Муу эр
Хөмсөг атируулан суух нэгэн эр сүүлийн үед хэвлэлийн хуудаснаас салахаа болив. УИХ-ын сонгуульд өрсөлдөх жижигхэн пиар төдийгөөр ч хязгаарлагдахгүйгээр барахгүй АН-ыг удирдаж сонгуульд орох, дараачийн Ерөнхий сайдын суудал тийш чиглэсэн зорилтот мессэж болгон өрнүүлэх мөрөөдлийнхөө эхний алхмыг хийхийг оролдов , эрхэм “ Женко” Х.Баттулга.
Нэгэн зорилгын төлөө хамтдаа явж байгаа танхимаа тэрбээр шүүмжлэх гэж оролдож үзлээ. Шатахуун шингээсэн алчуурыг ч АН-ынхаа ҮЗХ-ны голд шидэж бас үзлээ.
Саяхан л Нарны замын гүүрийн нээлтэд оролцож, цагаан бээлийтэй гараар алтан боолт чангалж зогссон энэ эр манай салбарт бүх юм “ ОК” гээд байгаагүй бил үү. Бүтэн дөрвөн жилийн турш хамтарсан Засгийн халуун хөнжилд жаргалтай хэвтэж байсан энэ эрийн хөнжил яагаад багадаад унав аа, нүүр ам нь яагаад зангираад унав аа…
Сонгууль дөхөж, ард түмнээр дүнгээ тавиулах шалгалтаас булчинлаг сайд маань айв уу? Засагтаа ганцаардаж, намдаа ойлголцохоо больсон мэтээр шударга хүн болж шоудах гэсэн түүний хүсэл харинч эсрэгээр эргэж байх шиг. Хариуцлага хүлээх амаргүй даваанаас айсан түүнд “ жудаггүй эр” гэх тодотголыг өгөөд амжлаа. Аливаа юмны төгсгөл дээр сүүлээ шарван зугтсан хүнийг монголчууд юу гэдэг билээ… Муу эр …
Б.Сийлэн
URL: