээллүүдээс харахад “Монросцветмет”-ын удирдлагаар ажиллаж байхдаа хувь эрх ашигтаа ихээхэн анхаарч, хууль зөрчсөн байж болзошгүй тухай өгүүлсэн байдаг.
Түүний талаар 2012.03.26-нд umnugovi.mn сайтад нийтлэгдэж байсан мэдээллээс иш татъя. Тодруулбал, Монголросцветмет нэгдлийн хөрөнгөөр хувьдаа барилга угсралтын компани байгуулж завшснаас эхлээд жонш борлуулах гэрээг зах зээлийн үнээс байж боломгүй доогуур үнээр хийж, 300 мянган долларын хахууль авч байсан үүх түүхтэй хэмээн Х.Бадамсүрэн эрхмийн талаар тэнд өгүүлжээ. Цаашлаад “Шижир алт ХХК”-тай хамтран гаалийн татвараас санаатайгаар зайлсхийж улсад 860 сая төгрөгийн хохирол учруулсан гээд түүний хийсэн хэргүүд ил тод байдаг.
Өршөөлийн хуульд хамрагдаж, хэргийг хэрэгсэхгүй болгосон, анх удаа гэмт хэрэгт холбогдсон гэж прокурорын шатанд хэргийг хаасан гэх мэтээр ам дамжин яригддаг ч аль шийдвэр нь үнэн гэдгийг хууль хяналтын нэг ч албан тушаалтан батлаагүй. Уг нь дээрх хэргийн шүүх хурал дээр улсын яллагч Х.Бадамсүрэнгийн өмчөөс 3 сая төгрөгийг улсын орлого болгох, чанга дэглэмтэй хорих ангид 7 жил хорих ял оноосон байдаг.” хэмээн өгүүлсэн байгаа юм. Х.Бадамсүрэнгийн холбогдсон удаах хэрэг нь Монголросцветмет нэгдэлд ерөнхий геологичоор ажиллаж байсан М.Ариунбаярын үйлдсэн хэргийн хамсаатнаар татагдсан явдал. М.Ариунбаяр 2009, 2010 онд Авлигатай тэмцэх газарт улсын хөрөнгөөр нөөцийг нь тогтоосон талбайг “Нөөцгүй” гэсэн хуурамч дүгнэлт гаргаж, авч үлдээд Хятадын компаниудад өндөр үнээр зарсан хэргээр шалгагдахад Х.Бадамсүрэн бас татагдаж мэдүүлэг өгч байв.
“М.Ариунбаяр яавч ганцаараа ийм хэрэг хийж чадахгүй. Х.Бадамсүрэн даргын оролцоотойгоор хийсэн. Бор-Өндөрийн Баргилтын ордыг Х.Бадамсүрэн, М.Ариунбаяр хоёр зарсан. Тэр ордыг авсан хятадууд баяжуулах үйлдвэр барьчихсан, төмрийг өдөр, шөнөгүй урагшаа зөөж байгаа” гэж хамт ажиллаж байсан хүмүүс нь хэлж ярьсан тухай мэдээлэл ч бий.
Х.Бадамсүрэн УИХ-ын гишүүн болоод ч хууль бус зүйлд хутгалдахгүй байж чадсангүй. Сурсан зангаараа Өмнөговь аймгийн Номгон суманд буй хятадуудын ашиглаж байгаа хар тугалгын ордын ойролцоо 43 км зайд хилийн шинэ боомт нээх, хятадын нутгийн гүнээс тус орд хүртэл төмөр зам татах зөвшөөрлийг хөөцөлдөж байжээ. Хар тугалганы ордыг Х.Бадамсүрэн урьд нь хятадуудад зуучилж худалдсан. Тэр орд нь дархан цаазат, тусгай хамгаалалттай бүсэд багтаж байсныг лоббидож өөрчлүүлсэн тухай мэдээлэл цацагдсныг Х.Бадамсүрэн үгүйсгээгүй байна” хэмээн бичсэн байдаг юм.
Тэгэхээр энэ мэт асуудалд нэр холбогдож явсан Х.Бадамсүрэнг АТГ-аас шалгаж буй гэх мэдээллийн араас анхаарал тавих нь хэвлэлийнхний үүрэг юм.
Эх сурвалж: Б.Итгэл, Hunnu.mn
URL: