Бие төлөөлөгч гэдэг урамшуулал уу, улираах шагнал уу?
- Монгол Улс ердөө гурван улстай буюу ОХУ, БНХАУ болон Япон улстай стратегийн түншлэл тогтоосон юм. Тэгэхээр Ерөнхийлөгчийн хувьд стратегийн түншлэл бүхий гурван улсыг сонгон бие төлөөлөгч томилсон нь гайхахаар хэрэг биш ч энэ удаа ямар шаардлага байгаа нь одоохондоо бүрхэг байна-
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга захирамж гаргаж, Зам тээврийн сайд асан А.Гансүх, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Дагвадорж нарыг бие төлөөлөгчөөрөө томилсон. Ингэхдээ “Монгол Улсын Үндсэн хуулийн гучиндөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг /Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд хуульд нийцүүлэн зарлиг гаргана/, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг /Тодорхой асуудлаар өөрийн бие төлөөлөгчийг гадаад улсад түр хугацаагаар томилон ажиллуулна/-т заасныг тус тус үндэслэн захирамжилжээ.
Яг энэ жишгээр өмнө нь нэг л удаа Ерөнхийлөгчийн бие төлөөлөгч томилогдож байсан. Тэр нь 2014 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ОХУ-тай худалдаа, дэд бүтэц, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан бие төлөөлөгчөөр өмнө нь тус улсад Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж байсан Л.Хангайг томилж багагүй хэл амны бай болж байв.
Энэ нь тухайн үедээ Ерөнхийлөгч бие төлөөлөгч томилсон анхны тохиолдол байсныг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан П.Цагаан болон бие төлөөлөгчөөр томилогдож байсан Л.Хангай нар өөрсдөө ярьсан байдаг. Мөн л хуульд Ерөнхийлөгч тодорхой асуудлаар өөрийн бие төлөөлөгчийг гадаад улсад түр хугацаагаар томилон ажиллуулна гэж заасны дагуу захирамжилсан хэрэг. Тэгэхдээ тэр үед “тодорхой” асуудал буюу бие төлөөлөгч томилон ажиллуулах шаардлага байсан бололтой. Тодруулбал, 2014 онд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин манай улсад айлчилсан бөгөөд дараа жил нь буюу 2015 оны тавдугаар сард Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ОХУ-д айлчлахаар төлөвлөж, тэдний дунд худалдаа, хөрөнгө оруулалт, дэд бүтцийн томоохон төслүүдийг урагшлуулах асуудлаар тохиролцоонд хүрэх зэрэг олон асуудал байсан гэдэг. Тэдгээрийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хяналттай бөгөөд эзэнтэй байлгаж, өөрийн айлчлалын үеэр чухал гэрээ, хэлэлцээрт хүрэхийн тулд Л.Хангайг ОХУ-тай худалдаа, эдийн засаг, дэд бүтцийн төсөлтэй холбоотой асуудал хариуцсан бие төлөөлөгчөөр томилох шийдвэрийг гаргажээ.
Бие төлөөлөгч томилох асуудал Олон улсын дипломат практикт байдаг зүйл. Гэхдээ тэрхүү албыг хаших чадвартай, туршлагатай хүнийг томилдог болохыг манай улсын анхны туршлага ч харуулсан. Тэр үеийн бие төлөөлөгч нь Монгол Улс, ОХУ-ын хооронд Гадаад яам, Засгийн газар хоорондын комисс, холбогдох салбарын яамд хоорондын олон яриа хэлэлцээний эхлэлийг уялдуулах, түргэтгэх, туслах, дэмжих үүрэг хүлээж, ажлаа Монгол Улсын Ерөнхийлөгчид илтгэж байх үүрэг хүлээж байж. Тэр утгаараа Москвад Элчин сайдаар сууж байсан түүнийг сонгосон хэрэг. Тэрбээр ОХУ-д байнга сууршин ажиллахгүй, ирж, очин байж. Л.Хангайг тийнхүү бие төлөөлөгчийн үүрэг хүлээх үед ОХУ-д Монгол Улсын ЭСЯ ажиллаж байхад давхар бие төлөөлөгч томиллоо гэдэг шүүмж ч дэгдэж байлаа. Гэвч хоёр улсын төрийн тэргүүний уулзалтын өмнөх бэлтгэл ажлыг хангах болон бусад дагалдах ажлыг зохицуулах, хоёр орны олон талт харилцааг хөгжүүлэх талаар шуурхайлах, хүч нэмэх олон ажлыг бодолцож Л.Хангайг бие төлөөлөгчөөр томилсон гэдэг. Мэдээж Элчин сайд болон консулууд өөрсдийн гэсэн үүрэг, ажил хэргийн онцлогтой. Гэтэл бие төлөөлөгчийн ажил, үүрэг тэднийхтэй давхцах магадлал тун өндөр. Тиймээс л тухайн үед бие төлөөлөгчийг нэмэлтээр ажиллуулах шаардлагатай гэдэг тайлбар давхар дагалдаж байж.
Монгол Улсын хувьд НҮБ-д бүртгэлтэй 190 шахам улстай бараг бүгдтэй нь дипломат харилцаа тогтоох зорилтыг бараг 100 хувь биелж байгаа ч тэдгээрээс ердөө 10 гаруйтай нь түншлэл тогтоогоод буй. Энэ дундаа ердөө гурван улс буюу хоёр хөрш болох ОХУ, БНХАУ болон Япон улстай стратегийн түншлэл тогтоосон юм. Тэгэхээр Ерөнхийлөгчийн хувьд стратегийн түншлэл бүхий гурван улсыг сонгон бие төлөөлөгч томилсон нь зүйн хэрэг биз ээ.
Харин энэ удаа ямар шаардлагаар бие төлөөлөгч нарыг томилж байгаа хэрэг вэ? Зам тээврийн сайд асан А.Гансүхийг Монгол Улс, Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын гурван талт хамтын ажиллагаа болон эдийн засгийн коридорын асуудал хариуцсан бие төлөөлөгчөөр нэг жилийн хугацаатай томилсугай гэж захирамжид дурдсан байгаа. Мэдээж энэ нь урд хөршийн төрийн тэргүүний санаачилсан “Бүс ба Зам”-тай холбоотойгоор “гадуурхагдаж, орхигдчихгүй” дотоод, гадаад бодлогын стратегийн чиглэлээ болгож, дэлхийн улс орнуудтай хөл нийлүүлэхийн тулд чиглэл өгч бие төлөөлөгч сонгосон байж болох.
Харин Д.Дагвадоржийн хувьд Монгол Улс, Япон Улсын хамтын ажиллагааны асуудал хариуцсан бие төлөөлөгчөөр мөн нэг жилийн хугацаатайгаар томилогдож байгаа ч үүний үндэслэл, шалтгаан нь одоохондоо бүрхэг. Япон, Монгол хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа 1997 оноос “Иж бүрэн түншлэл”-ийн зарчимд тулгуурлан хөгжиж, харилцааны хүрээ өргөжин тэлснээр 2013 оноос Монгол, Японы харилцаа “Стратегийн түншлэл”-ийн шинэ түвшинд дэвшин, гүнзгийрэн хөгжиж буй. Стратегийн түншлэлийн хүрээнд дунд хугацаанд буюу 2017 он хүртэл хийх ажлаа хоёр тал тохирсон явдал ч бий. Төлөвлөгөөний дунд хугацааны биелэлтийг дүгнэж, урт хугацааны төлөвлөгөөг гаргах шаардлага байж ч болох. Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж байгаад буцсан Шимизү Такэнори гуай биднийг гуравдагч хөршийн харилцаагаа ашиглаж чадахгүй байгаа шүү гэдгийг их л эвтэйхнээр хэлж, сануулчихаад нутаг буцсан. Тэгвэл Япон улстай байгуулсан стратегийн түншлэл, эсвэл гуравдагч хөршийн харилцааг сэргээх хүн нь Д.Дагвадоржийг гэж тооцоолов уу?
Уг нь Японд манай улсын Элчин сайдын яам, тэрчлэн Осака хотноо Ерөнхий консулын газар давхар суурин ажилладаг. Тийм байтал дахин Ерөнхийлөгчийн бие төлөөлөгч ажиллах тулгамдсан шаардлага бий гэж үү. Саяхан л Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр өөрөө явуулын станц болтлоо ажилласан Д.Дагвадоржийг зарим хүн Япон улсад суух Элчин сайдаар томилвол зүйн хэрэг хэмээж байсан. Гэвч дипломат ёс гэдэг сонгуулийн пи-ар-аас өөр учраас энэ удаадаа жилийн хугацаатай бие төлөөлөгч төдийхнөөр томилж байна уу гэх хардлагыг төрүүлээд байгаа юм. Арай л сонгуулийн сурталчилгаанд нөр их хөдөлмөр зарсны урамшуулал нь “БИЕ ТӨЛӨӨЛӨГЧ” байж, боломжийн байвал жилийн дараа улираан шагнах томилгоо биш баймаар юм. Бие төлөөлөгчдийн хувьд хоёр хөрш, тэрчлэн Японд суурин ажиллаж байгаа Элчин сайдын яам, диломат төлөөлөгчийн газруудтай ажил, чиг үүргээ хувааж, хуваарилж аваад харилцан дэм болох байдлаар ажиллан гадаад харилцааг шат ахиулбал сайн л хэрэг. Гэхдээ яг ямар үүрэгтэй байх вэ гэдгээ тодорхой болгож баймааж ажилдаа орохгүй бол өмнөх туршлагаас харвал хэл ам таталдаг л ажил гэдгийг санууштай.
URL: