М-Си-Эс групп, Сэлэнгэ констаркшны Улаанбаатарыг утаагүй болгох зуух иргэдэд айдас төрүүлж байна
Нийслэл Улаанбаатар хотын утаа үнэхээр хэрээс хэтэрсэн. Үүнийг хэн ч хүлээн зөвшөөрнө. Харин энэхүү утааг хэрхэн багасгах вэ гэдэгт анхаарал хандуулж байгаа хүн улам л багасаад байх шиг. Энэ өвөл нийслэлийн утааг 30 хувь хүртэл бууруулна энээ тэрээ гээд олон юм яриад байсан дарга нар харин ичээндээ орсон баавгай шиг таг дуугүй суух юм. Юун 30 хувь байх вэ дээ. Ядаж 10 хувь бууруулчих боломж байдаггүй юм байх даа гэж хонон өнжин мөрөөдөж сууна. Томчууд яах вэ цэвэр агаарт хотын гадна утаанаас хол байшин сав барьж амьдраад аргаа олчихно. Харин сарынхаа цалинг харж суудаг мань мэт нь нөгөө л утаан дотроо хөвсөн жингүйдсэн хэвээрээ байх юм. Биет хүн үгүйт хүний зовлонг мэдэхгүй гэж юутай үнэн үг билээ.
Уг нь энэ жил Монгол Улсын Ерөнхийлөгч Агаарын бохирдлын тухай хуулийг санаачлаад л бас утаагүй зуух, хагас коксжсон түлш гэх мэтийг хөнгөлөлтэй үнээр “Цэвэр агаар” сангаар дамжуулан борлуулаад байсан. Атал нөгөө зуухнууд нь эхнээсээ ид шидээ үзүүлж эхэллээ. Учир юун хэмээвээс “М-Си-Эс” групп, “Сэлэнгэ констаркшн” компанитай хамтран Турк улсад манай улсын захиалгаар утааг 90 хувь бууруулж, түлшний зардлыг доод тал нь 30 хувь хэмнэх бололцоотой “Өлзий”, “Хас” зуухыг нийлүүлж байгаа.
Энэхүү зуухныхаа талаар тус компанийн Үйл ажиллагаа хариуцсан захирал Л.Ганболд “Манайд одоо гөлмөн төмөр зуухыг түлхүү хэрэглэж байна. Шаталт дутуу, бас хорт утаа ихээр ялгаруулдаг. Харин Турк улсад Монголын захиалгаар хийсэн энэ зуух бол утааг 90 хувь бууруулж, түлшний зардлыг наад тал нь 30 хувь хэмнэх бололцоотой. Зуухны эд анги нь өөрөө Европын холбооны улсуудын өндөр шаардлага хангасан. Шаталтын горим нь дээрээсээ доошоо галлах зориулалттай, ширмэн хийцтэй тул түүхий нүүрсийг бүрэн шатааж, утаа нь цэвэршиж гардаг юм.
Нүдэнд үзэгдэх болон үл үзэгдэх хорт бодисыг бүрэн шатааж, мөн дулаанаа удаан барьдаг. Иргэд түүхий нүүрсэнд өгч байгаа мөнгөө ч хоёр дахин хэмнэх юм. Мөн манай компани зуухандаа хоёр жилийн баталгаа өгч байгаа” гээд л сайхан сайхан үгийг урсгаж байсан юм. Бас болоогүй ээ, иргэдийг зуухаа захиалангуут өөрсдөө хүргэж, угсарч өгнө хэмээж байлаа.
Байлаа гэхийн учир нь дээрх утааг бага гаргадаг зуухыг тавиулсан айлуудаас хоёр ч айлд нь таагүй үйл явдал тохиолоо. Ямар нэг үйл нэг болон түүнээс дээш давтагдахаар тэр нь гэнэтийн зүйл бус харин алдаатай, алдагдалтай чанаргүй бүтээгдэхүүн болжээ хэмээн хэлэгддэг юм билээ. Хамгийн наад захын жишээ татъя л даа, Япон улсын алдарт “Тоёото” компани үйлдвэрлэсэн автомашиных нь эд ангид гэмтэл гарсан нь зах зээлд борлуулагдсаныхаа дараа тодорхой болж дэлхийн зах зээлд борлуулагдсан бүх автомашинаа эргүүлэн татаж байсан. Өнөөдөр тараагдаад байгаа утаа багатай “Өлзий”, “Хас” зуухнуудад яг л ийм алдаа гарч байх шиг байна.
