Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Засаглалаа хэрхэн тэнцвэржүүлэх вэ
Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр ард нийтийн санал асуулга явагдаж байна. Улсын хэмжээнд энэ хэлэлцүүлэг гураван үе шаттай зохион байгуулагдах юм. Хэлэлцүүлэг Монгол Улсын Их Хурал; Монгол Улсын Ерөнхийлөгч; Монгол Улсын Засгийн газар; Төрийн алба; Шүүх эрх мэдэл; Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлага гэсэн үндсэн зургаан сэдвийн хүрээнд өрнөж байгааг урьд нь мэдээлсэн. Одоогоор Хэнтий, Баянхонгор зэрэг аймагт хэлэлцүүлэг үргэлжилж байгаа бөгөөд төсөлд тусгагдсан Улсын Их Хурал, Засгийн газрын хяналт-тэнцлийг хангах асуудлыг иргэд илүүтэй дэмжиж байгаа аж.
Өөрөөр хэлбэл иргэдийн олонхи нь Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүрэлдэхүүнээ тогтоох, гишүүдийг томилох, чөлөөлдөг байх нь зөв хэмээн үзэж байгаагаа илэрхийлж байна.
Монгол Улсын төрийн институци дотор хамгийн хэврэг субъект нь Засгийн газар. Хэврэг байна гэдэг нь хараат байна гэсэн үг. Үндсэн хуулийн 25-р зүйлийн УИХ өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж шийдвэрлэх асуудлууд дотор “Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, хуульд зааснаар Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг бусад байгууллагын бүрэлдэхүүнийг томилох, өөрчлөх, огцруулах” гэсэн заалт бий. Энэ заалтаас үүдэн Засгийн газар нь бүхэлдээ УИХ-ын барьцаанд , өөрөөр хэлбэл Гүйцэтгэх засаглалын тэргүүний танхимаа байгуулах үндсэн эрх мэдэл УИХ-ын онцгой бүрэн эрх болчихсон байна гэсэн үг. Энэ сонгодог парламаентын засаглалын жишгээр бол тоон дотор үсэг цохьж явна гэдэг шиг ойлголт юм байна.
Монголд нүүрлээд байгаа засаглалын хямралт байдлын уг сурвалж үүнд л буй хэмээн мэргэжилтнүүд үздэг. УИХ-ын хамгийн түрүүнд “шоглодог” газар нь Засгийн газар болсон. Үүний бэлээхэн жишээ гэвэл 1990 оноос хойшхи 24 жилийн хугацаанд нийт 15 Засгийн газар солигдсон бол 2012 оноос хойш УИХ нийтдээ долоон удаа сайд, ЕС-ыг огцруулах асуудлыг хэлэлцсэн байх жишээний. Харин парламентын засаглалтай бусад улс орнуудын хувьд Засгийн газраа аль болох тогтвортой ажиллуулж “шүүсийг нь шахдаг”.
Тухайлбал, Англи улс 1990 оноос хойш 4 дэх Засгийн газартайгаа, Герман улс 1982 оноос хойш ердөө 3 дахь Засгийн газартайгаа өнөөдрийг хүртэл тогтвортой ажиллаж байна.
Хөгжлийн үлгэр жишээ болсон Сингапур улс 1960-аас 1990 оны хооронд Ерөнхий сайд нь солигдоогүй ажиллаж, энэ хугацаанд нэг хүнд ногдох ДНБ-ий өсөлтийг 2310$-оос 14220$ хүргэж чадсан гэхчлэн атаархмаар жишээнүүд олон бий.
1990 оноос хойшхи 24 жилийн хугацаанд нийт 15 Засгийн газар солигдсон бол 2012 оноос хойш УИХ нийтдээ долоон удаа сайд, ЕС-ыг огцруулах асуудлыг хэлэлцжээ.
