Xээрийн замд хэзээ боловсон “00”-той болох вэ?

5i3lqm85bf3i8b9lip1b7aunqb_bБ.ЭНХТУУЛ

Монголчууд бид аливаа зүйлд дасан зохицохдоо амархан улс. Энэ нь биднийг заримдаа гадныханд хээгүй, гүдэсхэн улс гэж харуулах юм. Харин заримд нь хэнэггүй, тэнэгдүү улс гэсэн ойлголтыг төрүүлдэг. Энэ ойлголт нь олон зүйлээс эхтэй. Энгийн нэг жишээ дурдахад, бид жил бүр гадаад, дотоодын жуулчдыг хэрхэн татах вэ? гэж дээр, дооргүй ярьдаг хэрнээ өнөөдрийг хүртэл хот, хөдөөдөө тав тухтай бие засах “00”-ийнхоо  асуудлыг бүрэн шийдчихэж чадалгүй явж ирэв. Энэ нь Монголын тухай улс орон даяараа хөгжих, эс хөгжихийн хооронд бэдчиж яваа ядруухан улс гэсэн ойлголтыг гадныханд өгөөд байх юм.

БОЛОВСОН “00” УЛС ОРНЫ ХӨГЖЛИЙГ ТОДОРХОЙЛДОГ

Магадгүй, өнөөдөр бие засах газар, боловсон “00”-ын тухай ярихаар зарим хүнд дэндүү жижиг асуудал хөндөж байгаа мэт санагдаж болох юм. Тэгвэл “Уучлаарай” гэж хэлмээр байна.  Биднийг байгалийн “00”-д тухалж, өтгөн шингэн маань газрын хөрс, усыг бохирдуулж, өөрсдөө түүгээрээ амьсгалж, хордож  суухад дэлхий дахинд улс орны хөгжлийн түвшинг “00”-ийнх нь асуудлаар тодорхойлдог болчихсон байна. Энэ нь эргээд эдийн засгийнхаа салбарт ч, тухайн орныхоо хүн амын эрүүл мэндийн байдалд ч эерэгээр нөлөөлдөг болсон байна. Тухайлбал, Сингапурт төвтэй дэлхийн “00”-ийн холбоо хэмээх олон улсын ашгийн бус байгууллага аль хэдийнэ энэ талаар судалгаа хийгээд, 2001 оноос хойш “Дэлхийн 00”-ийн өдөр”-ийг хүртэл тэмдэглэдэг болжээ. Мөн дэлхийн олон орон энэ асуудалд анхаарлаа хандуулж, янз бүрийн ажил сэдэж, түүнийхээ үр дүнг үзээд явж байна. Гэтэл бид бахь байдгаараа л сууна.

Хот, хөдөөдөө ихэнхдээ задгай “00”-той. Хүмүүс нь цэгцтэй, замбараатай байя гээд ч улс орон, аймаг сум нь тэр боломжоор нь хангаж өгч чаддаггүй. Улсынхаа  нийслэлд саяханаас л хуруу дарам цөөхөн нийтийн үйлчилгээний  бие засах газартай болсон. Ийм байхад монголчууд бид эрүүл явах тухай яриад ч бараг хэрэггүй биз. Дэлхий дээр 2.6 тэрбум хүн шаардлага хангасан бие засах газар байхгүйгээс гачигдалтай амьдарч байна гэсэн судалгаа гарсан байна.  Харин манай улс энэ судалгаагаар хөгжил муутай орнуудын тоонд жагсчээ. Бүр тодруулбал, Монгол Улс Нэгдсэн үндэстний байгууллагын судалгаагаар ариун цэврийн байгууламжийн хүртээмж, стандартаараа 102 дугаар байрт жагсдаг юм байна.

