ОХУ-д суугаа Монголын Элчин сайдын яамны II нарийн бичгийн даргыг Польшид баривчилжээ

ТҮҮНИЙГ БИЕДЭЭ ТАМХИ БОЛОН ХАР ТАМХИ АВЧ ЯВААГҮЙ ГЭДГИЙГ ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНЫХАН МЭДЭГДЛЭЭ-

ОХУ дахь Монгол Улсын Элчин сайдын яамны II нарийн бичгийн дарга А.Батсайхан Польш улсад амарч яваад саатуулагджээ. Энэ талаар Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Д.Ганхуягаас тодрууллаа.

-Манай дипломат ажилтан А.Батсайхан Польш улсад тамхи зөөж яваад баригдсан гэдэг үнэн үү?

-ОХУ-д суугаа манай Элчин сайдын яамны II нарийн бичгийн дарга Авирмэдын Батсайханыг  Польш улсын цагдаагийн газрынхан саатуулсан.  Чухам ямар үндэслэлээр түүнийг саатуулсан талаар тодорхой мэдээлэл ирээгүй байна.

-Польш дахь Элчин сайдын яамныхнаас энэ талаар тодруулсан уу?

-Энэ талаар Элчин сайдын яамныхнаасаа тодруулсан.Тэд тус улсын цагдаагийн газрынхантай уулзаж “А.Батсайханыг ямар нэгэн хар тамхи болон тамхи биедээ авч яваагүй” болохыг нь мэдсэн байна.

-Ямар нэгэн хууль зөрчөөгүй юм бол яагаад түүнийг баривчилж байгаа юм бол?

-Тодорхой мэдээлэл ирээгүй байна.

-Энэ хүн өмнө нь Монгол Улсаас Польш улсад суугаа Элчин сайдын яаманд ажиллаж байсан юм билээ. Өмнө нь тус улсад байхдаа ямар нэгэн хэрэг үйлдсэн юм болов уу?

-Энэ талаар тодорхой мэдээлэл алга. Юутай ч албан тоот илгээж тус улсын хуулийн байгууллагаас тодруулах ажлыг хийж байгаа.

-Тэгэхээр А.Батсайхантай холбоотой мэдээллийг хэзээ өгөх вэ?

-Түүнийг ямар хэрэгт буруутгасныг мэдэхээр манай цагдаа, прокурорынхон бидэнтэй хамтран ажиллаж байгаа. Тус улсын цагдаагийнхан хэзээ хариу ирүүлэхийг мэдэхгүй байна. Хариу ирсэн цагт бид  мэдээллийг  шуурхай олон нийтэд мэдээлэх болно.

-А.Батсайхан ээлжийнхээ амралтыг авч яваад тус улсынханд баригдсан гэдэг үнэн үү?

-ОХУ-д суугаа Элчин сайдын яамныхнаас тодруулахад түүнийг ээлжийнхээ амралтыг аваад явсан гэж хэлсэн. Манай Элчин сайдын яамныхан А.Батсайханы ээлжийн амралтыг авахуулах тухай хүсэлтээ Төрийн захиргаа удирдлагын газарт явуулсан юм билээ. Энэ дагуу амралтаа авсан юм байна.

-Яг хэдийд түүнийг баривчилсан юм бол. Польш улсын хилийг давмагц уу, эсвэл тэнд хэд хонож байхад нь уу?

-Дөрөв хоногийн өмнө баривчилсан байна. Чухам түүнийг хил давмагц уу, хэд хонож байхад нь баривчилсныг мэдэхгүй.

-Дипломат эрхтэй хүнийг шууд баривчилж болдог юм уу?

-А.Батсайханы дипломат эрх нь  ОХУ-ын нутаг дэвсгэрт л үйлчилнэ. Польш улсад саатуулагдахад Элчин сайдын яамны II нарийн бичгийн даргын дипломат эрх  хамаарахгүй.

-Өмнө нь Польш улсад суугаа манай Элчин сайдын яаманд ямар албан тушаал эрхэлж, хэдий хугацаагаар ажилласан юм бол. ОХУ-д суугаа Элчин сайдын яаманд хэзээ томилогдсон юм бэ?

-2003-2007 онд Монгол Улсаас Польш улсад суугаа Элчин сайдын яаманд түр хамаарагчаар томилогдсон. ОХУ-д суугаа Элчин сайдын яамны II нарийн бичгийн даргын албан тушаалд өнгөрсөн жил томилогдон ажиллаж байгаа. Гадаад харилцааны байгууллагад олон жил ажиллаж байна.

-2007 оноос 2010 оны хооронд хаана ямар ажил эрхэлж байсан юм бэ?

-Төрийн ордны ёслолын зөвлөлд ажиллаж байгаад ОХУ-д томилогдсон.

Г.ЯЛГУУН

Тус мэдээллийг бусад хэвлэл мэдээллийн байгууллага хуулбарлан нийтлэхийг хориглоно.

“ӨДРИЙН СОНИН”


URL:

Сэтгэгдэл бичих