Улс оронд эдийн засгийн хөгжлийг нуруундаа үүрч явдаг нь Засгийн газар, Ерөнхий сайд, гүйцэтгэх засаглалын тэргүүн байдаг. Гэтэл парламентын засаглалтай бусад орны Засгийн газарт нь байдаг эрх мэдэл Монгол улсад эсрэгээрээ УИХ-ын мэдэлд байдаг. Ердөө ийм урвуу хамаарал бий болчихсон. Парламентын засаглалтай бусад оронд Засгийн газрынхаа оруулж ирсэн төсөв дээр парламент нь алдагдал нэмдэггүй, зардлын шинэ төрөл нэмэх асуудал маш хязгаартай байдаг аж. Манай 76 бол хэтрүүлж хэлбэл бүгд төсөв “захиран зарцуулагч”.
Засгийн газар кабинетын зарчмаар ажиллах ёстой байтал зарим салбарын сайд Засгийн газрынхаа шийдвэрийн эсрэг ганцаарчилсан тоглолт хийх, Ерөнхий сайдынхаа өмнөөс “би УИХ-аас томилогддог сайд, УИХ-д ажлаа тайлагнаж ажиллана” гэж томрох эрх зүйн үндэс хэрэг дээрээ оршин байна.
Энэ мэт дурдаад байвал олон “Но” бий. Тэгэхээр Үндсэн хуулийн өөрчлөлтийн хамгийн чухал асуудал нь парламентын засаглалаа улам боловсронгуй болгох, засаглалын тэнцвэрийг зөв болгох явдал байх нь. Өөрөөр хэлбэл УИХ, Засгийн газар бие биеэсээ хэт хараат бус байдлаар тус тусын ажлаа хийх боломжийг бүрдүүлэх нь улс төрийн тогтвортой байдлыг хангах нөхцөл болно. Үүнтэй холбоотой саналууд төсөлд туссан. Дээр хэлсэнчлэн Ерөнхий сайд танхимаа бүрдүүлдэг байх, сайд нартайгаа хариуцлага тооцдог болно гэхчлэн.
Энэ мэт гажуудлыг засаж арилгах нь Монгол Улсын эрх ашиг болохоос хэн нэг улстөрчийн, эсвэл аль нэг намын эрх ашгийн асуудал огт биш. Засгийн эрхийг ээлж дараалан барьж байсан хоёр намын хувьд Үндсэн хуулийн өөрчлөлтийг өдий олон жил ярьсан хэрнээ яг хийх болох дээрээ АН мэдэгдэл гаргаж, эсэргүүцэв.
Хамгийн гол нь Үндсэн хуулийн тэр дундаа засаглалын тэнцвэрийг хангах хүрээнд Ерөнхийлөгчийн гүйцэтгэх эрх мэдэлтэй давхацдаг зарим эрх мэдлийг хязгаарлахаар байгаа. Тухайлбал, хууль санаачлах, Засгийн газарт чиглэл өгөх эрх нь хязгаарлагдаж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлэх эрх гүйцэтгэх засаглалын тэргүүнд шилжихээр яригдаж байгаа юм.
Урьд өмнө байгуулагдаж байсан ажлын хэсгүүд Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хумих санал оруулж байсан. Энэ нь мөн л гүйцэтгэх эрх мэдэл олон хуваагдаж, зөрчил үүсгээд байна гэж үзсэнтэй холбоотой биз ээ.
Гүйцэтгэх засаглалын хүрээнд яригдаж байгаа өөр нэг өөрчлөлт гэвэл аймгийн Засаг даргыг Ерөнхий сайд сонгодог болох тухай юм. Үүнийг Монгол Улс нэгдмэл улс учраас хариуцлагын тогтолцоог боловсронгүй болгох үүднээс энэ чиглэл рүү явах нь зөв гэж үзэж байгаа. Харин одоо явж байгаа хэлэлцүүлгийн явцаас харахад баг, хороо, тосгоны Засаг даргыг хот болон сум, дүүргийн Засаг дарга томилдог байх нь буруу гэсэн санал нэлээд явж байгаа гэсэн.
Монголд бодитоор нүүрлээд байгаа засаглал хоорондын харилцан тэнцвэр, хариуцлагыг сайжруулах асуудал Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр шийдэгдэхээс өөр гарц үгүй бөгөөд энэ нь улс орны ирээдүйн хөгжлийн төлөв, сонгодог парламаентын засаглалыг төгөлдөржүүлэх том алхам болно хэмээн харж байна.
М.Нэргүй
URL: