Эмч нарын ёс зүй эрүүл мэндийн салбарыг доройтуулж байна

Эмч нарт гомдсон, цөхөрсөн иргэд сүүлийн үед дэндүү олон болжээ. Хэвлийдээ эрүүл бойжсон хүүхдийг төрүүлэхдээ тархинд нь хүнд гэмтэл учруулсан.  Налайх дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн сувилагчийн буруутай үйл ажиллагаанаас болж дөрөвхөн сартай бяцхан хүүхэд амиа алдсан. Өнгөрсөн сард гэхэд Эх хүүхдийн эрүүл мэндийг сахин хамгаалах төв / ЭХЭМСХТ/-д төрөхөөр очсон Э-г төрөх болоогүй хэмээн хэдэнтээ буцаасан. Адаг сүүлдээ төрөхийн хүндрэлээс болж бүтэлттэй төрсөн хүүхдийг нь архаг бүтэлттэйн дээр уушгины дутмаг хөгжилтэй гэсэн оношоор бусдад буруугаа чихсэн. Тухайн үед хүүхэд нь инкубаторт байхад гуурс нь хий алдлаа хэмээн сувилагч нь зажилж байсан бохио наасан гээд ажилдаа дэндүү хайнга хандсан тухай хорвоод мэндлээд хүн болж чадаагүй хүүгийн аав манай сонинд өгсөн ярилцлагадаа өгүүлж байсан. Энэ бол ганцхан тус төвд байгаа зүйл биш.

Монголын эрүүл мэндийн салбарт эмнэлгийн тусламж үйлчилгээ ямар хэмжээнд хүрсний илрэл. Нөгөөтэйгүүр энгийн иргэдэд ганцхан ийм зүйл тохиолддог уу гэхээр бас тийм биш. Нэрт эрдэмтэн Барсболд гуай мухар олгойгоо авахуулаад гартал шарх нь нэг л эдгэж өгдөггүй. Юу болоод байгааг тодруултал дотор нь баахан марл үлдээгээд оёчихсон байсан гэдэг. Энэ мэтээр эрүүл мэндийн салбарын дутагдал, гажуудлыг тоочвол дуусахгүй. Эдгээр нь зөвхөн хэвлэлийнхэнд ил болсон хэрэг. Үүний цаана хэчнээн олон хүн эмчийн хариуцлагагүйгээс эрүүл мэнд, амь насаа алдсныг хэлж мэдэхгүй. Мэдээж алтан гартай эмчийн ачаар хүнд өвчнөөс ангижирч, эрүүл болоод гардгийг хэлэхгүй өнгөрвөл хэтэрхий шударга бус явдал. Гэхдээ хүний амь нас, эрүүл мэндээр тоглосон эмч нарт хариуцлага хүлээлгэсэн нь хэр билээ. Хүнд суртал нь хэрээс хэтэрсэн, алдаанаас нь болж насан турш тахир дутуу болж үлдсэн хохирогч дэндүү олон гээд мууг цогцлоосон цөөнх сүүлийн үед олонхи болсон болохоор манай сонин энэ дугаараасаа эхлэн “Эрүүл мэндийн салбарыг эмчилье” булан нээж байна. Уншигч Та ч энэ талаар бидэнд санал бодлоо нэмэрлээрэй.

Нэг үеэ-бодоход энэ салбарт санхүүжилт нэмэгдэж, эмнэлгийн тоног төхөөрөмж сайжирсан. Гэсэн ч хүнд суртал, өнгө мөнгөнд шунасан эмч нарын цөөнгүй хувь хувийн амбиц, эдийн засгийн сонирхолдоо хөтлөгдөн ажиллах болсон гэхэд буруудахгүй. Яагаад гэвэл эмнэлэгт үзүүлэхийн тулд хүмүүс танил талаа хайж, ийш тийш утасдах нь өнөөгийн бодит үнэн.

Адаглаад таньдаг асрагчгүй бол үйлчилгээ авах гэж үйлээ үзнэ. Орон нутагт ч ялгаагүй. Эрүүл мэндийн байгууллагуудын хүнд суртал, авлига хээл хахууль аль эмнэлэгт их байгаа талаар иргэдийн дунд явуулсан санал асуулгаар Улсын клиникийн төв эмнэлэг манлайлж, Клиникийн I амаржих газар, ЭХЭМСХТ удаалж байсан.

Уг нь хариу нэхээгүй тус гэж байдаг бол ийм сэтгэлээр ажиллах ёстой хүмүүс нь эмч нар. Энэ утгаараа эмчийн ёс зүй, хариуцлагаас шинэ булангаа эхлүүлсэн юм. Яагаад гэвэл, энэ салбарын гэрэлтэй гэгээтэй ажил үйлс бүхнийг нь эмч нарын ёс зүйгүй үйлдэл унагааж байгаа нь маргашгүй үнэн болохоор тэр. Дөрөвхөн настай хүү эмнэлгийн үйлчилгээ авч чадсангүй амь насаа алдсан эмгэнэлт хэргийг санаж байна. Ханиадтай, халуунтай хүүхдээ эцэг, эх нь хамгийн ойроор нь Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгт авч очтол тангараг өргөсөн эмч нар үзэхээс татгалзан харьяаллынхаа эмнэлэгт оч хэмээн хэнэг ч үгүй хөөсөн. Эмнэлэгт хүрэх замд хүүгийн бие муудан замдаа амьсгал хураасан эмгэнэлтэй гэхэд дэндүү эмгэнэлтэй хэрэг өнгөрсөн оны өдийд гарч байсан. Тухайн үед салбарын сайд нь “Энэ талаар би мэдээгүй”. Бараг л “Тийм зүйл болсон гэж үү” гэх нь халаг болж олон хүний дургүйцлийг төрүүлж байсан. Үнэндээ хүний амь гэдэг дүрэм журмаар хэмжигдэх тийм өчүүхэн эд гэж үү?

Бидний эрүүл мэндийг сахин хамгаалах үүрэгтэй эмч нар “…Эмч би эмчийн ёс зүй, төрийн хуулийг чандлан сахиж, эрдэнэт хүний амь нас, эрүүл мэндийн төлөө эрдэм чадал, энэрэх сэтгэлээ харамгүй зориулахаа тангараглая хэмээн гурвантаа давтан тангараг өргөдөг байсан нь ёс төдий зүйл гэж үү.

Ардчилсан, хүмүүнлэг нийгэмд монголчууд бид амьдарч байна гэж ярих дуртай. Гэтэл энэ нийгэм нь хүнийхээ төлөө юу хийж байна вэ? Лав л эрүүл мэндийн үйлчилгээ авах, хүртэх эрх нь доодын доод төвшинд буй. Мөнгөгүй, танилгүй хүн
хохь мэт үхэж байна гэхэд хатуудсан болохгүй. Эрүүл мэндийн салбарын ужгирсан доройтол эцэстээ хүрч, золиос нь хүний амь насаар хэмжигдэх болсон нь ч гашуун үнэн. Хэзээд ч, хэнийг ч ялгаварлахгүй эмчилнэ гэж тангараг өргөдөг эмч нар өнөөдөр ачаалал хэтэрсэн, харьяаллынх биш гээд зориод очсон өвчтөнөө хөөж туудаг, хүйтэн сэтгэлтэн болж хувирсан. Ерөөс эрүүл мэндийн салбарын доройтол эмчийн ёс зүй алдагдсантай шууд холбоотой. Хувийн эмнэлгүүд нь хүнийг эмчилж элгээхээсээ мөнгө гэж хардаг. Харин “хувьсгал”-ын хэдэн эмнэлэг нь гар хардаг ёс зүйгүй байдлыг юу ч гэж ойлгох билээ. Өглөө үзүүлбэл үнэгүй, өдөр ирвэл төлбөртэй гэдэг дүрэм улсын эмнэлгүүдэд үйлчилдэг. Үнэндээ иргэд эмчид үзүүлэхдээ төлбөр төлж, өглөө өдрийн зааг ялгаа гаргаад байвал эрүүл мэндийн даатгал төлөх хэрэг ч байгаа юм уу.

Бодлого барьдаг яаманд нь Ёс зүйн хороо гэж байдаг. Харамсалтай нь, тэд ямар арга хэмжээ авч, энэ талд ямар ажил явуулсан нь мэдэгддэггүй. Угтаа ёс зүйгээ умартаж, тангаргаа зөрчдөг эмч нартаа ямар хариуцлага тооцдогоо ил тод мэдэгдэж баймаар. Ёс зүйгээ сахих үлгэрлэлийг салбарын сайд ч өөрөөсөө эхлүүлэх хэрэгтэйг хэлмээр байна. Ингэж хэлэх учир нь сайдын албаа авсан цагаасаа л 300 ортой амаржих газар Улаанбаатар хотод барина хэмээн ярьсан. Гэвч газар нь шийдэгдэхгүй удлаа, зураг төсөл хийж болохгүй байна, төсвийн тодотголоос амаржих газрын төсвийг хаслаа хэмээн түмэн шалтгаан тоочсоор өнөөдрийг хүрсэн. Одоо ч сураггүй. Үнэндээ газар олдохгүй гэсэн хөгийн шалтгаанаар амаржих газрын санхүүжилтийг хасуулаад сайд нь сууна гэхээр хариуцлагагүй гэж хэлэхээс өөр юу ч гэхэв. Нөгөө талаар “Нийгмийн асуудлыг нь шийдвэрлээд, орчин үеийн дэлхийн стандартад нийцсэн нөхцөлд ажиллуулсан бол манай эмч хэзээ ч ёс зүйн алдаа гаргахгүй байсан.

Алдаа гаргах нөхцөлд ажиллуулж буйгаараа Монголын төр буруутай” хэмээн нэгэнтээ өгүүлж байсан. Байж болох хариулт. Гэхдээ өнөөдрийн хувьд нийгмийн асуудлыг нь бүрэн шийдвэрлээд, орчин үеийн, нэмж тодотгоход дэлхийн стандартад нийцсэн нөхцөлд ажилтан, албан хаагчдаа ажиллуулж байгаа салбарыг Монголоос олно гэвэл өвсөн дундаас зүү хайхтай адил. Ингэлээ гээд гомдоллож, тунирхсан нь ч цөөхөн. Иймээс цалин, мөнгө, орчин нөхцлөө сайжруулбал бид асуудалгүй хэмээн бусдад буруугаа чихэхийн оронд дотроо бугшсан идээ бээрээ шахаж, эмч хүний өргөсөн тангаргаа эргэн санах цаг болсныг энэ булангаараа дамжуулъя. Цаашид бид эмчийн ёс зүйгээс гадна энэ салбарт болж бүтэхгүй байгаа бусад асуудлыг ч хөндөж тавих болно.

Ж.Сүрэн


URL:

Сэтгэгдэл бичих