Архичин жаалууд
“Айргаа тааваар ууж, архиа багаар уу” гэж ардын болох шахсан сайхан үг байдаг даа. Өнөө үед айраг ховордсон болоод ч тэр үү дээрх үг эсрэгээр хэрэгждэг болж. Дарга нар ‘Тамирчдын маань амжилт залуужиж байна” хэмээн шагшин магтдаг. Тэгвэл дээрх архидалт бас л залуужиж, гал голомтоо сахих үүрэг өгсөн багачуудаа жигшин хараах болоод байна. Ахмадынхаа дэргэд сархад зооглохгүйг эрхэмлэдэг ард түмний хойч үе ийм байдалд хүрэхэд сэтгэл хөндүүрлэнэ. Яруу найрагч Л.Ганзул
… Ижийдээ би согтуу очихгүй
Ижий тэнгэрт нар мандахаа больчихно
Намайг гэсэн цацлын суу нь ээдэж
Наснаасаа урътаж ижий минъ өтөлчихнө… хэмээн шүлэглэсэн байдаг. Саяхан ажлаа тараад харихаар гарлаа. Түгжрээнд цаг алдсанаас гээд алхахаар шийдсэн юм. “Скай” их дэлгүүрийн өмнүүр хөл хөдөлгөөн, дуу чимээ бага болохоор гэр рүүгээ явган явах бүртээ би энэ замыг сонгодог юм. Гэтэл дөрөв, тавдугаар ангийн бололтой арваад банди Сэлбэ голын өндөр далангийн хашлага дээр суучихсан чанга чанга хашгиралдан инээж хөгжилдөөд тун ч зугаатай байгаа бололтой. Далан сандайлан тамхи зуучихсан тэднийг эхэндээ траншейны гэх тодотголтой сайн эрчүүдийг байна гэж бодов. Ойртоод анзаарвал яав ч траншейныхан биш ээ. Өмссөн хувцаснаас нь илт. Сурагчийн ганган цүнхнүүдээ шороон дээр хаячихаж. Тэр бүгдийг нь ажиглаад дэргэдүүр нь өнгөрдгийн даваан дээр тэдний зүгээс архины сэнгэнэсэн үнэр хамар цоргив. Үнэндээ жаалуудыг уучихаж гэж дав даруйд толгойд орсонгүй. Харин хэн нэг нь авч явсан архиа энэ хавьд алдаад хагалчихаж гэж бодсон ч яах аргагүй өнөөх “сайн эрчүүдээс” ханхалж байсан юм. Хажуугаар нь гарсан ч холдолгүй зогсоод тэднийг ажиглалаа. Удалгүй нэг нь 750 граммын гэдэг том шилтэй архи бололтой зүйлийг нимгэн хүрэмнийхээ энгэрээс гарган тэд хийж байсан ажлаа үргэлжлүүлэв. Аяга хундага гэж ёсорхсонгүй, шилээр нь шуудхан залгилахыг нь харсан нүдэндээ итгэсэнгүй. Эхийнхээ өврөөс гарсан болов уу гэмээр жаахан амьтад ийн “хэвлүүтэж”, бас ч үгүй ярвайхгүй уух гэж оролдож байх юм. Шилтэй архи хоёр тойров уу үгүй юу дуусав. Шилийг нь түсхийтэл нь холоо гэгч шидэж орхилоо. Сурцтай гэж яана. Үнэндээ ийм зүйл харсан нүдээ зүхэн, нэг үгээр шоконд орчихоод зогсч байтал гуйвсан нэг жижиг пээдгэр нь над руу дөхөж ирснээ гал асуудаг юм. Яг тэр мөчид уур хүрч “Ийм жаахан байж архи ууж, бас тамхи татдаг та нар аль сургуулийнх вэ” гэхэд өмнөөс эмээсэн биш харин гайхсан харц шидэхдээ элдвийн гадаад хараалыг эхнээс нь дуустал харин ч нэг харамгүй урсгав. Эргэж алхаад нөхөд рүүгээ очих замдаа ч хараалын сан хавьгүй арвинтай гэдгээрээ намайг бүр хэлэх үггүй алмайруулж орхисон. Хөвгүүд ч тэр дороо шороон дээр хаясан цүнхнүүдээ авч Сэлбийн гүүр рүү зүглэхдээ араас нь харж зогсох над руу хуруу гараа гозолзуулан зайл, арил гэсэн дохио сэлтийг ч илгээлээ.
Архичдын нас залуужиж байна хэмээн цагдаагийн ралортнаас авсан баримтандаа тулгуурлан мэдээ сэлт л бичиж байсан болохоос ингэтэл залуужиж бүр балчир жаалууд гудамжинд суугаад архидаж байгаа гэж бодсонгүй явсан юм. Томчуудын араншинг толь адил дуурайдаг ирээдүйдээ буруу өгөх хэцүү байх хэцүү сэтгэл хөндүүрлэн гэрээ зүглэлээ.
У.Баяраа
URL: