Завханы Цагдаагийн газарт олон жил ажилласан дарга нарыг сэлгэжээ

Завхан аймгийн Цагдаагийн газарт томоохон халаа, сэлгээ хийж удирдлагуудыг нь өөрчилжээ. Зуу шахам ажилтантай тус байгууллагын аймагтаа олон жил хамтарч ажилласан, хүчний байгууллагыг хамтдаа олон жил удирдсан дарга нарын “бүлэглэл”-ийн талаар Цагдаагийн ерөнхий газарт мэдээлэл ирсэн бололтой. Энэ дагуу Цагдаагийн ерөнхий газрын даргын баталсан ажлын хэсэг Завхан аймгийн Цагдаагийн газарт ажиллажээ. Ажлын хэсгийнхэн дарга нарын уялдаа холбоо нь бүлэглэл шахуу болсон байгааг тогтоосон бололтой. Тиймээс өнгөрсөн сард аймгийн Цагдаагийн газрын бүх удирдлагыг албан тушаалаас нь өөрчилж, өөр газар руу шилжүүлжээ. Орон нутгийн хүчний байгууллагад өрнөсөн халаа сэлгээг тоймлон хүргэе.

Аймгийн цагдаагийн газрыг дөрвөн жил гаруй удирдсан Ш.Даваасүрэн хурандааг Цагдаагийн ерөнхий газарт шингээхээр явуулжээ. Түүний оронд дэд хурандаа А.Батбаярыг томилсон байна. Тэрбээр өмнө нь Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсийн дэд даргаар ажиллаж байсан юм.

Харин дэд дарга, цагдаагийн хошууч Ц.Ганболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлж Зүүн хараагийн цагдаагийн хэлтэс рүү явахыг зөвлөсөн байна. Завхан аймагт арав шахам жил ажилласан хошууч Ц.Ганболд одоохондоо албан тушаалдаа томилогдоогүй бололтой. Түүний оронд цагдаагийн хошууч, Э.Одхүүг томилжээ.

Мөн Төв аймгийн Замын цагдаагийн тасагт ахлах байцаагчаар ажиллаж байсан цагдаагийн хошууч Н.Үүрийнцолмонг Завхан аймгийн Замын цагдаагийн тасгийн даргаар томилсон байна. Түүнд албан тушаалаа өгсөн цагдаагийн хошууч Ц.Батцогт оронд нь ахлах байцаагчаар томилогдсон байна.

Завхан аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаах албаны дарга цагдаагийн хошууч Д.Хүдэрмөнхийн оронд цагдаагийн ахмад Ц.Мөнхбатыг томилжээ. Тэрбээр өмнө нь Өвөрхангайн Цагдаагийн газарт ахлах мөрдөн байцаагчаар ажиллаж байсан юм. Харин Д.Хүдэрмөнх хошууч мөрдөн байцаагчаар томилогдох бололтой. Ерөнхийдөө энэ удаагийн халаа, сэлгээгээр аймгийн цагдаагийн газрыг удирдаж байсан нөхдүүд ахлах мөрдөн байцаагч, мөрдөн байцаагчийн албанд л бууж байгаа бололтой юм.

Б.ЦЭЦЭ


URL:

Сэтгэгдэл бичих