Хятад улс сануулга өгчээ
Ерөнхийлөгч Ши Жинпин “Хятад улс хөрш орнуудтайгаа хэд хэдэн газар нутгийн маргаантай буй үед тус улс тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг нь зөрчихийг зөвшөөрөхгүй” хэмээн анхаарууллаа. Тэрбээр Хятадын ардын чөлөөт армийн 90 жилийн ойн баяр ёслол дээр нэг цаг орчим илтгэл тавихдаа “Бид хэзээ ч түрэмгийлэх буюу нутгаа өргөжүүлэхийг эрмэлзэж байгаагүй. Гэхдээ гаднын дайралтыг тас цохиж чадна гэдэгтээ итгэлтэй байна. Бид ямар ч хүмүүс, байгууллага, намд Хятадын газар нутгийг задлан бутаргах боломж олгохгүй” хэмээн мэдэгджээ.
Хятадын цэргүүд Зүүн Хятадын тэнгист дахин өрөмдлөг хийхээр болсныг Бээжингээс албан ёсны дипломат шугамаар шаардаж буй үед ноён Ши ийм тайлбар хийсэн байна. Саяхан сайд нарын танхимд өөрчлөлт хийсний дараа Батлан хамгаалахын сайдын үүргийг хавсран гүйцэтгэж буй Гадаад хэргийн сайд Фумио Кишида “Япон, Хятадын хоорондын хил тодорхойлогдоогүй байгаа бүсэд Зүүн Хятадын тэнгист Бээжин дангаараа үйл ажиллагаа явуулж байгаа нь маш харамсалтай хэрэг” хэмээн мэдэгдсэн. Токио өнгөрсөн оны аравдугаар сараас эхлэн эсэргүүцлээ илэрхийлсэн бөгөөд Японы тал хятадууд өрөмдлөгийн төхөөрөмжөө дахин ажиллуулж байгаа нь байнгын тавцан барих эхлэл гэж үзэж байна.
Урт хугацаанд маргаантай байгаа хоёр орны эдийн засгийн бүсийг заагладаг тэнгисийн дундын шугамын орчимд өрөмдлөг эхэлснийг Токио мэдээлсэн. Дундын шугамын Японы талд байгалийн хийн томоохон орд нээгдсэн бүсэд хятадууд арав гаруй өрөмдлөгийн цамхаг босгосон нь үнэ цэнэтэй баялгийг өөр рүүгээ татсан явдал гэж Токио түгшиж буй. 2008 онд хоёр улс хийг хамтран ашиглах зөрчлийг шийдэхээр хэлэлцээ эхлүүлсэн боловч удалгүй зогссон юм.
Хятадын Гадаад хэргийн яам энэ талаар тайлбар өгсөнгүй. Хятадууд Диаоюу, япончууд Сенкаку хэмээн нэрлэдэг уснаас цухуйсан бүлэг хадны талаар маргаан удтал үргэлжилсэн агаад наймдугаар сарын 1-нд Зүүн Хятадын тэнгист загасчлалын улирал эхэлж байна. Загасчлал эхэлсэнтэй холбоотойгоор газар нутаг зөрчсөн гэх хэрэг олширч, загасчид бүс нутгийн хурцадмал байдлын оролцогч болдог аж. Бээжин түүнчлэн Хималайн өндөрлөг дэх Хятад, Бутаны маргаантай хил дээр Шинэ Делийг сөрөн зогсож байна. Энэхүү жижиг улс нь Энэтхэгтэй хөрш бөгөөд эртний холбоотон юм. Хятадын тал өнгөрсөн долоо хоногт байр сууриа зөөлрүүлэхгүй хэмээн мэдэгдээд Энэтхэгийг цэргийн хүчнийхээ талаар “хоосон бодолд автахгүй” байхыг сануулжээ.
Ноён Ши цэргийн шинэчлэлийг өөрийн удирдлагын гол хэсэг гэж үздэг бөгөөд энэ долоо хоногт болж буй ХАЧА-ийг ашиглан зэвсэгт хүчин дэх хяналтаа бататгахыг эрмэлзэж байгаа юм. Тэрбээр ням гарагт ӨвөрМонгол дахь цэргийн баазад ирэх үедээ “ХАЧА эргэлт буцалтгүй Хятадын коммунист намын үнэмлэхүй удирдлагыг дагах ёстой” хэмээн мэдэгдсэн. Тэрбээр авлигын эсрэг тэмцлийн хүрээнд армийн зарим дээд офицерийг зайлуулсан нь өмнөх Ерөнхийлөгч Ху Жинтаог сөрөх чадалтай байсан хүчирхэг бүтцийг гартаа атгах зорилготой юм.
Эмили Фенг, Лео Льюс
Засгийн газрын мэдээ
URL: