Б.ГАНЗОРИГ: БЗД-т нөхөн сонгууль болохгүй. Үүнийг мэдсээр байж намын хороо гишүүдээсээ нуух хэрэггүй…

10811
Баянзүрх дүүргийн МАН-ын гишүүд дэмжигчдийн холбооны тэргүүн Б.Ганзоригтой ярилцлаа.
 
МАН-ынхан ерөнхийлөгчийн сонгуулиас хойш дотроо бужигнаад эхэллээ. Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулж чадаагүй учраас ялагдал хүлээлгэсэн хүмүүстэйгээ хариуцлага тооцох нь зөв гэж байх шиг байна. Суулт хөдөлгөөн ил далд идэвхжээд эхэллээ?
Намын үндсэн дүрмийн дагуу орон нутаг, УИХ, Ерөнхийлөгч зэрэг сонгуульд ялагдал хүлээсэн тухайн намын удирдлага огцорч хариуцлага хүлээх заалттай. Тэгэхээр дүрмийн дагуу намын гишүүд үзэл бодлоо илэрхийлж байгаа болов уу. Манай Баянзүрх дүүргийн хувьд мөн адил асуудал тавьж байгаа. Далд хөдөлгөөн өрнүүлээд байгаа юм алга. Бүгд л ил тод явуулж байна.
 
2016 оны УИХ-ын сонгуульд ялалт байгуулахын тулд танай нам мэргэжлийн засгийн газар байгуулах зэрэг олон амлалтыг өгч байж гарч ирсэн. Засгийн эрх авсныхаа дараа бүгдийг эсрэгээр хийгээд эхэлсэн. Тэр нь ард түмэнд таалагдсангүй. Сая ерөнхийлөгчийн сонгуулиар дүнгээ тавиуллаа. Та үүнтэй санал нийлэх үү?
Улстөрч хүнийг байнга сольж байх хэрэгтэй. Мөн улс төрийн намыг ч гэсэн зөв бодлоготой зөв төлөвшилтэй болгохын тулд сайтар ташуур өгч байнга сануулж байх ёстой. 2012-2016 онд манай нам сөрөг хүчин байсан. Сөрөг хүчин байхын зовлонг намын анхан шатны байгууллагын жирийн гишүүд энэ намын төлөө явдаг бүхий л хүмүүс амссан, мэдэрсэн. 2012-2016 оны дөрвөн жилд МАН-ын байрнаас дөлдөг зугтдаг хүмүүс олон байсан шүү дээ. 2016 оны УИХ-ын сонгуульд ялж засгийн эрх авахын тулд МАН амьдралаас ургасан асуудалд ойр, зөв бодлого гаргаж мөрийн хөтөлбөрөө дэвшүүлсэн гэж боддог. Сонгуульд ялахын тулд манай намын анхан шатны байгууллагаас аваад идэвхтэн сонгуультан бүгд л зүтгэсэн дээ. Тэгээд ялсан харин мөрийн хөтөлбөр хэрэгжүүлэх, ярьж хэлж байсан зүйлүүдээ засаг байгуулахаасаа эхлээд өөр зүйл хийгээд явчихсан болохоор энэ ард түмэн чинь тэнэг биш харж л байгаа. Засаг төрийн явуулж байгаа бодлого шийдвэр болгон шууд ард түмний нуруун дээр ирж байгаа болохоор хүмүүс таатай хүлээж авахгүй нь мэдээж. Ер нь тэгээд ч ялсан намын зовлон МАН-д ирсэн ард түмний энэ их итгэлийг ухаантай хөтлөөд даван туулах ажил хийсэнгүй. Дарга харж, даргыг дагаж ажил хийдэг. Цүнх баригчид төрийн ажлыг хийдэг болж, намын гишүүдийнхээ үгийг сонсохоо байсан. Намын анхан шатны байгууллагынхаа гишүүдийн үгийг тоохоо байж тэднийг зөвхөн санал авах сонгуулийн сурталчилгаандаа ашиглах зэргийг хийж ирлээ. Энэ бүхэнд одоо цэг тавих цаг болсон. Зүүн төвийн үзэлтэй манай нам хүн рүү чиглэсэн бодлоготой нам гэж ойлгодог гэтэл хүнээ, гишүүдээ мартаад байна шүү дээ. Бидэнд шинэ удирдлага, шинэ арга зүй, шинэ бодлого, шинэ мэдрэмж хэрэгтэй байна. Яг үнэндээ 2012-2016 оны засаг барьсан АН-ын алдааг бид давтаж байгааг олон түмэн байнга хэлж байгаа, ярьж байгаа. Гэтэл яагаад манайхан үүнийгээ ухаараад нэг ч алхам хийхгүй байгаа нь сонин байна.
 
Баянзүрх дүүрэг дээр ямар асуудал үүссэн юм бэ. Яагаад гэнэт гишүүд дэмжигчдийн холбоо нь идэвхжээд шаардлага болоод явчихав?
Гэнэт гарч ирж байгаа зүйл бол огт биш аль 2012 оны орон нутгийн сонгуульд Баянзүрх дүүргийн МАН ялагдал хүлээсэн цагаас эхтэй зүйл. 2012 оноос өмнө Баянзүрх дүүрэг хэзээ ч орон нутаг болон УИХ, Ерөнхийлөгчийн гэх мэт томоохон сонгуульд ялагдал хүлээж байгаагүй. Манай дүүрэг бол монгол улсын хэмжээнд бодлогын том дүүрэг шүү дээ. Улсын хүн амын арван хувь оршин суудаг гээд боддоо. Ийм том дүүрэг дээр дүүргийн намын хороо дандаа бодлогын алдаа гаргаж ирсэн. Намын анхан шатны байгууллага буюу үүрийн гишүүдийнхээ үгийг сонсохоо байсан. Хугацаат тайлан хурлаа хийдэггүй хийсэн ч мэдээллээ хүргэдэггүй. Анхан шатны байгууллагуудынхаа гишүүдээсээ санал авдаггүй. Дарга нарын бодлого гээд шууд тулгадаг дотоод сонгуулийн чөлөөт ардчилал байхгүй болсон байна. Сонгуульд нэр дэвших хүн нь өөрийн хүн биш бол, намын хороонд мөнгө өгөөгүй бол унагаахын тулд элдэв нэр хоч өгнө, гүтгэж доромжилно, худал цуу үг тараана. Ах дүү, хамаатан садангаараа намын хороонд ажиллаж байна. Хурлаа хий, тайлангаа тавь гэж намын дүрмийн дагуу шаардлага тавиад орохоор намын хорооны хүмүүс маань уурлаж бухимддаг болж. Баянзүрх дүүргийн МАН-ын хороо ямар Э.Бат-Амгалангын хувийн компани биш дээ. Одоо зүгээр хурлаа хийгээд өгчих хэрэгтэй. Авсан шигээ өгч чаддаг соёлтой байх хэрэгтэй.
 
БЗД-ийн МАН-ын гишүүд дэмжигчдийн холбоо дүүргийнхээ намын хороонд хугацаат шаардлага хүргүүлсэн байсан. Хэрвээ шаардлагын хариуг өгөхгүй бол та нар цаашдаа ямар арга хэмжээ авах вэ?
Наймдугаар сарын 05 нд манай холбоонд бичгээр хариу ирүүлэх ёстой. БЗД-ийн МАН-ын хорооны дэд дарга Г.Атармаа бидний шаардлагыг авсан. Хурлаа хийхгүй бид шинэчлэл хийхгүй ээ гэвэл бид дараагийн шатны тэмцлийн хэлбэрийг сонгоно. Магадгүй Баянзүрх дүүрэг Э.Бат-Амгалан, Баярмөнх нарын хамаатан садан хамсаатнаас бүрдсэн хувийн компани шиг намын хороотой нөгөө талдаа жинхэнэ намын анхан шатны байгууллагуудаасаа бүрдсэн гишүүн төвтэй, гишүүн манлайлтай намын хороотой ч болж болно ш дээ. Бид намын дүрмээ хэрэгжүүлж ялагдал хүлээсэн бол тайлангаа тавь, хурлаа хий, даргаа соль гэсэн албан ёсны шаардлага тавьсан.
Аравдугаар сард Баянзүрх дүүрэгт орон нутгийн нөхөн сонгуульд 5 хороо, 6 төлөөлөгч дээр явагдаж байж танай намын хорооны асуудал яригдах юм биш үү?
Бид намын дүрмийн дагуу шаардлага тавьж байгаа. Намын дүрэмд сонгуульд ялагдал хүлээсэн бол тухайн намын хороон дарга шууд намын даргын ажлаа өгөх заалттай. Гэтэл манай БЗД-ийн МАН-ын хороон дарга Э.Бат-Амгалан түүний бүрэлдэхүүн Баянзүрх дүүргийн 28 хорооны намын анхан шатны байгууллагуудынхаа гишүүдийг хууран мэхэлж байгаа. 2017 оны аравдугаар сард Баянзүрх дүүрэг дээр ямар ч нөхөн сонгууль болохгүй. Манай дүүргийн зарим хороодын сонгуулийн маргаан гурван шатны шүүхээр яваад улсын дээд шүүх дээр 2017 оны зургадугаар сарын 21-ны өдөр АН-ын талд шийдвэр гараад манайх ялагдсан байгаа. Үүнийг намын анхан шатны байгууллагын гишүүдээсээ нуугаад л яваа хүмүүс дээ. 2012, 2016 оны орон нутгийн сонгуульд ялагдал хүлээлээ дээр нь ерөнхийлөгчийн сонгуульд том ялагдал хүлээлээ. Ийм байхад намын дүрмээ бариад хурлаа хийгээд тайлангаа тавиад жирийн гишүүдэд нь энэ намыг өгөх хэрэгтэй. Энэ хувийн компани шиг бодлого хэрэгжүүлээд явах юм бол Баянзүрхийн МАН хорин онд дахиад л ялагдана. Энд хэн хохирно гээч жирийн гишүүд л хохирдог юм. Хөлд нь зүтгэж ажиллаж ажилчихаад дөрвөн жил ажилгүй үлддэг хүмүүс шүү дээ. Хорооны хэдэн хэсгийн ахлагчид маань, намын гишүүд л хохирдог.
 
Улс төрийн зорилготой шаардлага жагсаал цуглааны ард ямар нэг улс төрч эсвэл бүлэглэл байж байдаг. Та нарын ард танайхаас сонгогдсон гишүүд ч юм уу эсвэл генсекээ огцор гээд байгаад М.Ганбаатар нар ч юм уу. Эзэд байгаа юу?
Надад болон манай намын гишүүдэд хэн нэгний гар хөл болох ямар ч шаардлага байхгүй. Миний ард намын анхан шатны гишүүд дэмжигчид л байна ш дээ. УИХ-ын гишүүн ч байхгүй, тэр М.Ганбаатар ч байхгүй. Намын эгэл жирийн гишүүд байна. Би захиалгаар улс төр хийхгүй ээ. Надад бас үзэл бодол, үнэ цэнэ гэж байна. Намын байгууллагыг төрд очих гүүр гишгүүр болгосон ашиг хонжоо олох газар гэж харж байгаа хүмүүсээс намаа цэвэрлэх нь зөв гэж боддог. МАН-ын мянга мянган жирийн гишүүд дэмжигчдийн нэг бол би юм. Надтай адилхан бодолтой хүмүүс манай намд олон бий шүү.
Шинэчлэлийн асуудал шаардлагаас чинь болж Баянзүрх дүүргийн намынхан хороондоо зодолдсон гэж байсан.  Та нар намын байрандаа очиж зодоон үүсгэсэн юм уу?
Ямар ч зодоон болоогүй. Гишүүд дэмжигчдийн холбооны хурал Амгалангийн Жанжин клубт болсон. Энэ үеэр хурал эхлэхийн өмнө Баянзүрх дүүргийн МАН-ын хорооны ажлын аппаратын нөхдүүд маань хэрэг эрхлэх газрын дарга, дэд дарга нартайгаа бүрэн бүрэлдэхүүнээрээ ирж намын гишүүдийн хуралд суухгүй байх. Зарим гишүүдэд нь хурал цуцлагдсан, хурал хойшилсон гэх мэтээр зар тарааж аль болох хурал хийлгэхгүй байх гэж ирсэн л дээ. Тэгсэн ч тэд амжилт олоогүй.
Д.Дорлигжав
 
Эх сурвалж. Өдрийн сонин

URL:

Сэтгэгдэл бичих