БАЙГАЛИЙН “00”  ГАЗРЫН ХӨРС, ЭРҮҮЛ МЭНДИЙН ГОЛ ДАЙСАН БОЛДОГ

Монголд гадаад, дотоодын жуулчдын сэтгэлийг татах газар олон. Харин хот, хөдөө, хол ойрын замд зөв боловсон бие засах, шаардлага хангасан “00” хайгаад ч олдохгүй. Аймаг, сумд руу явах автобус унаанд дайгдсан зарим нь хаа нэг таарсан шатахуун түгээх газрын жорлонд бие засдаг. Аль эсвэл замд таарсан зоогийн газрын үүдэнд хальт зогсох хооронд хэдэн арван хүний ард дугаарлан байж, арай гэж биеэ хөнгөлж авдаг. Бусад үед нь ихэнхдээ байгалийн “00”-д тухалдаг. Үүнийхээ хор уршгийг төдийлөн мэддэггүй. Олонх нь ялгадсаа газрын хөрсөнд бордоо болоод шингэдэг гэж ойлгодог. Бидний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөгийг мэддэггүй. Иймд ил задгай бие засах нь ямар хор уршигтайг товч дуулгая. Ил задгай жорлон, байгальд гадагшлуулсан өтгөн шингэнээс дэгдэж буй хүхэр, аммиак буюу шивтрийн хийн агууламж бусад хийнээс өндөр байдаг  гэдгийг эрүүл мэндийн байгууллагынхан хэлдэг. Энэ нь хүчилтөрөгчтэй исэлдэх урвалд орж, агаарт тархдаг аж. Харин бид түүгээр нь амьсгалдаг юм байна. Хорт хийн идэвхтэй байх хугацаа нь дор хаяж 18 сар байдаг нь хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг гол үндэс болдог байна. Мөн хүхэр, аммиакийн давхар исэл нь хөрсөнд нэвчиж улмаар гүний усанд нөлөөлдөг.  Газрын хөрс, усыг бохирдуулахаас гадна хүний эрүүл мэндийг аажмаар устгадаг гол дайсан болдог аж. Ариун цэврийн шаардлага хангаагүй жорлонгийн энэ асуудлаас болж, дэлхийн хэмжээнд жилд дунджаар таван сая хүн нас бардаг гэсэн судалгаа гарсан байна. Энэ нь ихэвчлэн Африк, Энэтхэг зэрэг ядуу буурай улс оронд элбэг гардаг ажээ. Ариун цэврийн шаардлага хангасан жорлонгүй улс орнуудад гэдэсний халдварт өвчин, холер, хижиг зэрэг өвчин элбэг гардаг юм байна. Манай оронд ч бас урин дулааны өдрүүдэд эдгээр өвчлөл элбэг гардаг нь тохиолдлын зүйл биш юм. Энэ нь том жижиггүй ил задгай бие засдагтай  бас холбоотой байж мэднэ.

НЭГ СУМ-НЭГ ЖОРЛОНГИЙН АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭДЭГ БОЛЪЁ

Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхийн 95 хувь нь өөрийн гэсэн бие засах газартай боловч эдгээрийн дийлэнх буюу 97 хувь нь энгийн нүхэн жорлонтой. Энэ нь бас халдварт өвчний тархалт нэмэгдэх шалтгаан болдог гэдгийг эрүүл мэндийн байгууллагынхан хэлдэг. Тэгвэл энэ тоо хөдөөд бүр ч өндөр гарна. Алслагдсан аймаг сумдад хөдөө хээрийн замд битгий хэл, аймаг, сумынхаа төвд ч шаардлага хангасан нийтийн жорлон бараг байдаггүй. Байдал ийм байхад бид, байгаль бохирдуулахгүй ч гээд яахав. Хамгийн гол нь энэ задгай, замбараагүй аргад гадныхан суралцаад зогсохгүй, бидний үр хүүхэд бас дагаж, дуурайгаад явж байгаа нь харамсалтай. Төгсгөлд нь хэлэхэд, Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн хэлтэс, Барилгын хөгжлийн төв хамтран судалгаа хийж, стандартын шаардлага хангасан “Нүхэн жорлон”-той боллоо гэж байсан. Энэ техникийн шаардлага хангасан MNS 5924:2015 стандартын жорлон нь бохироо соруулах боломжтой, жорлонгийн бохирыг газрын хөрсөнд дотогш нь нэвчүүлдэггүй учраас хөрсийг бохир­дуулахгүй байх сайн талтай гэж байсан. Мөн жорлонгийн үнэ барилгын материалаасаа шалтгаалаад 800 мянган төгрөгийн үнэтэй тусч байсан. Тиймээс хээрийн замд хэт задгай яваад сурчихсан монголчууддаа зориулаад энэ мэт ажлаа хөрсөн дээр нь буулгаж, хэрэгжүүлж эхэлбэл яасан юм бэ? Монголчууд бид хэзээ хээрийн боловсон “00”-д тухлах вэ? Ядаж, эрүүл мэндээ бодмоор байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих