Элчин сайдуудын томилгоо тойрсон асуудлын учир

-Т.ГАНДИ ЭЛЧИН САЙД БОЛОХ ГЭСЭН Ч БҮТСЭНГҮЙ-

Гадаад улсуудад суух Элчин сайдын томилгооны асуудал хөндөгдөж эхэллээ. Тэр тусмаа Япон улсад Монгол Улсаа төлөөлөн суух Элчин сайдын тухай онцгойлон яригдаж байна. Энэ албан тушаалд БНАСАУ-д Элчин сайдаар ажиллаж буй С.Хүрэлбаатарыг томилохоор Ерөнхийлөгчид өргөн мэдүүлээд байна. Гэтэл Япон улсын тал Элчин сайд С.Хүрэлбаатарт дурамжхан байна. Хойд Солонгос, Японы харилцаа хэвийн бус байгаа өнөө үед тэгэхээс тэгэх гэсэн юм шиг БНАСАУ-д Элчин сайдаар сууж байсан нөхрийг ирүүлэх гэлээ хэмээн тэд эсэргүүцлээ. Үүнийгээ илэрхийлсэн нот бичгийг манай Гадаад харилцааны яаманд ирүүлчихлээ гэх мэтийн мэдээлэл түгэв. Гэвч энэ нь ор үндэслэлгүй худлаа гэнэ. Дипломат ёсонд ийм зүйл байх учиргүй тухай албаны хүмүүс ярьж байна.

Гадаад харилцааны яамны Олон нийттэй харилцах газрын холбогдох албан тушаалтнаас энэ талаар утсаар тодруулахад “С.Хүрэлбаатар сайдыг Япон руу томилох гэж байгааг тус улсын тал эсэргүүцэж нот бичиг ирүүлсэн” гэсэн мэдээлэл ор үндэсгүй юм. Олон улсын харилцаанд мөрддөг тусгай дипломат ёс журам бий.

Нэг орон нөгөө улсдаа Элчин сайд томилох шийдвэрээ гаргасныхаа дараа айлын талаас агреман хүсдэг. Тухайн хүнийг айлын тал зөвшөөрч байвал хариу өгдөг. Эс зөвшөөрвөл айлын тал хариу өгөхгүй удаадаг учраас зөвшөөрсөнгүй гэж үзээд өөр хүнийг санал болгодог. Тэгээд ч Япон улсад Элчин сайдаар томилогдох хүн нь одоогоор тодроогүй байна. Тиймээс Японы тал манайд нот бичиг ирүүлэх ямар ч үндэслэлгүй. Хоёр орны харилцаатай холбоотой асуудлаар ташаа мэдээлэл гарч байгаа нь харамсалтай юм” гэсэн тайлбар өглөө. Манайд суугаа Ялон улсын Элчин сайдын яам ч дипломат ёсонд нийцэхгүй ийм мэдээлэл тараасан хэвлэл мэдээллийн хэрэгсэлд мэдэгдэл хүргүүлэх гэж байгааг өөр эх сурвалж хэлсэн юм. Харин ч Япон улсын тал Элчин сайд С.Хүрэлбаатарыг тааламжтай хүлээж авах талтай гэнэ. Учир нь тэрээр өмнө нь Япон улсад Элчин сайдаар ажиллаж байсан удаатай. Энэ удаа томилогдвол хоёронтоо очих юм байна. Тэгээд ч хойд Солонгост Элчин сайдаар ажиллаж байсан хүний хувьд Япон, БНАСАУ-ын харилцаанд эерэг хандлага гаргах байр суурьтай ажиллана гэж үзэх хүмүүс байгаа юм.

Элчин сайдаар томилогдохоор анх санал болгосон хүмүүсээс анхаарал татаж байсан нь Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди. Гэвч түүнийг АН-ын бүлэг дэмжээгүй учраас Элчин сайд болох гэсэн хүсэл нь бүтсэнгүй. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сая Италид хийсэн айлчлалынхаа үеэр тэнд Монголынхоо Элчин сайдын яамыг байгуулаад ирсэн билээ. Тиймээс уг яаманд Бүрэн Эрхт Элчин сайдын орон зай эзгүйрч эзнээ хүлээж байгаа. Харин энэ суудалд Т.Ганди сайд очихоор санаархсан хэрэг. Улс төрд олон жил зүтгэсэн энэ эмэгтэйд нам нь өндөр албан тушаалуудыг харамгүй өгсөөр ирсэн. Тиймдээ ч УИХ-ын сонгуульд ялалт байгуулж, парламентад суух эрх авч чадаагүй хэрнээ сайдын албан тушаалд дөмөгхөн суусан юм. Тэгэхдээ бүр хамгийн их мөнгө эргэлдүүлж байдаг, орлого ихтэй яамны даамлаар очсон гэж байгаа. Сайдынх нь нэр сэвтэж, элдэв янзын шүүмжлэл дагуулаад байгаагаас болсон уу ямартаа ч гадаад улсад Элчин сайдаар явж, налайж сууя хэмээн тэрээр үзсэн бололтой. Итали улсад суух Элчингээр томилогдчихвол тэртэй тэргүй ирэх сонгуулиар бүрэн эрх нь хэмжигдэж байгаа сайдын албаа өгөөд санаа амар яваад өгнө. Магадгүй түүний хувьд их улс төрөөс хэсэгхэн холдож, тархиа амраах гэсэн зальжин аргуудынх нь нэг энэ байж болох. Гэвч түүний хүсэл бүхэн биелж, дуртай албан тушаалдаа очоод байдаггүйг АН-ынхан сануулж буй бололтой. Учир нь тус намын бүлэг Т.Ганди сайдыг Италид суух Элчин сайдаар томилохыг эсэргүүцжээ. Үргэлж дардан замаар явж ирсэн Т.Ганди сайдын улс төрийн карьер магадгүй үүгээр дуусгавар болж байгаа ч юм бил үү. Ямагт эрхлүүлж ирсэн намынхан нь ингэж зайлуулж байгаа ч юм уу, хэн мэдлээ.

Я.Мөнгөнцэцэг

Тус мэдээллийг бусад хэвлэл мэдээллийн байгууллага хуулбарлан нийтлэхийг хориглоно.

“ӨДРИЙН СОНИН”


URL:

Сэтгэгдэл бичих