Баримт: 1. Хэдхэн сарын өмнө Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны иргэн Батчимэг утаагүй зуух авч гэр бүлээрээ угаартан эмнэлэгт хүргэгдсэн юм. Тэд уг зуухыг аваад арваадхан хонож байгаад угаартсан байна. Гэр бүлийн зургаан хүн угаартаж нялх хүүхдүүдэд нь таталт өгсөн гэнэ. Хордлого тайлах эмчилгээ хийлгэж эмнэлэгт нэлээд хэд хоног хэвтээд гарсан. Харин тус зуухыг нийлүүлсэн компанийн ажилтнуудын талаар “Хүмүүс ирээд үзээд явсан. Би тэр хүмүүст нь ханан пийшинд суурилуулах хэрэггүй юм байна гэдгийг хэлсэн. Намайг хэвлэлээр битгий тараагаарай гэж байна лээ” хэмээн Батчимэг ярьсан нь бий. Түүнчлэн пийшинг нь буцаан өгч мөнгөө эрүүлэн авснаа ч хэлж байсан. Мөн эргэн тойрных нь утаа бага гаргадаг зуух авсан айлуудын зуухнаас утаа гараад байгаа тухайг ч дуулгасан.
Баримт: 2. Энэ сарын 14-ний өдөр мөн л Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны иргэн Д.Доржмаагийн байшиндаа суурилуулсан утаагүй зуух дэлбэрч, ханан пийшин нь задарсан хэрэг гарчээ. Харин азаар хүний амь нас эрсдээгүй байна. Уг зуухыг Туркийн хоёр мэргэжилтэн ирж, суурилуулсан бөгөөд хэрэглэгч Д.Доржмаа “Галлаад удаагүй, 20-30 минут өнгөрсний дараа зуух гэнэт дэлбэрч, ханан пийшин нурсан. Хар утаа баагьж, бөмбөг дэлбэрч байгаа юм шиг л болсон. Би хоёр нялх хүүхэдтэйгээ амьдардаг. Арга ядаад хүүхдүүдээ айлд орууллаа. Утаагүй зуухыг суурилуулсан турк мэргэжилтнүүд их л магтаж байсан ч ийм зүйл боллоо” хэмээн ярьсан байна.
“Харин галын дуудлагаар газар дээр нь ирж ажилласан Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн зохицуулагч, галын шинжээч С.Энхдаваа “Сүүлийн үед шинэ утаагүй зуух дэлбэрлээ гэх галын дуудлага ихсэх хандлагатай байгаа. Утаагүй зуухны онцлог нь яндангаасаа маш их халдаг. Байшинд амьдарч байгаа иргэдэд эдгээр зуухыг суурилуулахдаа шууд таталтын яндан хийж, давхар ханан пийшинд холбосноос болж дутуу шаталт үүсч, дэлбэрэх нөхцөл бүрдсэн” гэжээ. Тэгэхээр утаа бага гардаг, зардал мөнгө хэмнэдэг энэ зуух харин хүний амь насанд хүрэх магадлал өндөр болж хувираад байна.
Энэ зуухыг хэрэглэж байгаа айл өрх олон болоод байгаа. Тодруулбал Чингэлтэй дүүргийн 7-18 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 9,11-18 дугаар хорооны иргэд энэ зуухыг хэрэглэж байгаа. Гэтэл тэд одоо айдас дунд амьдрах болоод байна. Харин энэ талаар нийслэлийн Агаарын чанарын албаны дарга Д.Мөнхцогоос тодруулахад “Харин тийм зүйл болсон талаар сонслоо. Гэхдээ энэ талаар манайх мэдэхгүй шүү дээ. “Эм-Си-Эс”, “Сэлэнгэ констракшн” компаниудаас асуувал дээр байх аа” хэмээн хариулсан юм.
Ерөөс энэ зуухнаас болж элдэв асуудал дахиад гарвал үйлдвэрлэсэн компани дээлээ нөмрөөд явах нь нэгэнт тодорхой болчихлоо.Уг утаагүй зуухыг дээрх хоёр компаниас гадна Улаанбаатар хотын захиргаа, Мянганы сорилтын сан, Хас банк гээд нийгмийн өмнө хариуцлага хүлээдэг байгууллага, газрууд хамтран хэрэгжүүлсэн төсөл атал хүлээх хариуцлага дээрээ тулахаар дээрх хоёр компани л дээлээ нөмрөх болж таарах нь. Өнөөдөр энэ зуухыг бас утаагүй түлш хэрэглэж байгаа эсэхийг нийслэлийн хороодын хэсгийн ахлагч нар хянаж тэд утааны байцаагч гэдэг албан тушаалыг давхар хашиж байгаа билээ.
Гэтэл утаагүй зуух ид шидээ ийн үзүүлж иргэдэд айдас нөмрүүлж эхэллээ. Уг нь дээрх зуухыг авч Улаанбаатараа утаанаас нь бага ч атугай нимгэлэх гэсэн иргэдийнхээ сэтгэлийг ийнхүү бөхөөгөөд байвал Улаанбаатар Утаанбаатар нэрнээсээ сална гэдэг өдий. “Утаагүй Улаанбаатар” гэдэг бидний мөрөөдөл л төдий сэтгэлд маань хадаастай үлдэх бий дээ.
Б.Анар
ulaanbaatar times
URL: