Монгол улс дахиад л “Алтан загасны эмгэн” шиг хагархай тэвштэйгээ үлдэх үү?
-Ашигт малтмалын үнийн өсөлтийг ашиглах уу, “хөөсрүүлж байгаад хагалах уу-
Энэ цаг үед Монгол улсын эдийн засгийн гол үзүүлэлтүүд өсч эхэллээ. Учир нь дэлхийн зах зээл дээр нүүрс, зэс, алт, төмрийн хүдэр гээд бидний экспортолдог гол баялгуудын үнэ ханш өссөнтэй холбоотой юм.
Тухайлбал зэсийн үнэ Лондонгийн металлын бирж дээр 6400-гаас дээш гарч сүүлийн хоёр гурван жилийнхээ дээд хэмжээнд хүрлээ.
Манайх энэ оны төсөвт зэсийн үнийг 5137 ам.доллараар тооцсон. Тэгэхээр тонн тутмаас 1300 орчим ам.долларын гэнэтийн ашиг гарч байна. Зэсийн үнийн энэхүү сэргэлтийг гадна, дотны экспертүүд, зах зээлийн өсөлт тодорхойлогчид, үнэ ханшийг судалдаг эдийн засагчид Азид, Монголд ашигтай тухай ярих боллоо.
Уг үнийн өсөлтийг ирэх хоёр гурван жилд нэг их буурахгүй хадгалагдана гэх шинжээч, судлаач эдийн засагчид ч цөөнгүй байна. Мөн үнийн өсөлт удаан үргэлжлэхгүй хэмээх хүмүүс ч цөөнгүй.
Нүүрс ч гэсэн давгүй үнэлгээтэй байгаа. Учир нь өнгөрсөн хавар Австралид үер болсноос коксжих нүүрсний үнэ өссөн. Австрали улс эвдэрсэн төмөр замаа хурдан засч нүүрсээ экспортолж эхэлснээр ханш буурсан хэдий ч Монгол улс олборлолтоо нэмэгдүүлэх замаар нүүрснээсээ хангалттай ашиг хүртэж байна.
Мөн БНХАУ НҮБ-ын хоригийн дагуу Хойд Солонгосоос нүүрс импортлохоо зогсоосон. Тиймээс манай улсын коксжих нүүрсний эрэлт харьцангуй ихэссэн болохыг дэлхийн хэвэлүүд шуугисан. Үүний тодорхой жишээ нь алдагдалтай ажиллаж дампуурахдаа тулж байсан “Энержи ресурс” компани энэ оны эхний хагаст 250-375 сая ам.доллларын ашигтай ажиллаж байгаа хэмээн мэдэгдсэн явдал юм.
Алт ч Монгол улсад ашиг тусаа өгсөөр байна. Одоо нэг yнци нь 1,268 орчим ам.доллар болоод байна. Монголбанкинд тушаах алтны хэмжээ ч нэмэгдсэн гэлцэж буй.
Энэ сацуу төмрийн хүдрийн үнэ өсөх тухай “Goldman Sachs” мэдэгдлээ . БНХАУ-ын эрэлт өсөх учраас үнэ өснө гэсэн таамгийг тэд гаргасан. Тус байгууллагаас төмрийн хүдрийн ханшийг ойрын гурван сарын хугацаанд 55 ам.доллар байна гэж таамаглаж байснаа 70 ам.доллар болгож өсгөөд байна.
Ийнхүү дэлхийн болоод хөрш Хятадын зах зээлд ашигт малтмалын эрэлт нэмэгдснээр эрдэс баялгийн үнэ өсч тэр нь манай улсад ашигтай тусч эхэллээ. Харин үүнийг Монгол улсын төр, засаг ашиглаж эдийн засгаа тэтгэж чадах эсэх л сонирхолтой юм.
Дэлхийн зах зээл дээрх ашигт малтмалын үнийн өсөлт Монгол улсын эдийн засгийг өсгөдөг. Тэгэхдээ тэрхүү өсөлт иргэд бидэнд хүртээлтэй байж чаддаггүй.
Учир нь сайд, дарга нар маань өөрсөддөө түүнээс аль болох ихийг хармаалж, хормойлж аваад оффшорт аваачаад хийчихнэ.
Үлдсэнийг нь ард түмэн бидэнд “Эрдэнийн хувь”, “Эх орны хишиг” мэт гоё нэрээр багахан мөнгө болгоод тараачихна. Уг нь тэрхүү мөнгийг гадны хөгжингүй орнуудын туршлагаар “Эрсдлийн сан” эсвэл “Хуримтлалын сан” байгуулаад хадгалаад тэнд мөнгө нь багтаж ядаад байвал ашигтай төслүүдэд хөрөнгө оруулалт хийгээд байвал Монгол улс дорхноо л босоод ажилгүй иргэд ч ажилтай болж хөгжил дэвшил рүү тэмүүлнэ.
Тиймээс төр, засаг үнийн өсөлтийг боломж болгон ашиглах цаг ирээд байна. Харин хөөсрүүлээд хагалчихвал Монгол улс ахиад л А.С.Пушкины “Алтан загасны үлгэр”-т гардаг хагархай тэвштэйгээ үлддэг эмгэн шиг л үлдэнэ.
Г.Хуяг
gereg.mn
URL: